Хонины нэхий БООДОЛ БОХИНЫ ҮНЭГҮЙ болсны учир...

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

Монголын арьс ширний салбар энэ жил 10 дахь жилдээ бие даасан үзэсгэлэнгээ зохион байгуулах гэж байна. Арьс ширний салбарт сэтгэл зүрхээ зориулан ажилладаг мянган мянган үндэсний үйлдвэрлэгчид өнөөдөр дотоодын хэрэгцээгээ хангахын тулд өдөр, шөнөгүй ажилласаар л байна. Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар, загвар эрс сайжирсан нь энэ салбарын хамгийн том ололт. Харин хүндрэл бэрхшээлийг нь энгийн хүмүүс тийм ч сайн ойлгодоггүй. Туул гол руу бохироо урсгадаг гэсэн муу нэрнээсээ салахын тулд тэд өнөөдөр техник, технологоо сайжруулсаар л байна. Ингээд Арьс ширний салбарыг олон жилийн турш удирдаж, сайн мууг нь үүрч яваа Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцсанаа толилуулъя.

-          Арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулаад энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байна. Тэгэхээр энэ жилийн үзэсгэлэнгийн онцлогийн талаар товч танилцуулахгүй юу?

2006 онд Шинжлэх ухаан мэдээллийн төв дээр Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид анхныхаа үзэсгэлэнг зохион байгуулж байлаа. Үүнээс хойш бид өнөөдрийг хүртэл жил бүр алгалгүй зохион байгуулж байна. Сүүлийн дөрвөн жил ноос ноолуурын холбоотой хамтарч зохион байгуулж байгаа. Харин энэ жилийн хувьд хэвлэлийн үйлдвэрийн холбоотой хамтрахаар болсон нь үзэсгэлэн маань жил ирэх тусам өргөжиж байгааг харуулж байгаа юм. Цаашдаа бид үзэсгэлэнгээ улам өргөжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг бүх аж ахуйн нэгжүүдийг оролцуулдаг болно.

Үзэсгэлэнгийн үеэр ноос ноолууран бүтээгдэхүүний хувьд 10-70 хувь хүртэл бараа бүтээгдэхүүнээ хямдруулахаар болсон.

Арьс ширний салбарын хувьд тийм хямдрал байгаа, дээрээс нь бид Баасан, Бямба, Ням гарагуудад худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч нарынхаа дотроос супер хонжвор буюу Iphone7 маркийн утасны эзнийг шалгаруулна. 50000 төгрөгийн худалдан авалт тутамд нэг сугалаа өгч тэрхүү худалдан авагчид дотроосоо нэхий дээл, савхин дээл, савхин куртик, арьсан цүнх, гутал, хэтэвч, бээлий зэргийн эздийг тодруулах юм. Үүгээрээ хэрэглэгч та үндэснийхээ үйлдвэрийг сонгоочээ гэсэн уриалгыг хүргэж байгаа юм.

Мөн бид Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй авсан бондын мөнгөө юунд зарцуулсан бэ гэдгээ энэхүү үзэсгэлэнгээр тайлагнана.

Өөрөөр хэлбэл, бондын мөнгө авсан аж ахуйн нэгжүүд энэхүү үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, оролцож байгаа гэсэн үг л дээ. Зээл авсан үйлдвэрүүд тэр мөнгөөр технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ сайжруулсан байгаа. Мөн Увс, Эрдэнэтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань үзэсгэлэнд оролцохоор ирнэ гэдгээ илэрхийлсэн. Боловсруулсан арьс хийдэг аж ахуйн нэгжүүд оролцоно. Тэгэхээр энэ жил нэлээд өргөн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна даа.

-          Арьс шир, ноос ноолуур, хэвлэх үйлдвэр гээд нэлээд өргөн хүрээнд үзэсгэлэнгээ зохион байгуулах нь ээ. Харин тус бүр хичнээн үйлдвэр, аж ахуйн нэгжүүд оролцох хүсэлтээ ирүүлээд байгаа вэ?

