Хар хилэн хөшигний ард найруулсан ХАРГИС жүжгийн туслах дүрд тогломооргүй байлаа...

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

Сонгуулийн явцад санал өгөх иргэдийн тоо буурсан нь өнгөрөгч бүрэн гүйцэт дүн нь гараагүй сонгуулийн явцаас тодорхой харагдаж байна. Өмнө нь 1000 км-ын цаанаас ч урьд шөнө нь давхин ирж байсан хөгшин бий. Ингэхдээ тэрээр “итгэл, үнэмшилтэй, өөрийн хийсэн сонголт ард түмний амьдралд сайнаар нөлөөлнө хэмээн боддог байсан” гэх. Харин энэ удаа “100-хан метр ч явж саналаа өгөөгүй ба гэрээсээ ч цухуйсангүй бололтой.

Тэгвэл сонгуулийн ирц хүрэхгүй байгаад эрхбиш дүгнэлт хийх цаг болжээ.

Сонгуулийн ирц хүрсэнгүй, “Орк”-уудаас болж төчнөөн сургууль, цэцэрлэг барих төсвийн мөнгө салхинд хийслээ гэнэ.  Яахав дээ, тэртэй тэргүй үнэ цэнэгүй үлдэх итгэлээ өөртөө авч үлдсэн сонголтынхоо төлөө “орк” нэр зүүх ёстой юм бол зүүхээс ч биш яахав. Бид угаасаа сонголт хийх эрхтэй, түүнийгээ ямар нэгэн хавчлага, шахалт дор “Хэн нь ч яахав дээ” гэсэн байдлаар хийж байсанд орвол итгэл даах чадвартай хүнээ ирэх тэр мөчид л сонголтоо хийх нь зөв хэмээн бодох юм. Сонгуулийн насанд хүрсэн гэх цагаасаа л идэвхтэй хандаж улс төрийн бүх намд тэнцвэртэй хандаж, аль нэг нам гэж туйлшрахгүй, эх орон, ард түмнээ гэсэн байр суурьтайгаар сонгуулиа өгөхөөр өөрийн үнэт зүйлээ орхин байсан удаа ч надад бий.

Сонгууль дэндүү нүсэр, үрэлгэн зардал ихтэй хэрнээ улс орон, ард иргэдийн амьдралд үр өгөөж муутай санагдах болсон. Тэдэнд зориулан өгч буй татвар, урсаж буй зардлыг бодож сонголтоо хийгээд ч нэмэр алга. Хийсэн сонголтын маань хариуд “Гар бариад, бугуй барина” гэгчээр хэд дахин их хэмжээгээр идэж ууж, эхэндээ нууж, сүүлдээ ил цагаандаа гарч хээвнэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухайгаа ярьцгаах болж. Ийм сонголтын төлөө бид талцаж, уралцах нь хэр нийцтэй тухай бодох л хэрэгтэй.

Монголын ард түмэн үнэндээ л цайлган, гэнэн бололтой. Үүндээ ч эвлэрчихсэн “идэж л байдаг юм. Эд нар нээрээ болиосой” гэх. Улс төрийн арганд гүнзгий суралцсан акулуудын ашиг сонирхлын хажууд жараахай бидний сонголт зүгээр л хэлбэр төдий аж. Сонгуулиас сонгуулийн хооронд алгуурхан урсах элсэн цаг мэт үнэт хугацаа, эх орон, ард түмнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж ажиллаасай хэмээн сонгосон иргэдийн элс мэт сарнин одох итгэл үнэхээр хайран.

Их олон жил саналынхаа хэргийг бараг үзсэнгүй. Итгэл хүлээсэн эрхэм гишүүдийн талцал, хэрүүл тэмцлээс ч залхав. “Хар хүний өмнөөс шар хүн” гэгчээр улс төрийн МАНАН-гийн өмнөөс хоорондоо хараал ерөөл, егөөдлөөр “алалцаж” буй тэдний идэвхтэй дэмжигчдээс ч залхаж байна. Дөрвөн жил тутамд сонгуулийн дараа явагддаг халаа сэлгээ, томилгоо, чанарын ялгаагүй хэрнээ хэлбэрийн төдий бүтцийн өөрчлөлтөөс ч мөн залхаж байна. Чадваргүй, сэтгэлгүй ард түмний амьдралаас тасарсан, талхныхаа үнийг ч мэдэхгүй тийм хүмүүсээс ч мөн залхаж байна.

Тиймээс би энэ удаад саналаа өгөөгүй, үнэнээ л хэлье! Гэхдээ би бусдыг уриалаагүй. Хужаа нь болно уу, орк нь гэнэ үү хамаагүй. Энэ бол миний л сонголт. Угаас энд цохилох зүрх минь Монгол, цагаа тулбал урсгах цус минь Монгол!!!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mani(182.160.40.65) 2016 оны 10 сарын 20

Yaag unen bi ch bas ingej bodson shuu uram hugarsan geh uu dee

0  |  0
Top