Хувийн ЭМД-ын хураамжийн орлого буурсан ч нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 31

Хувийн эрүүл мэндийн даатгалын хураамжийн орлого буурсан ч нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байна. Энэ оны I улирлын байдлаар хувийн даатгалын компаниудын эрүүл мэндийн даатгалын хураамжийн орлого жилийн өмнөхөөс 30.2 хувиар буурч, 227.4 сая төгрөг болжээ. Харин нөхөн олговрын хэмжээ нь жилийн өмнөхөөс 1.5 хувиар өсч, 162.7 сая төгрөг болсон талаар Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ. Улсын хэмжээнд ердийн даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр компаниуд нийт 8.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосны 1.9 хувийг эрүүл мэндийн даатгалын нөхөн олговор бүрдүүлж байгаа аж. Одоогоор хамгийн анхны цогц эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нэвтрүүлсэн нь “Мандал женерал даатгал” компанийн “Жаргалан” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ байгаа юм. Энэ нь Монголд 50 хүртэлх сая төгрөгийн, олон улсад 250 хүртэлх мянган ам.долларын эмнэлгийн үйлчилгээг даатгалаар авах боломжийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл энэ нь "Өндөр үнэтэй эмнэлгийн үйлчилгээг авахад санхүүгийн шинэ эх үүсвэрийг бий болгож байгаа" гэдгээрээ давуу талтай гэж “Мандал женерал даатгал”-аас мэдээллээ.

Дашрамд сонирхуулахад, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахаар гэрээ байгуулсан хувийн 79 эмнэлэг байгаа ба тэдгээр эмнэлэгт иргэд зарим үйлчилгээг нь хөнгөлөлттэй үнээр авах бололцоотой юм. Хувийн эрүүл мэндийн даатгалын нэг онцлог нь амьжиргааны түвшин харьцангуй өндөр бүлэг хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг өөрсдөөр нь санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэснээр ядуу болон бусад эмзэг бүлгийн хүмүүсийн тусламж үйлчилгээнд Төрийн хязгаарлагдмал нөөцийг чиглүүлэх боломжийг нэмэгдүүлдгээрээ давуу талтай гэж үздэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top