Хэвлэлийн компаниудын хувьд манай үзэсгэлэнд анх удаа орж байгаа учир одоогоор 5-6 аж ахуйн нэгж оролцоно гэсэн хүсэлтээ ирүүлээд байна. Арьс ширний салбар, ноос ноолуураас тус бүр дал гаруй аж ахуйн нэгжүүд оролцоно. Тэгэхээр нийтдээ 140 гаруй үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнээс та худалдан авалт хийгээд дээрээс нь азтан болох боломжтой гэсэн үг юм.


-ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ БАРААГ ГАНЗАГААР ЗӨӨДӨГ МАНАЙХ ШИГ УЛС ДЭЛХИЙД БАЙХГҮЙ-


-          Монгол улс 50 сая малтай. Харамсалтай нь гуравхан сая хүний гутал болон арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дангаараа хариуцаж чаддаггүй. Би үүнийг хамгийн түрүүнд төр засаг аж ахуй нэгж, үйлдвэрийн салбараа анхааралгүй орхигдуулсных юм болов уу гэж боддог юм. Та харин юу гэж боддог вэ?

Монгол улс арьс ширний салбараа анхаарахгүй байна гэдэгтэй би санал нийлэхгүй. Харин Монгол улс үйлдвэржилтийг анхаарахгүй байна гэвэл санал нийлнэ. Өнөөдөр Монгол улсад багаар бодоход гурван сая гутал импортоор орж ирдэг. Гааль дээр очоод Монголд хэдэн гутал орж ирсэн бэ гэвэл 700 мянга орчим л гэх байх.

Цаана нь хоёр сая гаруй гутал татваргүй орж ирж байна.

Гэхдээ Монгол улс импортын тавхан хувийн татвартай. Харин хойд хөрш болох Оросын импортын татвар 40 хувь, Хятад бас л 40 хувь. Тэгэхээр гадаад худалдаагаа шударга байлгахгүй бол дан ганц арьс шир биш бүх үндэсний үйлдвэрлэл цаашид хөгжихгүй. Нөгөөтэйгүүр Монгол шиг хүнсний болон өргөн хэрэглээнийхээ барааг ганзагаар зөөдөг улс орон Дэлхийд байдаг ч юм уу. Бараг л байхгүй дээ. Мөн манайх шиг комиссын бараа гэдэг нэртэй хувцсаар иргэдээ хувцаслаж байгаа орон байхгүй. Өнөөдөр бид комиссын бараа гэдэг нэртэй хүний хэрэглэж байсан, магадгүй үхчихсэн хүний хувцас өмсөөд л явж байна. Нөгөө тэнгэрлэг Монголчууд хаана байгаа юм. Энэ бол төрийн бодлого байхгүй байгаагийнх.

Дээрээс нь ижил төрлийн бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжийг нь бий болгож өгөх хэрэгтэй. Яаж гэхээр нэгт, бид аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, худалдааны татвар, аюулгүй ажиллагааны зардал, НӨАТ гээд маш их мөнгө төлж байна.

Харамсалтай нь импортоор орж ирж байгаа хиймэл арьсан цүнх, гутал ямар ч татвар төлдөггүй.

Татвар төлдөг бараа татвар төлдөггүй бараатай яаж өрсөлдөх юм бэ. Хоёрт, Монголд арьс боловсруулаад экспортлохоор НӨАТ төлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын буцаан олголт байхгүй. Гэтэл бид НӨАТ-таа арьс, цахилгаан, ус гээд бүх зүйлээ шингээж байгаа хэрнээ экспортлохоор НӨАТ-ын буцаан авалт байхгүй. Энэ салбарын хөгжиж чадахгүй байгаа гол зүйл нь энэ. Нөгөөтэйгүүр, хуурамч бараа бүтээгдэхүүнийг тодорхойлдог болох хэрэгтэй. Бидэнд уламжлал байх ёстой.

Өмнөх Засгийн газрын үед цемент, зөгийн бал, ажлын гуталд татвар тогтоосон.

