Төсвийн тодотголыг баталж, ээлжит бус чуулган өндөрлөв

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 12

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотгол зэрэг чухал хуулийн төслүүдийг баталж, УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хямралын шинжтэй үеийг хохирол багатай даван туулах, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогын чухал шийдвэрүүдийг гаргалаа гэж УИХ-ын дарга мэдэгдсэн юм. Хөрөнгө оруулалтын зардлыг 65 тэрбум төгрөгөөр бууруулж, арьс ширний урамшуулал, Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг 2016 онд үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор урсгал зардлыг 61.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Үүнээс гадна Төрийн өндөр болон улс төрийн, Төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин, бүх шатны шүүхийн шүүгчийн, цалин, нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлыг одоогийн түвшнээс бууруулахгүй байхаар тогтов. Ингэснээр 4.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан төсвийн алдагдлыг 51 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Гэхдээ энэ нь Засгийн газрын анх тооцоолж байснаас хавьгүй бага хэмнэлт болж байгаа аж. Засгийн газраас 2016 оны Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барихдаа 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татварыг нэмэгдүүлэх, 150 ам метрээс том талбай бүхий орон сууц эзэмшигчээс татвар авах зэрэг зохицуулалтуудыг тусгаад байсан юм. Эдгээрээс нийт 200 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрнө гэсэн тооцоог гаргаад байжээ. Гэхдээ төсвийн тодотголд багтсан найман төрлийн татвар нэмэгдүүлэх саналыг буцаах улс төрийн шийдвэрийг МАН-ын бүлэг гаргасан юм.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөгийн түвшинд хадгалан, цаашид үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцолсон юм. Түүнчлэн ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн хүндрэл үүсэхээр байгаа учраас улс орны эдийн засгийн макро орчныг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарах шаардлага тулгарч байгааг Ерөнхий сайд онцолсон юм.

Э.Анхбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top