Төв банк ”Ипотекийн 5 хувийн зээлд санхүүжилт олгохгүй” байр суурьтай байна

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 13

Төв банк арилжааны банкуудын ипотекийн зээлийн санхүүжилтийг түр зогсоогоод байна. Арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийг цаг тухайд нь гаргаагүй, өөр дээрээ хадгалсан, зориулалтын бусаар зарцуулсан зөрчил ажиглагдсан учраас Монголбанкнаас өнгөрсөн наймдугаар сард арилжааны банкуудад шалгалт хийсэн талаар Төв банкны хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаа мэдээллээ. Мөн эдгээр зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагын түвшинд хэлэлцэж, шийдэл гаргасны дараа ипотекийн зээлийн санхүүжилт үргэлжлэн олгогдох юм байна. Үүнээс гадна Төв банк ипотекийн таван хувийн зээлийн санхүүжилтийг цаашид олгохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, төсвийн алдагдал нэмэгдэж, орлого тасалдаж буйтай холбогдуулан Төв банк зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэхгүй байх зайлшгүй шаардлага үүссэн байна. Үүнтэй холбоотойгоор мөнгөний хатуу бодлого баримталж эхэлсэн учраас цаашид ипотекийн таван хувийн зээлээр дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг дэмжихгүй гэж Монголбанк үзэж байгаа юм. Гэхдээ ипотекийн зээлийн хөтөлбөр нь Засгийн газраас баталсан журмын дагуу хэрэгждэг учраас таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нь Засгийн газрын түвшинд шийдэгдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top