УБТЗ өрийн асуудалд орох нь тодорхой боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 14

 “Жаст”-ын Ш.Батхүү гэх нөхөр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “УБТЗ”-аа барьцаалан 34 сая  ам.доллар “Стандарт” банкнаас зээл авсан гэх асуудал өнгөрсөн 2013 оны наймдугаар сард олон түмнийг хэсэг бужигнуулсан. Угтаа бол одоогоос зургаан жилийн өмнө Өмнөд Африка салбараас 140 сая ам.доллар залилан авсан нь хожим 2013 онд сөхөгдөж нийгмийн анхаарлын төвд орсон юм.

Энэхүү өрийн талаар Арбитрийн шүүхээс манай улсын засгийн газар болон УБТЗ-ын удирдлагуудад шүүхийн тоот бичиг явуулж, өр төлбөрөө яаралтай барагдуулахыг шаардсан тухай эх сурвалж мэдээллээ.

ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар тухайн үед энэ асуудлыг хөндөн ярихдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэргийг одоогоор шүүхийн байгууллагаар шалгаж байгаа. Мөн УБТЗ-ын асуудал ч яригдаж байна. Ямартай ч Стандарт банкны зүгээс “Эрдэнэт” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан гэдгийг хэлээд байгаа. Харин “Жаст”-ын Ш.Батхүү өөрөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бидэнд УБТЗ-ын тухай янз бүрийн мэдээлэл ирж байгаа. Энэ бүх асуудлыг шүүхийн байгууллага тогтоосны дараа тодорхой асуудлууд яригдах байх” гэж байв. 


Ямартай ч одоогийн байдлаар олон нийтэд мэдэгдсэнээр бол “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг Лондоны Арбитрийн шүүхээс хуурамч биш болохыг нь тогтоосон талаар гадаад, дотоодын хэвлэлүүд ил болгож тавьсан.

Тэгвэл үүний араас тухайн үед УБТЗ-ын даргаар ажиллаж байсан Т.Очирхүү бас холбогдох магадлалтай хүмүүсийн нэг болчихоод буй юм. Ийн хэлэхийн учир 2013 оны долоодугаар сард энэ хэрэгт Монголын талаас шинжээч томилогдон баталгааны гарын үсгийг хуурамч мөн эсэхийг нь шалгаж эцэслэн тогтоосноор нэр бүхий хүмүүс уг хэрэгт холбоотой болох нь батлагдсан гэж мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан. Тэгэхээр миний гарын үсэг биш хэмээн хэлж байсан дарга нар “Жаст”-ын батлан даагч болж гарын үсэг зурсан гэдэг баталгаа нь ч Өмнөд Африкийн “Стандарт” банкинд цагаан цаасан дээр дурайтал бичсэн нь хөдөлшгүй баримт болно гэдгийг тус банкны зүгээс манай Засгийн газарт хэлж байгаа юм билээ.

 
Тэгэхээр энэ бүх үйл явдал Англи улсын нутаг дэвсгэрт болсон учраас тэд харьяаллын дагуу эл хэргийг яаралтай шийдэж батлан даагчийн гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийн гарын үсгийг баталгаажуулж мэлзэх аргагүй байдалд оруулаад байна гэсэн үг юм. Тэгэхээр тухайн үед манай шинжээчид Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нарын гарын үсгийг баталгаатай гэдгийг нь тогтоосон мөртлөө мөрдөн байцаалтын ажиллагаа явуулалгүйгээр энэ хэргийг хав дарсан бол энэ нь өөрөө ноцтой асуудал болж хувирч мэдэх юм. Ингэж хэлэхийн учир нь хэрвээ дээрх хүмүүсийн гарын үсэг үнэн болох нь батлагдсан бол тэд улсын хөрөнгийг бусадтай бүлэглэн улсад их хэмжээний хохирол учруулсан гэх ял зэм хүртэх нь гарцаагүй. Тухайлбал, 2013 онд УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү хэвлэлд дараах ярилцлагыг өгч байсан юм. Тэрбээр “2006 оноос “Жаст” манай төмөр замд сар болгон 6000-7000 орчим тонн дизель түлш нийлүүлж байсан. Үүнийхээ л төлбөрийг бид тус компанийн данс руу хийж байсан. Төлбөрийг бид “Хадгаламж” банк болон “Стандарт” банкинд хийж байсан. Энэ л гэрээг зээлийн батлан даагч болсон гэж андуураад байх шиг байна” хэмээн ярьж байсан юм. 

Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн араас “УБТЗ” гэх том саалийн үнээ маань бас л өр төлбөрийн асуудалд орох нь гарцаагүй болчихлоо. 


Ямартай ч эдийн засгийн байдал хүндхэн, инфляци хасах утгатай гарсан нь эдийн засаг байж болох хамгийн доод хэмжээндээ хүрснийг илтгэж байгаа. Энэ нь Монголд худалдан авалт бараг байхгүй болсныг харуулж байна. Иймэрхүү эдийн засгийн нөхцөл байдалтай байгаа хүндхэн үед Жастын Ш.Батхүүгийн өрийг хэн дарах вэ?

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(59.153.115.27) 2016 оны 10 сарын 16

Unem uu yadag humuus wr

0  |  0
Top