Хамтын тэтгэврийг ”Насны хишиг” нэрээр үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 08

-Олон нийтийн зүгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг буцаасанд нь бус буцаах болсон шалтгаанд нь бухимдаж байна. Тэгвэл Сангийн сайдын “саваагүй” үйлдэлд Ерөнхий сайд тайлбар өглөө-

 

Засгийн эрхийг атгаж, улс төрийн үйл явдлыг хүссэнээрээ хөдөлгөх болсон Монгол ардын нам элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэрээх гэж бүхий л арга, замыг эрэлхийлж байна.

Тэгвэл хэн бүхнээс илүү иргэдийнхээ амьдралыг өөд нь татах гэсэн тэдний зарим бодлого, шийдвэр өнөөдөр өөрсдийнх нь хүзүүг ч ороож мэдэх нь. Хэдийгээр тэд зарим зүйл дээр иргэдээ сонсож, гаргасан шийдвэрээ эргэн харж байгаа ч нөгөө талаас хэлсэн үг, хийж байгаа үйлдэл нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлж, бухимдах гол шалтгааныг нь өгөх боллоо.

Үүний тод жишээ бол, МАН-ынхан гурван жил дуншсан, тэр хэрээр хань ижлээ алдсан ахмадуудын хамгийн ихээр хүлээж байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг парламентын босго ч давуулалгүй буцаасан явдал юм. Гэхдээ хуулийн төслийг буцаасанд нь бус буцаах болсон шалтгаанд нь иргэд бухимдлаа илэрхийлж байна.

Сангийн сайдын хэлсэн хариуцлагагүй үйлдэлд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тайлбар хийв. Тэрбээр “Би УИХ-ын гишүүн байхдаа Хамтын тэтгэврийн тухай хууль дээр эсрэг байр суурьтай байсан. Нэр нь бол их сайхан л даа.

Гэхдээ хэрэгжүүлээд эхэлбэл утга нь эсрэгээрээ. Тиймээс МАН мөрийн хөтөлбөртөө Насны хишиг гэдэг тэтгэврийг олгох нь зөв гэж шийдсэн юм. Өөрөөр хэлбэл, ахмадууд маань эмчилгээ сувилгаандаа яваг, урт наслаг.

Тэгээд урт наслах тусам надад тэтгэвэр олгоно шүү гэдэг бодолтой амьдраасай л гэж хүссэн юм. Түүнээс биш хар буруу санах ч юм уу, өмнөх Засгийн газрын бодлогыг үгүйсгээгүй. Тиймээс тэтгэврийг “Насны хишиг” гэдэг нэрээр үргэлжлүүлнэ” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top