Иргэдээс зарим уулзвараар баруун гар тийш чөлөөтэй эргүүлэх талаар санал авна

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 08

Тээврийн хэрэгслийг зарим уулзвараар гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш эргүүлэх талаар иргэдээс нээлттэй санал асуулга явуулахаар болжээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой аж.

Уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл  гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш  чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж,  дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөлөх аж. Гэхдээ ингэснээр зам тээврийн осол гарах эрсдэл үүсч болзошгүйг ч анхаарууллаа.

Эхний ээлжинд Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын эгнээг нэмэгдүүлэн турших боломжтой юм байна.

Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд автомашины шатахуун хэмнэх зорилгоор, Канад улс 2003 онд 9 сарын хугацаанд нэвтрүүлж байсан байна.

Харин өнөөдрийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top