Яг үүнтэй адил импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнд татвар тогтоох ёстой. Яахаараа бид тавхан хувийн татвар авдаг, тэд 40 хувийн татвар авах ёстой юм. Саяхан Японд гааль худалдааны хэлэлцээр зохион байгууллаа. Үүнтэй адил Хятад, Орос хоёртой гааль, худалдааны тарифын хэлэлцээр байгуулах ёстой. Манай хоёр хөрш үнэхээр том зах зээлтэй. 300 сая гуталны зах зээл хойно байна. Бид нарт гурван сая гуталны зах зээл байна.

Тэгэхээр бид импортоор орж ирж байгаа бараатай өрсөлдвөл гурван сая гутал хийж болно гэсэн үг.

Магадгүй ОХУ-руу дахиад гурван саяыг гаргая л даа. Нэхий дотортой өвлийн гутал гаргаж болно шүү дээ. Ингээд бид зургаан сая гутал хийж чадвал монголд байгаа бүх үхэр, адуу, ямааны арьс борлогдоод түүхий эдийн үнэ суга өснө. Мөн ОХУ-руу татваргүй болчихвол нэхий дээл хийгээд гаргаж болж байгаа юм. Дээрээс нь монголчууд малаа эрүүлжүүлэх ёстой. Үхрийн арьсны 40 хувь нь цоорхой байна. Хоньны арьсны 60 хувь нь хачиг, шумуул, хувалзны сорвитой.

Яагаад малчид стандартын цаг хугацаанд нь малдаа ариутгал, тарилгыг нь хийлгэхгүй байгаа юм?

Нэхийгээ яагаад хаяад байна гэхээр шаардлага хангахгүй байгаа болохоор л тэр шүү дээ. Үйлдвэр малчдаас 100 ширхэг арьс худалдаж аваад урсах зардлаа оруулаад, боловсруулаад гаргаж ирсний дараа 80 нь ямар ч шаардлага хангахгүй. Тэгэхээр энэ 80 арьсыг яах вэ? Ердөө 20 нь л шаардлага хангадаг.

Социализмын үед 280 мянган нэхий дээл хийгээд ОХУ-руу экспортолдог байсан.

Одоо арай гэж л 20 мянган нэхий дээл хийж байна. Яагаад гэхээр шаардлага хангасан, хонины арьс байхгүй болчихсонд л гол асуудал нь байгаа юм. Бүгд хатуу үстэй, хэдэн жил болчихсон хөгширч байгаа малаа нядалдаг. Малаа эргэлтэнд оруулдаггүй. Малаа яаж эргэлтэнд оруулах ёстой вэ гэхээр эрийг нь нядалж борлуулаад, эмийг нь худалдаж авах ёстой байхгүй. Гэтэл малчид ийм зүйл хийхгүй байна.

-          Малчдад энэ талын ойлголтыг хэн өгөх ёстой юм бэ?

Төрөөс хууль гаргаж байж л ойлгуулна. Өөрөөр хэлбэл, үржлийн бус эр малд нь татвар тогтоож өгөх ёстой. Тэгэхээр малчин үржлийн бус эр мал тэжээлгүй, залуугаар нь нядлаад, эм мал буцааж худалдаж аваад байна шүү дээ.

Энэ нь өөрөө эргэлт болж өгч байгаа юм.

Ийм л төрийн бодлого, төрийн зохицуулалт бидэнд дутаад байна. Сүүлийн үед хүмүүс чөлөөт бүс гэж их яриад байна. Хатуухан хэлэхэд монголд чөлөөт бүс хэзээ ч байгуулагдахгүй. Хоёр том хөрш бидэнд чөлөөт бүс байгуулж өгөхгүй ш дээ. Тэд өөрсдийнхөө зах зээлийг хамгаална. Тэгээд ч бид чөлөөт бүсээр дамжуулж бүтээгдэхүүн экспортолж чадахгүй. Дээрээс нь дотоодын үйлдвэрээ бодлогоор илүү дэмжээд, бондын зээлийн эргэн төлөлтийг хийх тэр дэд бүтцийг нь бий болгоод, үйлдвэрлэгч нараас санал аваад ажиллавал болохгүй зүйл байхгүй.

Зүгээр нэг яамны мэргэжилтэн юм уу газрын дарга юу хийх вэ гэж бодох ямар ч шаардлагагүй.

