Арьс ширний үйлдвэрүүдийн буурийг сэлгэх шийдвэр гарсан ч төсөв шийдэгдээгүй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Хан-Уул дүүрэг бол нийслэлийн үйлдвэрлэлийн гол бүс нутаг байсаар ирсэн. Иймээс ч тус дүүрэгт орон сууцны хотхон хорооллуудыг олноор нь байгуулдаггүй, хэсэгчлэн хөгжүүлж ирсэн байдаг. Тэгвэл сүүлийн 20 жилийн хугацаанд тус  дүүрэгт хамгийн их барилгажилт явагдаж, үйлдвэрлэлийн гэхээсээ илүүтэй суурьшлын дүүрэг болж хувирчээ. Үүнээс үүдэн Хан-Уул дүүрэгт байрлаж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудал сүүлийн үед хурцаар хөндөгдсөөр байгаа.

Арьс шир боловсруулах үйлдвэрүүдээс ялгарч байгаа бохир нь хүрээлэн буй орчин болон хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учраас суурьшлын бүсээс гаргаж нэгдсэн зохион байгуулалтанд оруулахаар болсон. Гэсэн ч энэ ажил өнөө хэр нь шийдвэрлэгдээгүй, хот төлөвлөлтийн бодлоготойгоо зөрчилдсөн оршсон хэвээр байна.

Уг нь Эмээлт орчимд хөнгөн үйлдвэрлэлийн парк байгуулах замаар төлөвлөлтийг хийхээр болсон ч эдийн засгийн хямралаас үүдэн төрөөс дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй байгаа юм.

Харин арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн хувьд бууриа сэлгэх асуудалд нааштай хандаж ирсэн байна. Тэд өөрсдөө хотоос гарч нэгдсэн зохион байгуулалтанд орох саналыг гаргасан аж.

Энэ талаар “Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Т.Баярсайхан:


-Арьс ширний үйлдвэрийг үйлдвэр технологийн паркаар хэмждэг онцлогтой салбар. Өнөөдөр Хан-Уул дүүрэгт байгаа энэ үед хоёрдогч түүхий эд болон бусад бүтээгдэхүүнээ хийх гэхээр зай талбай байхгүй. Хувьчлаад авчихсан улсууд нь импортын барааны дэлгүүр, агуулах болгочихсон байх жишээтэй. Тийм учраас бидэнд нүүх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Арьс ширний үйлдвэрүүд бол байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөө гэхээсээ илүүтэй үнэртэй байдаг.

Үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн хажууд барьчихсан орон сууцанд орчихоод үйлдвэр муухай байна, нүү гээд байгаа нь ёстой л нөгөө “Хотонд ороод хуц минийх” гэдэг шиг л зүйл болоод байна. Өмнө нь бүхэл бүтэн үйлдвэрийн раойн байсан, харамсалтай нь одоо орон сууцны хороолол болчихсон гэлээ.

Аж үйлдвэрийн салбарыг орхигдуулахгүй байх, төрөөс энэ салбарыг хөгжүүлэх зорилтын нэг илрэл нь шинэ засгийн газраас Аж үйлдвэрийн яамыг байгуулсан явдал юм. Гэсэн ч төсөв мөнгө байхгүйн улмаас энэ салбарт хэрэгжүүлэхээр шийдлээ олсон, батлагдсан олон төсөл хөтөлбөр зогсонги байдалд ороод байна.

Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochim(203.91.115.42) 2016 оны 10 сарын 23

hot omhiirvvleed olon hvneer haraalgyylj jbaihaar zail l da

0  |  0
Top