Ш.Отгон-Өлзий: Монголын брэндүүдийг БНХАУ-ын зах зээлд нэг цонхны бодлогоор гаргана

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 12

Нийгэмд шинийг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгон түүчээлж яваа залуусын нэгэн төлөөлөл болох Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтнаар ажиллахын зэрэгцээ “Монгол брэнд” төслийг санаачлаад өдгөө амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би МУИС-ийг 2004 онд программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. 2013 онд АНУ-ын American Council сургуулийг Хэвлэл мэдээлэл ба Улс төрийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Мөн 2014-2015 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын сургуулийг Төрийн удирдлагын менежерээр төгссөн. Ерөнхийдөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд зургаа дахь жилдээ ажиллаж байна.

-Төрийн албанд ажиллахын зэрэгцээ олон нийтэд хандсан хэд хэдэн ажил хийж байгаа гэсэн. Тэр дундаа “Монгол брэнд” төслийг жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан сайн мэддэг юм билээ. Энэ төслийн талаар сонирхож байна?

-Одоогоор хоёр том санаачлага дэвшүүлээд ажиллаж байгаагийн нэг нь “Монгол брэнд” төсөл юм. Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголдоо бүтээцгээе уриатай “Монгол брэнд” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Төслөө өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлсэн. Энэ төсөл бол үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг бэлтгэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэх гол зорилготой үүсгэн байгуулсан. Бидний үйл ажиллагааны явц болоод дэлгэрэнгүй мэдээлэл www.mongolbrand.mn цахим хуудаст тавигддаг.

-Хэдийгээр төслөө эхлүүлээд удаагүй байгаа ч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд аль хэдийнэ танил болсон. Энэ төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчдийн тухайд?

-Монгол бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 48 аж ахуйн нэгж, байгууллага манай төсөлд үнэ төлбөргүй хамрагдаж, олон нийтийн сүлжээгээр бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ мэдээллийг зураг, текст, дүрс хэлбэрээр дэмжүүлээд ажиллаж байна. Энэ төслийн эхний шат бол дотоодын аж ахуйн нэгж, байгууллагыг өргөн чиглэлээр хамруулах юм. Мөн хоёрдугаар шат болох олон улсын чанар, стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу экспортод гаргах боломжтой болсон бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын том зах зээлд гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд энэ сарын 2-7-нд Эрээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын хамтран зохион байгуулсан Эдийн засаг худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалтад “Монгол брэнд” төсөл албан ёсоор оролцоод ирсэн.

Бид энэ арга хэмжээнд оролцсоноор гурван улсын эдийн засаг, чөлөөт бүсийн асуудал болоод экспортын баримжаатай бүтээгдэхүүн ямар шатанд явж байгааг судалсан. Мөн Хятадын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн байдлаар нийлүүлэхэд манайхаас бэлтгэл ямар хэмжээнд буй, Хятадын талаас тээвэр, ложисток, гааль, татвар зэрэг асуудал ямар бодлогын хэмжээнд явж байгаатай танилцсан юм. Мөн “Монгол брэнд” төслийн хамт олон “Хил дамнасан цахим худалдаа” болон “Гурван улсын худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний форум” салбар хуралдаануудад оролцож Монголд үйлдвэрлэсэн олон улсын чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах, Эрээн хотын Их дэлгүүрт Монгол брэндийн тусгай тасаг нээн худалдаалах асуудлаар ярилцсан.

-Хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнтэй хамтрах тухай ямар яриа, хэлэлцээр өрнүүлсэн бол?

-Мэдээж хөрөнгө оруулагчдыг татах нь хамгийн чухал ажлуудын нэг. Бид энэ үеэр Хятадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдэд Монголын экспортод чиглэсэн төслийг Хятадын зах зээл рүү гаргах ажлыг эхлүүлэх талаар хэд хэдэн яриа хийсэн. Зарим хэсэг нь хамтран гэрээ хийх шатанд явж байна. Бид ажлуудаа багаас нь эхлүүлэх зорилго тавьж ажиллаж байгаа. Эхний  ээлжинд БНХАУ-ын Эрээн хотод Монголын бараа, бүтээгдэхүүнийг чөлөөт бүсийн шугамаар татваргүйгээр нийлүүлж, хуралдаалах санамж бичигт гарын үсэг зурсан.