Дотооддоо том тоглогч болж байж, бид гадны зах зээлд тоглоно. Ноолуураар авч үзвэл Говь, Гоёо бол дотооддоо том тоглогч болж чадаж байна.Тэд гадны зах зээл дээр гарч болж байна. Гэтэл жилдээ 50 мянган гутал үйлдэрлэж байгаа газар гадны зах зээл дээр өрсөлдөнө гэвэл хэцүү.

Дотооддоо байгаа үйлдвэрүүдээ том болгохын төлөө ажиллах ёстой.

ЖДҮ гэдэг үгийг бүр хаях хэрэгтэй. Зүгээр л үйлдвэрийн газар л гэж байх ёстой. Аль болохоор үйлдвэрийг томруулах ёстой болохоос том, жижгээр нь ангилах ёсгүй.

ЖДҮ байх ёстой юу гэвэл тийм.

Тэд хэн байх ёстой вэ гэхээр үйлдвэрийн туслан гүйцэтгэгчид байх ёстой. Жишээ нь гутал үйлдвэрлэдэг байлаа гэхэд зөвхөн улыг нь хийдэг, наадаг, эсвэл үдээсийг нь хийдэг ч юм уу. Харин гутлын үйлдвэр тэр жижиг зүйлсийг худалдаж аваад гутал хийж зардаг. Ийм л байх ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр ЖДҮ яаж байна гэхээр, улаа өөрөө нааж байна, оёж, эсгэж, клоток татаж, бүх зүйлээ л өөрсдөө хийж байна.

Ингэхээр нөгөө хүмүүсийн хүсээд, нэхээд байдаг стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн болж чадахгүй байгаа юм шүү дээ.

Харин үйлдвэрт загварын агентлаг, маркетинг, борлуулалтын алба байх ёстой. Худалдааг нь хийж байдаг тусдаа хүмүүс байх ёстой. Ингэж байж хөгжинө. Үйлдвэр ЖДҮ-ийг ажлаар хангах ёстой.

Өртөг хэрхэн багасгах вэ гэдгийг Ф.Энгельс, Карл Маркс зэрэг аль эрт хүмүүст хэлээд өгчихсөн ш дээ.

Дээрээс нь төрийн худалдан авалт гэж зайлшгүй байх ёстой. “Made in Mongolia” гэсэн шошготой бараа гаднаас орж ирэхийг болиулах ёстой. Тэгсэн цагт эдгээр үйлдвэрүүд, үйлдвэрлэгчид хөгжинө. Хөнгөн үйлдвэрийн салбар улсад тийм ч их татвар төлдөг газар биш.

Гэхдээ ажлын байрыг бий болгодог.

Монгол хүн ажилтай бол орлоготой, орлоготой бол амьдрана. Уул уурхай бол татвар бий болгодог болохоос ажлын байрыг бий болгодоггүй. Тэгэхээр улс бол хөгжлийн олон хөлтэй байх ёстой гэж л би хэлэх гээд байна л даа.

-          2013 онд Арьс ширний салбарт Засгийн газраас бондын мөнгөнөөс 140 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнийхээ хичнээнийг нь авч чадсан бэ. Авсан мөнгөөрөө арьс ширний салбарт хэрэгтэй хөрөнгө оруулалтыг хийж чадав уу?

2014 оны есдүгээр сараас эхлээд бид бондын мөнгөнөөс 90 гаруй тэрбум төгрөг авсан. Түүний 70 хувь нь эргэлтийн мөнгө байсан. Үлдсэн 30 хувь буюу 27 тэрбум төгрөг нь тоног төхөөрөмжийн зээл байсан.

Аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмж, технологио  сайжруулсан.

Мөн Хятадаас оруулж ирдэг байсан химийн бодисынхоо оронд хаягдал бага ордог, байгаль экологит сөрөг нөлөө багатай европын химийн бодисыг хэрэглэж эхэлсэн. Монголд арьс ширний салбарт Итали, Испани, Турк, Энэхтхэг, Солонгосчууд ажиллаж байна. Байр талбайгаа ч сайжрууллаа, энэ бүхэн нүдэнд ил харагдана.

