“Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төслийг үргэлжлүүлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28
Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар юм. Тиймээс 2013 оноос “Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Германы Физик техникийн хүрээлэнгээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хугацаа 2015 оны 7 сард дууссан ба Монголын талын хүсэлтийг үндэслэн ХБНГУ-ын Засгийн газрын шийдвэрээр төслийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ингээд Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх Герман Монголын Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын ажилтнуудыг хүлээн авч 2017-2019 онуудад хамтарч хэрэгжүүлэх төсөлтэй танилцаж дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 
Уулзалтын үеэр “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх“ төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллага болох Стандарт, хэмжил зүйн газрын хамтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн Газар бүх талаар дэмжинэ гэдгээ Шадар сайд тодотголоо.
Энэ төслийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд салбарын чанарын удирдлагын дэд бүтэц /хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаа/-ийг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон Европын Холбооны Улсын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх юм.
Өмнө нь “Монголын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын Холбооны төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын “Үндэсний чанарын хөтөлбөр 2016-2020” –ийг боловсруулж баталсан.
Уг хөтөлбөрт Стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж, бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад Стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгоно гэж тусгасан. Тухайлбал:
-чанарын дэд бүтцийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлж хөгжүүлэх;
-чанарын дэд бүтцийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах;
-хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;
-бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх;
-экспортын тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;
-импортыг орлох бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- чанарын дэд бүтцийн байгууллагуудын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, аюулгүй байдлыг хангах юм.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг уялдуулах нь ач холбогдолтой юм. Уг төсөл нь 600.000 еврогийн өртөгтэй бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top