Ингэснээр ноос, ноолуур, арьс, шир зэрэг Монголд үйлдвэрлэсэн бүх төрлийн бүтээгдэхүүнийг Эрээн хотын Их дэлгүүрт нэгдсэн байдлаар борлуулна. Цаашид Шилийн гол, Хөх хот, Бээжин, Тьянжин, Шинжин гэсэн том хот руу нийлүүлэх хэтийн зорилготой байна. Мөн Хятадад нийтлэг хэрэглэдэг олон улсын худалдааны цахим сүлжээнд Монголын бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор тавьж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ нэгдсэн байдлаар Эрээн хотод нийлүүлнэ гэдэг том боломж. Энэ ажил хэзээнээс хэрэгжих бол?

-Энэ сардаа багтан эхний ээлжийн компаниудыг сонгон шалгаруулж, Эрээн хотын зах зээлд гаргана. Үүний зэрэгцээ борлуулалтаа сайжруулах менежментийг сайн гүйцэтгэснээр Монголын брэндүүд БНХАУ-ын зах зээл рүү нэгдсэн байдлаар, нэг цонхны бодлогоор гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Өмнө нь аж ахуйн нэгж, компаниуд дангаараа Хятадын талтай гэрээ хийдэг байсан. Мөн тухайн үед чөлөөт бүс болоод татварын хөнгөлөлт үзүүлэх татаатай орчин бүрдээгүй байв.

Улс төрийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар сүүлийн жилүүдэд олон удаагийн давтамжтай айлчлал, уулзалтыг хийж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, экспорт, импорт болон гааль, татвараа хөнгөлөлттэй байлгах зэрэг тааламжай, уян хатан харилцааны төвшинд хүрээд байгаа. Энэ нөхцөлд баялаг бүтээгчид экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэг цонхны бодлогоор Хятадын зах зээл рүү гарах цаг нь болсон. Үүнд зөвхөн “Монгол брэнд” төслийнхөн биш монголчууд бүгдээрээ Монгол брэндийг хамтдаа цогцлоож, амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-“Монгол брэнд” төслөөс гадна “Мэргэжлийн боловсролыг дэмжих сан”-г үүсгэн байгуулсан гэсэн. Энэ сан ямар салбар үйл ажиллагаа явуулдаг юм бол?

-2014 онд АНУ-ын Харвардын сургуулийн богино хугацааны сургалтад хамрагдаж, “Digital marketing: Social media and online strategies” сэдвээр мэргэжил дээшлүүлсэн. Тодруулбал, сошиал медиа, сурталчилгааны чиглэлээр тодорхой хэмжээний туршлагатай болж ирсэн. Сүүлийн олон удаагийн сонгуульд нийгмийн сүлжээнд идэвхтэй ажилласан багийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан. Энэ салбарт бас ч үгүй нэлээд туршлага хуримтлуулж байна. Үүнээс гадна Харвардын сургуульд сурч байхдаа тэнд суралцдаг Монгол оюутнуудтай хамтран “Мэргэжлийн боловсролыг дэмжих сан”-г байгуулсан. Энэ сан дэлхийн 100 их, дээд сургууль болон Харвардын сургуульд Монгол хүнийг сургахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Анх Харвардын сургуульд сурч байхдаа энэ санг байгуулсан. 2014 онд сангаа албан ёсоор бүртгүүлсэн. Үүнээс хойш өөрийгөө оролцуулаад есөн залууг Харвардын богино хугацааны сургалтад хамруулаад байна. Харвардын сургууль нь 13 салбар сургуультай. Үүний нэг нь олон улсын оюутнуудад зориулсан богино хэмжээний сургалтыг явуулдаг. Энэ сургалтад ес дэх оюутныг Монголоос хамруулаад ажиллаж байна. Сургалтын хувьд хоёр сард нэг удаагийн давтамжтайгаар хичээллэдэг. Богино хэмжээний сургалт учраас Харвардын сургуульд сурах сонирхол, зорилготой залууст боломж олгох зорилгоор манай сан гүүр нь болж ажиллаж байна. Нэг талаасаа ес гэдэг бага тоо. Нөгөө талаасаа юу ч байхгүй байсныг бодвол ахиц дэвшил гарч байна гэж дүгнэж болох юм.

Д.Цэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top