Үндэсний үйлдвэрлэгчдийн бүс, гуталны дийлэнх нь өөрийн гэсэн савалгаатай, шошготой болсон байгаа.

Дотооддоо хүүхдийн гутлаа нэлээд сайн хийдэг болсон. Мөн тендерийн гуталны дотрийг бүрэн хангаж байна. /хилийн цэрэг, цагдаа, батлан хамаалах/ Хамгийн сүүлд бид хаягдлаараа цавуу хийж эхэлсэн. Үхрийн арьсыг голоор нь хуваагаад, дээд талын хэсгийг нь хаядаг байсан юм. Одоо харин түүгээрээ цавуу хийгээд, Хятад улс руу экспортолж байна. Хэдийгээр бондын мөнгөтэй хамаагүй боловч энэ бол бидний хувьд дэвшил.

-          Энэ жил их сонгуулийн жил байлаа. Ийм үед хөдөө аж ахуйн салбар гэлтгүй төрийн бүх л салбарт хөл хөдөлгөөн орж, нэг хэсэг л учраа олохоо байдаг. Танай салбарын сайдаар П.Сэргэлэн гэж хүн томилогдоод бараг гурван сарын нүүрийг үзэх гэж байна. Та бүхэнтэй уулзаж, ярилцав уу. Хөнгөн үйлдвэрийн салбарт хэр анхаарал хандуулж ажиллана гэж байх юм?

Сайдтай бид гурван удаа уулзсан. Эхнийх нь Ерөнхий сайд бизнес, төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзахад, дараа нь арьс ширний салбарынхан салбараа танилцуулж сайдтай уулзсан. Харин саяхан П.Сэргэлэн сайд бүх эрдэм шинжилгээ, аж үйлдвэр, дээд сургуулийнхныг тус тусад нь хүлээж авч уулзсан.

Яам арьс шир, ноос ноолуур, хэвлэлийн үзэсгэлэнг дэмжиж байгаа.

Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл бас дэмжигч байгууллагаар оролцож байна. Зохион байгуулагчаар Арьс ширний холбоо, Хэвлэлийн холбоо, Мишээл экспо ажиллаж байна. Сайд солигдох хамаагүй л дээ.

Газрын дарга, мэргэжилтнүүдийг л төдийлөн солимооргүй байгаа юм.

Манай салбарт мэргэжилтэн сүүлийн арав гаруй жил солигдоогүй. Гэхдээ газрын дарга солигдохоороо ажилтайгаа танилцаж аваад, шинээр юм хийх гээд гаргаж ирээд байгаа юм. Уг нь шинэ зүйл гаргах гэхээсээ илүүтэй урдны даргын хийж байсан сайн зүйлийг нь үргэлжлүүлээд, сайжруулаад явах уламжлал хэрэгтэй. Харин хамгийн түрүүнд Нарантуул зах, Sunday плаза, Сөөхий дээр зарагдаж байгаа импортын бараа татвараа төлсөн үү үгүй юу гэдэгт л хяналт тавих учиртай юм.

-ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНИЙН ӨСӨЛТ, БУУРАЛТ ЯМАР НЭГ НАМ ГАРЧ ИРСЭНТЭЙ ЯМАР Ч ХАМААГҮЙ-

-          Саяхан хонины нэхий өлөнтэйгөө 100 төгрөг болсон тухай сошиалаар цуурсан. Үнэхээр тийм зүйл болсон хэрэг үү?

Монголчууд зуны цагт хэзээ ч малаа муулж иддэггүй байсан ард түмэн. Яагаад гэхээр малын арьс нимгэн, тарз болчихсон байдаг юм. Нэг үгээр хэлбэл чанарын шаардлага хангадаггүй. Зуны өлөн бас л маш нимгэн байдаг. 

Мал таргалах тусам өлөн бүдүүрдэг.

