“ЛААЗ ӨШИГЛӨЖ” БУЙ ЕВРОП

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

Евро бүсийн орнуудын ажилгүйдлийн түвшин энэ оны эхний есөн сарын байдлаар  10.8 хувьтай гарчээ. Европын холбооны гишүүн 28 оронд 22 сая 631 мянган иргэн ажилгүй байгаагийн 17 сая 323 мянга нь евро бүсийн орнуудад ногдсон байна. Есдүгээр сард евро бүсийн 17 оронд 131 мянган хүн “лааз өшиглөхөөр” болсон ч ажилгүйдлийн түвшин наймдугаар сарынхаас 0.1 хувиар буурсан нь 147 мянган ажлын байр шинээр бий болсонтой холбоотой байв. Энэ оны наймдугаар сард 10.9 хувьтай байжээ.

Ажилгүйдлийн түвшин 25.0 хувьтай Грек, 21.6 хувьтай Испани бусдыгаа тасархай тэргүүлж, хөрш зэргэлдээ Португал 15.4 хувиар удаалж байна. Хөдөлмөрийн насны хүн амын 4.5 хувь нь ажилгүй байгаа Герман, 4.8 хувиас бусдыг нь ажилтай болгосон Чех улсууд бусдыгаа чирж, дундаж үзүүлэлт 10.8 хувьтай гарахад гол үүрэг гүйцэтгэжээ. Мөн Мальт (5.1), Их Британи (5.3) улсад ажилгүйдлийн түвшин бусдаасаа бага байна.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад 23 оронд ажилгүйдэл буурч, дөрвөн оронд нэмэгдэж, Австрид тогтвортой байсан гэсэн дүн гарав. Испани улс 24.0-өөс 21.6, Эстон 8.0-аас 5.7 хувь болгож, хамгийн олон ажлын байр бий болгосон улсаар тодорсон бол Финланд, Франц, Бельги, Румынд ажилгүйдэл нэмэгдсэн байна.   

Европын холбоо байгуулагдсанаас хойш ажилгүйдлийн түвшин 12 хувьд хүрч дээд амжилт тогтоож байсантай харьцуулахад сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд байдал дээрдэж байгаа гэдэг нь дээрх баримтаас харагдаж байна. Гэвч санаа зовоосон нэг сэдэв хэвээр байгаа нь 25-аас доош насны залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин өндөр байгаа явдал юм. 

Европын холбооны гишүүн орнуудад эдүгээ 4.5 сая залуу ажилгүй байгаагаас 3.1 сая нь евробүсийн орнуудад байна.Энэ насны залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин 22.1 хувьд хүрчээ. Германд 7.0, Австрид 11.0, Данид 11.2, Голланд, Эстонд 11.5 хувьтай гарсан нь хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байгаа бол Испанийн залуучуудын бараг тал нь буюу 46.5 хувь нь ажилгүй байгаа юм.       

            Европын холбоо нь дэлхийн бодлогыг тодорхойлох эдийн засгийн том нэгдэл мөн боловч ажилгүйдлийн хэмжээгээр АНУ-аас хол хоцорсон хэвээр байна. Нэгдсэн улсад ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сарын байдлаар 5.1 хувьтай байгаа юм. 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top