Эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийн нэгийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19

Сүхбаатар дүүргийн I хороонд энэ сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны байранд хамт байсан арван хүнийг хутгалж, 40 сая төгрөг болон бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн ноцтой зэвсэгт дээрмийн гэмт хэрэг гарсан юм. Үүнийг голлон зохион байгуулсан, уриалан дуудсан гэж үзэж буй дөрвөн этгээдийг Цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. 

Долоон иргэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэдгийг урьдчилсан мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Уг гэмт хэрэг дээр гурван хүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа талаар өчигдөр ЦЕГ-аас мэдээлсэн билээ.

Тэгвэл Орхон аймгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна.

Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top