Даатгалын компаниудын хөрөнгө өсч, 201.4 тэрбум төгрөг болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 09

Даатгалын салбарын өсөлт удаашрах хандлагатай байгаа боловч энэ оны II улиралд даатгалын компаниудын нийт хөрөнгө 2015 оны мөн үеэс 18 хувиар өсч, 201.4 тэрбум төгрөг болжээ. Үүнд нийт зургаан компанийн хөрөнгө өссөн нь нөлөөлсөн байна. Нийт хөрөнгийн 80.3 хувийг ердийн даатгалын компаниуд, 16 хувийг давхар даатгалын компаниуд, 3.7 хувийг урт хугацааны компаниуд бүрдүүлсэн талаар Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ. Тайлант хугацаанд 598 орчим мянган иргэн, албан байгууллага даатгалын гэрээ байгуулж, 61.1 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлого төвлөрүүлсэн бол нөхөн төлбөрт 16.4 тэрбум төгрөг олгосон байна. Нөхөн төлбөрийн 44.8 хувийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, 23 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал бүрдүүлжээ. Харин эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр 2.4 хувиар өсч, 353.9 сая төгрөг болсон байна.

Даатгалын салбарт 2015 оны II улирлаас хойш өсөлт нь удаашрах хандлагатай байсан нь энэ улиралд ч үргэлжилжээ. Өсөлтийн хувьд сүүлийн таван жилийн дунджаас доогуур байгаа юм. II улиралд даатгалын хураамжийн нийт орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 0.98 хувийг эзэлж, нэг хүнд ногдох даатгалын нийт хураамжийн орлого 19.9 мянган төгрөг болсон байна. Даатгалын нягтрал, нэвтрэлт нь олон улсын дунджаас харьцангуй доогуур байгаа гэдгийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос онцоллоо. 2016 оны эцэст даатгалын салбарын гол үзүүлэлтүүд 2015 оны эцсээс буурах хандлагатай байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top