Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1.4 их наяд төгрөгт хүрэв

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 19

Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.6 тэрбум төгрөг буюу 1.03 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд ТОП-20 индекст багтдаг “АПУ” ХК-ийн хувьцааны ханш 17 хувиар, “Сүү” ХК-ийн үнэлгээ 39, “Монгол Шуудан” ХК-ийн үнэлгээ 62 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. "АПУ", "Сүү" компаниудын хувьд энэ онд хувьцаагаа хуваах шийдвэр гаргаснаар хувьцааны арилжаанд идэвхжил бий болж үнэ ханшийн түвшин ч мөн өссөн байна. Мөн "Монгол Шуудан" компани нэмэлт хувьцаа гаргах замаар Төрийн эзэмшлийн хувь хэмжээгээ худалдсан нь эрэлтийг бий болгож, үүний үр дүнд хувьцааны ханш огцом өсчээ. Нийт зах зээлийн үнэлгээний 89.6 хувийг 30 компани бүрдүүлж байгаагаас уул уурхайн салбарын компаниудын үнэлгээ зах зээлийн үнэлгээний өсөлт, бууралтад шууд нөлөө үзүүлж байгаа аж. ТОП-20-д багтдаг “Таван толгой” ХК, “Шивээ овоо” ХК, “Бэрх уул” ХК-уудын хувьцааны ханш энэ хагас жилд тус бүр 63, 52, 70 хувиар буурчээ. Энэ оны эхний хагас жилийн зах зээлийн үнэлгээнд хувьцааны арилжааны үнийн дүнг харьцуулан хөрвөх чадварыг тооцсон дүн 0.93 нэгж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.53 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Хөрвөх чадварын түвшин өсөхөд “Монгол шуудан” ХК-ийн 33.8 сая ширхэг хувьцааг 6.26 тэрбум төгрөгөөр хувьцааны анхдагч зах зээлд арилжсан нь нөлөөлсөн бөгөөд энэ нь нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 47.3 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top