Шадар сайд төрөлх сургуулийнхаа ойд зочиллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 23

БХИС-ийн түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр тус сургуулийг төгссөн, ажиллаж байсан төрийн түшээд, бизнесмен, ажил хэрэгч эрхмүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ажиллагаа боллоо.

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Монгол улсын ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил, Ш.Түвдэндорж нарын тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл төрөлх сургуульдаа хүрэлцэн ирж, Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ сургуулийнхаа өнөөгийн удирдлага, хамт олонтой уулзаж, чин сэтгэлийн яриа өрнүүллээ.

Тус сургуулийн 1989 оны төгсөгч, эдүгээ Монгол Улсын шадар сайд хэмээх эрхэм албыг хашиж яваа У.Хүрэлсүх “Эх орны төлөө” хэмээх ганцхан уриагаар зүрх сэтгэл хөглөгддөг, хоорондоо ойлголцдог, харилцдаг сургуулийнхаа үе үеийн төгсөгчиддөө баярын мэнд хүргээд, эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа насаараа үнэнч байж, эр хүн шиг эр хүн болгож төлөвшүүлсэн сургуульдаа үргэлж талархаж явдгаа хэлсэн үгэндээ дурдсан юм.

Төгсөгчид сурч байсан үеийнхээ жанжин тугандаа хүндэтгэл үзүүлж, “Тэмүүжин өрлөг” сургуулийн сонсогчдын жагсаалын үзүүлэх сургуулийг үзэхдээ өөрийн эрхгүй омогшиж, сэтгэл нь хөдөлсөн харагдлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top