Нийслэлийн Засаг дарга 100 хоногт хийсэн ажлаа танилцууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан  нийслэлийн удирдлагын шинэ багийн 100 хоногт хийсэн ажлаас 25-ыг нь онцлон танилцуулж  байна.

Засаг даргын хувьд ажлаа авснаасаа хойшхи 100 хоногт “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө батлуулан,  ажиллаж байна. Улаанбаатар бол 1 375 000 хүн амтай том хот. Тиймээс эхлээд хүнийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх  нь чухал.  Миний гаргасан бүх шийдвэр, хийсэн ажлууд иргэдийнхээ эрүүл, аюулгүй  байдлыг хангахад чиглэсэн” гэдгийг нийслэлийн Засаг дарга онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  1. Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн  Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар  хотын Захирагчийн ажлын  албаны бүтцийн санал оруулж, хэлэлцүүлэн батлуулав.
  1. Нийслэлийн удирдлагууд УИХ-ын нийслэлээс сонгогдсон гишүүд, НИТХ-ын төлөөлөгчидтэй “Нийслэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр зөвлөлдөх уулзалт хийв. Нийслэлийг хөгжүүлэх нэг зорилготой энэхүү зөвлөлдөх уулзалтаар Улаанбаатар хотын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн зорилтыг  ярилцаж, ирэх 4 жилд хийх ажлаа танилцуулж, харилцан санал бодлоо солилцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан санал хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллах болов.
  1. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг НИТХ-д өргөн барьж,  2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит III хуралдаанаар  хэлэлцүүлэн,  батлуулав.  Хөтөлбөрт Улаанбаатар хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай,  Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц  дүр төрхтэй,  зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болох зорилт дэвшүүлсэн.
  1. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллав. Цэцэрлэг, сургуулийн  хүрэлцээ хангалтгүй байгаа нийслэлийн дүүрэг, хороодын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор төрийн бус өмчийн зарим цэцэрлэгт шинээр 3087 хүүхдийг элсүүлэн суралцуулав. Дөрвөн байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулж, бүртгэлийг “Шилэн” болгов. Мөн Улсын төсвийн тодотголд 1, 4 тэрбум төгрөг суулгаж батлуулсан.
  1. Хавдар судлалын үндэсний төв, “Элэг бүтэн Монгол” сантай хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж авах  1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийн  50 хувь Улаанбаатар хотын иргэд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг шийдсэн бөгөөд ирэх оны эхээр нийслэлийн дүүрэг бүрээс сонгогдсон  20 иргэнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийнэ. 
  1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор баруун, зүүн дөрвөн замын уулзвар, Гэсэр сүм, Саппорогийн уулзваруудаар байнга баруун тийш эргэх  хөдөлгөөнийг нээж,  тэмдэг заалт тавих ажлуудыг хийлээ.
  1. Залуусыг ажлын байраар хангах, “Нэг өрх-нэг ажлын байр бодлого” хэрэгжүүлэх  ажлын хүрээнд  “Ажлын байрны өдөрлөг” зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.  Нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээж, иргэдээ орлоготой болоход онцгойлон анхаарна.
  2. Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах ажлыг зохион байгуулж, байнгын пост болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллалаа.
  1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  дэргэд “Хэвлэл мэдээллийн төв” байгуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа байгууллагуудын мэдээллийг нэг дор төвлөрүүлж, нэг шугамаар хүргэх зорилгоор энэхүү төвийг байгуулсан. НИТХ-ын хуралдаан, Засаг даргын зөвлөлийн хуралдаан зэрэг Хангарьд ордонд болж байгаа бүх хурлыг шууд хүлээн авах боломж бүрдүүлж, иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүллээ.
  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн гомдол, маргааныг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/690 дүгээр Захирамжаар байгуулав.
  1.  “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав. Энэ  үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2016-2020 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, “Никитон”, “Камертон” хамтлагуудыг урьж, оролцуулав. Энэхүү өдөрлөгт нийслэлийн  7000 гаруй иргэн оролцсон байна. Нийслэлийн хүн амын 40 гаруй хувь нь залуучууд. Тиймээс цаашдаа залуучуудад чиглэсэн урлаг, соёлын үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлнэ.
