Баян-Өлгийд үерт өртсөн охид, эмэгтэйчүүдэд НҮБ-аас тусламж өгчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 16

НҮБ-ын Хүн амын сангаас Баян-Өлгий аймагт үерт өртсөн охид, эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг тусламж болгон илгээхээр болж, өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Өнгөрсөн сарын 10-нд Баян-Өлгий аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, 700 орчим хүн үерт автан олон хүн шилжин суурьшсан бөгөөд  тэдний 240 нь нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүд  байсан юм.  Охид эмэгтэйчүүдийн эрүүл  мэндэд зориулан НҮБ-ын Хүн амын сангаас эрүүл ахуйн багцыг хандивлав. Уг багцад ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, оймс, гар нүүрний алчуур, саван болон хамгааллын хэрэгсэл болох шүгэл, баттерейтай гар чийдэн  зэрэг багтжээ.

Уг үйл ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа А.Сүхбаатар,  НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцов.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян “Аливаа гамшиг, ослын үед байнга хамтарч ажиллаж, тусламжийн гараа сунгаж байдаг НҮБ-ын Хүн амын сангийн хамт олонд талархалаа илэрхийлж, хамтын ажиллагаа цаашдаа ч үр бүтээлтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Харин НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлэхдээ, “Аливаа гамшгийн дараа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал онцгой эрсдэлтэй тулгардаг. Гамшгийн үед орлого багасч, суурь хэрэгцээгээ хангах боломж хумигдан, ариун цэвэр, эрүүл ахуйг хангахад нэн шаардлагатай зүйлсийг олж авахад бэрхшээлтэй болдог. Иймд Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан гамшгийн үед тусламж үзүүлэхдээ охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн хэрэгцээ, хамгааллыг хангахад анхаарч, гамшгийн үед болон гамшгийн дараа охид эмэгтэйчүүдийн онцгой хэрэгцээг хангаж, тэдэнд ариун цэвэр, эрүүл ахуйн багц түгээдэг. Энэ удаа ч НҮБ-ын Хүн амын сан  үерт өртсөн охид эмэгтэйчүүдэд тусламжийн гараа сунгаж, гамшгийг даван туулахыг хичээж буй тэдэнд сайн сайхан амьдарч, ариун цэвэр эрүүл ахуйн суурь хэрэгцээгээ хангах хэрэгслийг  өгөх нь чухал гэж үзсэн” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top