Ж.Эрдэнэбат: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 21

2017 оны төсвийн төсөл, хямралыг давах Онцгой хөтөлбөрийн төслийг боловсруулж байгаа талаар Засгийн газраас мэдээлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзаж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр “Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно. Тэгэхдээ одоогийн журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл метр кв гэсэн хязгаарлалтыг 100 метр кв болгоно” гэж онцолжээ. Түүнчлэн шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай саналуудыг УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй "Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөнд" тусгаж, ажил хэрэг болгоно гэж Ерөнхий сайд онцолсон юм. Татварын бодлогыг эргэж харах, зээлийн хүү бууруулах гэхчлэн эдийн засгийг сэргээх олон боломж байгаа талаар санхүүгийн салбарынхан Ерөнхий сайдад санал болголоо. Мөнгө санхүүгийн бодлогыг чангалах нь эдийн засагт сөрөг үр дагавартай гэж үзэж байгаагаа банкны салбарын төлөөллүүд мэдэгдэв. Мөн хөрөнгийн зах зээлд оролцох сонирхолтой компаниудад татварын таатай орчныг бий болгож, корпорацийн бонд гаргах ажлыг дэмжих хэрэгтэй гэсэн саналыг уулзалтад оролцогчид хэлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top