МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, СУИС-ийг хувьчлах уу

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

АН засгийн эрх барьж байх хугацаандаа төрийн өмчийн их дээд сургууль болох МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, СУИС-ийг хувьчлах гэж оролдсон билээ. Ингэснээр төсвийн ачааллыг бууруулж, тухайн сургуулиудын менежментийг сайжруулна гэж үзэж байв. Тэгвэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ,  үндэсний эдийн  засгийн  бүтэц, онцлогтойгоо нийцсэн мэргэжилтэн  бэлтгэх төрийн бодлого алдагдаад удаж байгаатай хэн ч маргахгүй билээ. Гэтэл үүн дээрээ төрийн гэх хэдэн сургуулиа хувьчилж, бизнесийн буюу ашгийн байгууллага болгож хувиргах гэсэн оролдлого нь нэг ёсондоо том тэнэглэл болох шахсан юм. Сургалтын төлбөрийн өсөлт хяналтаас гарч, их, дээд сургуулиуд өөрсдийн хүссэн тарифаа оюутнуудад тулгана гэсэн үг. Сургалтын төлбөр нэмэгдэхээс эхлээд оюутан залуучуудад л хор хохирол нь бууна.

2012 оноос хойш их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг 2.5 дахин, оюутны дотуур байрны төлбөрийг хоёр дахин нэмчихээд байгаа гэдэг баримт бол боловсролын талаарх бодлого хэрхэн завхарч, оюутан залуучуудад ирэх дарамт, төлбөрийн ачаалал хэр их нэмэгдсэнийг шууд илэрхийлнэ. 

Өнөөдөр сургалтын төлбөрийн асуудал Монголын ихэнх гэр бүлд том дарамтыг үүсгэх болсон. Жил ирэх тусам сургалтын төлбөр өсч байна. Төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлогод их дээд сургуулийн төлбөрийн өсөлтийг инфляциас хамааран 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар болсон гэх боловч энэ нь хэрэгжээгүй юм. Сургалтын төлбөр жил бүр дундажаар 12-13 хувиар өсч иржээ. АШУИС гэхэд л сургалтын төлбөрөө өнгөрсөн жилийнхээс даруй 26 хувиар өсгөсөн байна.

Ихэнх сургууль орчин үеийн  чиг хандлагаас хоцорсон,  сургалтын  хөтөлбөр ,  арга  техник нь  цаг үеээ даган шинэчлэгдээгүй,  оюутнуудад мэдээлэх  өгөх  ном,  сурах бичгээр  хангах оновчтой  тогтолцоо бүрдээгүй,  ихэнхи тохиолдолд  сурах орчин  ачааллаасаа хэтэрсэн гэсэн  дүр төрх өнөөдрийн бодит байдал юм. Тэгвэл үүнийг шийдэх гарц нь төрийн өмчит сургуулиудыг хувьчлах ёстой гэсэн байр суурь ихээр гарах боллоо. Төр өөрийн үүргээс чөлөөлөгдөж, төрийн их дээд сургуулиудыг хувьчлах нөхцөл тэгвэл МАН-ын эрх барьж байх үед бүрдэх үү. Хариулт нь үгүй бололтой. Юу гэвэл, МАН өөрийн мөрийн хөтөлбөртөө тусгайлан “Төрийн өмчийн томоохон их, дээд сургуулиудыг хувьчлахгүй” тусгайлан оруулж өгчээ.

Мэргэжилтэн бэлтгэдэг их,  дээд сургууль,  коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн  төвүүдийг хувьчлах тухай биш, харин тэднийг чанаржуулах, хөгжүүлэх шаардлага бий болчихоод байгааг МАН-ын бодлого тодорхойлогчид хэрхэн хэрэгжүүлэхээс хамаарч энэ тухай дахин сөхөгдөх эсэх нь хамаарах болжээ. 

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top