Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөхөөс 1.6 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 14

Ажиллах хүчний судалгааны энэ оны II улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 131.9 мянга байгааг ҮСХ-ноос мэдээллээ. Харин Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар 39.4 мянга болсон байна. Үүнээс 29.9 мянга нь ажилгүй иргэд байгаа нь жилийн өмнөх мөн үеэс 1.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Мөн улсын хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 76.2 мянган иргэн шинээр бүртгүүлсэн бол бүртгэлтэй байсан 14.7 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. ҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Харин 44.5 хувийг бүрэн дунд, 30.5 хувийг дээд боловсролтой харин долоон хувийг техникийн болон мэргэжлийн боловсролтой иргэд эзэлсэн байна. Түүнчлэн Монголд хэрэгжиж буй томоохон төслийн хүрээнд ажлын байр нэмэгдэж байгааг онцлох хэрэгтэй. Тухайлбал, Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш шинээр 1000 гаруй ажлын байр бий болсон бол он дуусахаас өмнө дахиад 500 ажлын байр шинээр бий болгох тооцоотой байгааг "Rio Tinto" группийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх "Invest Mongolia" чуулганы үеэр онцолж байсан.

Үүнээс гадна дундаж цалин оны II улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тодруулбал, нэг ажиллагчид ногдох сарын дундаж цалин тайлант хугацаанд 888 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд нийт 37.2 мянган аж ахуйн нэгжийн 576.5 мянган ажиллагчид хамрагдсан. Үүнээс 28.1 мянга нь 192 мянган төгрөг хүртэлх харин 57.9 мянга нь 192-300 мянган төгрөгийн цалинтай байна. Өөрөөр хэлбэл нийт ажиллагчдын 15 хувь нь 300 мянга хүртэлх төгрөгийн цалин авч байна. Харин өнгөрсөн онд ажиллагчдын 16.2 хувь нь энэ хэмжээний цалинтай байжээ. Түүнчлэн нийт ажиллагчдын 17.5 хувь нь 300-500 мянга, 35.6 хувь нь 500-900 мянга, 17.9 хувь нь 900 мянгаас нэг сая 300 мянга, 4.2 хувь нь 1.3-1.5 сая, 9.8 хувь нь 1.5 саяас дээш төгрөгийн цалинтай байна. 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд өнгөрсөн оны энэ үед нийт ажиллагчдын есөн хувийг эзэлж байжээ. Дашрамд дуулгахад, Хөдөлмөр, ниймгийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сард 240 мянган төгрөг байхаар тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top