  1. Нийслэлийн  Засаг даргын хувьд иргэдтэйгээ 14 хоног тутамд уулзаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж ирлээ. Иргэддээ ойр, нээлттэй Засаг дарга  байж, хуримтлагдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх бодлого барин ажиллаж байна.
  1. Гудамж төслийн хүрээнд Дулааны 3-р цахилгаан станцын баруун хойд талын 1,5 км замыг Яармагийн гүүртэй холбож,  хөдөлгөөнийг  нээгээд байна.
  1. Шастины нэрэмжит  3-р эмнэлгийн урд талд орчин үеийн стандарт бүхий 140 машины авто зогсоолыг иж бүрнээр нь шийдэж, ашиглалтад орууллаа. Богино хугацаанд хийсэн энэ зогсоол эмнэлгийн байгууллага, иргэдийн талархлыг хүлээсэн  юм.
  1. Толгойтын эцсээс Орбит хүртэл барьж буй төмөр бетонон гүүрийг өнгөрсөн долоо хоногт нээж, үлдэгдэл хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна.
  2. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд  Сүхбаатар дүүргийн 160, Хан-Уул дүүргийн 53, Баянгол дүүргийн 96, 98, Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг, Налайх дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны хорооллын цэвэр усны шугам, нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны гадна халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамын гэмтэл болон цэцэрлэгийн дээврийн  засварыг хийж дуусав.
  1. Дүнжингарав хорооллын инженерийн байгууламжийн доголдлыг арилгаж, иргэдээ халуун, хүйтэн устай, тав тухтай, дулаан амьдрах боломжийг хангалаа.
  1. Европын сэргээн босголт банктай Улаанбаатар хотын дэд бүтцийг барьж байгуулах, хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах болон хаягдал ус цэвэршүүлэх тал дээр хамтарч ажиллахаар боллоо.
  1. Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн хөгжүүлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдсэн 200 мянган хүн амьдрах боломжтой төв болгон хөгжүүлнэ. Цаашид  Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус бүр 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 суралцагч сурах боломжтой МСҮТөв,  Бизнес төв барих юм. 
  2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээ хохиролгүй болгох,  төслийг цаашид  “Зөв шийдэл, зөв төлөвлөлтөөр явуулах” бодлого барин ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүдэн  гэр орон, хашаа байшингүй болсон  400 өрх, иргэний асуудлыг  өвлөөс урьтаж шийдэх ажлыг хэрэгжүүлж,  эхний ээлжинд 235 айлыг  дамжин өнгөрөх, түрээсийн түр орон сууцанд орууллаа. Цаашид дахин төлөвлөлтийг иргэдийнхээ эрх ашгийг нэгт эрэмбэлсэн шийдлээр үргэлжлүүлнэ.
  1. Хот тохижилтын ажлын хүрээнд  Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 километр  төмөр замын хамгаалалтын зурвас, төмөр замын  2 талаар Сибирийн  4 метр  өндөртэй 8000 нарс мод тарив. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч , Хонхтой цэцэрлэгт хүрээлэн болон  Клиникийн  2-р эмнэлгийн  урд нарс мод тариад байна.  Цаашид нийслэлээ “Ногоон хот“ болгоно
  1. Богд уулын аялагчдын замыг тохижуулж, ашиглалтад хүлээн авлаа.  Цаашид байгалиа дээдэлсэн, соёлтой аялал жуулчлалын бүсийг бий болгох, “Спортлог Улаанбаатар” болох ажлыг шат дараалан хийнэ. Багийн спортыг бүх талаар дэмжиж, шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болно.
  1. Мишээл экспо төвд “Намрын ногоон өдрүүд”, бүх дүүрэгт  “Алтан намар” үзэсгэлэнг  бүх дүүрэгт зохион байгууллаа. Энэ нь нэг талаар иргэдээ чанартай, хямд хүнсээр хангаж, нөгөө талаар тариаланчдаа дэмжсэн сайхан  ажил боллоо.
  1. Зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилгын асуудалд онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулан,  зөрчлөө арилгах шаардлагыг  аж ахуйн нэгжүүдэд хүргүүллээ.
  2.  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд  УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.37) 2016 оны 10 сарын 18

KHIIJI BUTEESEN , SHINEER KHIIKH ZUYLIIN SANAA SEDEL DAANCH ALGA DAA , SAIN SAIKHAN BUGDIIG ZOGSOOJI , GATSAASNAA L KHIISEND TOOTSDOGUY YUM BOL. YANA DAA KHUURKHII NIIISLEL MINI

0  |  0
зочин(103.9.90.130) 2016 оны 10 сарын 18

хөөрхий дөө, даана ч нүдэнд харагдаж, гарт баригдаж сэтгэлд хүрэх ажил нэг ч алга даа. Буулгасан нурааснаа тайлагнавал илүү юм бгаа шүү харин

0  |  0
Top