Ингэхээрээ шаардлага хангаад эхлэж байгаа юм. Одоо өлөн 2700 төгрөг. Хонины нэхий 200-300 төгрөгний үнэтэй байгаа. Харин манай Дархан минж, Дархан нэхий нарийн буюу нарийвтар ноостой хонины нэхийг 600-700 төгрөгөөр авч байна. Бүр нарийн ноостой хонины нэхийг 6000 төгрөгөөр авах боломж байна. Харамсалтай нь үржил селекц нь алдагсанаас болоод таваарлаг бус малтай болчихсон. Нэхий өнөөдөр үнэхээр боодол бохины үнэгүй болсон нь үнэн. Яагаад гэвэл малчид малаа сайжруулахгүй байна, маш их хачиг хувалзтай байна. Тэгээд өвчилтийн үеийн гэмтэл маш их гаргадаг. Арьсаа сайхан давслаад хатаахгүй, өлөнг нь дотор нь хийгээд муудуулчихсан байх жишээтэй. Энэ нь тухайн түүхий эдийг үнэгүйдүүлээд байгаа байхгүй юу. Аль нэг нам тухайн түүхий эдийг үнэгүйдүүлж байгаа, эсвэл өсгөж байгаа асуудал ерөөсөө байхгүй. Монгол арьсны худалдаачид л хонины арьсыг Дэлхийн зах зээл дээр унагаж байгаа юм.

-          Нэг салбарын үзэсгэлэнг 10 жил тасралтгүй зохион байгуулжээ. Та бүхэнд асуудал байгаа. Гэхдээ энэ салбарын сайн сайхан, дэвшилттэй, урагшилж байгаа зүйлсийн талаар яриад энэхүү ярилцлагаа өндөрлүүлье гэж бодож байна?

Бид дөрвөн жил БНХАУ-ын арьс ширний салбартай хамтраад, арьс шир боловсруулдаг үйлдвэрийн ажилчид, технологчдыг сургалтанд хамруулсан. Голланд руу бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг арьс ширний салбарын хүмүүсийг мөн сургалтанд явуулсан. Мөн тус улстай хамтраад адууны арьсан дээр маш том туршилтыг сүүлийн гурван жил хийгээд явж байна.

Энэ бол Адуу мал гэсэн Монгол брэндийг үүсгэж байгаа юм.

Мөн тэдэнтэй нийлээд адууны дэл, сүүлийг боловсруулдаг үйлдвэр байгуулж байна. Цаашдаа бид ямааны арьсыг ноолуурыг нь гадагш нь боловсруулаад, технологийг нь нутагшуулна гэж бодож байгаа. Мөн Европын байгаль орчинд сөрөг нөлөөтэй химийн бодис ашиглахаар эхлэлийг нь тавьчихсан явж байна. Испанийн харважино, Италийн биохимирка, Швейцарийн кларент, Германы штал, Туркийн сархим гээд том том эмийн үйлдвэрүүд монголын арьс ширний салбартай хамтарч ажиллаж байгаа.

Цаашдаа гутал, үсний салбар түлхүү хөгжих боломжтой гэж харагдаж байна.

Сая АСЕМ-аар Вьетнамчууд ирээд хамтарсан үйлдвэр байгуулъя гэсэн. Энэ нь одоо ажил хэрэг болоод судалгааныхаа түвшинд төсөл болоод явж байна. Мөн одоогийн энэ түүхий эдийн уналт 5-6 жилийн циклтэй явж байгаа.

Гэхдээ үргэлж ийм байхгүй, өснө.

Мэдээж малчид малаа эрүүлжүүлэх байх. Туркэд гурван оюутан бэлдээд авчихсан, одоо ажиллаж байна. Дахиад ч гурван оюутан тэнд сурч байгаа. Арьс ширний салбарт сайн сайн боловсон хүчнүүд бэлтгэгдэж байгаа гэж ойлгож болно. Нөгөө талдаа арьс ширний салбарт ажиллаж байгаа хүмүүс шигшигдээд үлдчихсэн, жинхэнэ сэтгэл зүрхээ өгсөн хүмүүс л одоо ажиллаж байна. Дээрээс нь яам салбараа сайн судалж байна. Тэгэхээр манай салбар тун үр дүнтэй, гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэж байгаа.

Ярилцсан: Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baska(122.201.21.221) 2016 оны 10 сарын 19

Undesnii uildverleliig hugjuuleh ajild ni smjilt husie!

0  |  0
Top