Facebook, Тwitter-ээр үйлдэх гэмт хэргийн тоо өсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Цагдаагийн ерөнхий газраас цахим гэмт хэрэг буурахгүй байгаа талаар мэдээлэл өглөө. Эрүүгийн цагдаагийн газраас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст буюу Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бусдын нэр хүндэд санаатайгаар халдсан гомдол тасралтгүй ирж байгаа юм байна.

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан нийт гомдлын 80-90 хувь нь зөвхөн фейсбүүк, твиттер, юүтүб зэрэг томоохон цахим сүлжээгээр гүтгэн доромжилсон нэр хүндэд халдсан хэргүүд байгаа аж. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “МУ-ын иргэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох ч бусдын нэр хүндэд халдах нь гэмт хэрэгт тооцогддог. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг үргэлж санах хэрэгтэй” хэмээн хэлж байна.

Мөн олон нийтийн цахим сүлжээнүүдийг ашиглах явцад сэжиг бүхий эх сурвалж нь тодорхой бус хэрнээ анхаарал татахуйц гарчиг бүхий хаяг, линкүүд байдаг. Эдгээр холбоосууд руу хандсанаараа өөрийн цахим хуудасны нууц дугаар, хэрэглэгчийн нэрээ алдах тохиолдол их байгаа юм байна.

Хууль бус вирус бүхий холбоосууд тухайн хүний хувийн мэдээллийг ашиглан бусдын нэр хүндэд халдах, нууцыг задруулах цахим гэмт хэргүүд гарсаар байгааг албаныхан анхааруулж байна. Тиймээс иргэд цахим хаяг дахь хувийн мэдээллийн аюулгүй байдлын үүднээс аливаа эх сурвалжгүй сайт, линкээр зочлох нь аюултай гэдгийг онцоллоо.

 

Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top