Монголын маркетерууд дөрөв дэх жилдээ баяраа тэмдэглэлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

Монголчууд маркетингийн ашиг тус, хэрэгцээ шаардлагыг хэдийнээ ойлгодог болсон энэ үед мэргэшсэн маркетеруудын үнэ цэнэ өссөөр байгаа билээ. Тэгвэл монгол маркетерууд жил бүрийн нэг өдөр чуулдаг уламжлал дөрөв дэх жилдээ тогтоод байна. Аравдугаар сарын 20-ны өдрийг тэд “Монголын Маркетеруудын өдөр” болгон тэмдэглэж, үндэсний хэмжээний чуулганыг зохион байгууллаа.

“Бүтээлч Монгол” уриан дор болж өнгөрсөн “Монгол маркетеруудындөрөвдүгээр чуулган”-д төр, хувийн хэвшлийн 1000 гаруй маркетер, бизнес эрхлэгч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцов. Энэ удаагийн чуулганы онцлог нь улс орны хэмжээнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдийг өөрийн агуулга, хүрээндээ багтааж эхэлсэн явдал гэж хэлж болно. Тодруулбал, “Реклам залгигчдын шөнө” дэлхийн шилдэг рекламны түүврийн арга хэмжээ энэ жил маркетеруудын чуулгантай хамт зохион байгуулагдсан юм. Цаашдаа ч салбарын хөгжилд чиглэсэн олон арга хэмжээг энэ өдрийн хүрээнд хамтатгах талаар санал, шийдлүүд ихээр гарч байсныг зохион байгуулагчид онцолсон.

Монгол маркетеруудын өдөртэй болж, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон нь өнөөдөр мэдэгдэхүйц дэвшил, ололтыг авчирчээ. Салбар бүрт ажиллаж буй маркетер залуучууд энэ өдрөө тэсэн ядан хүлээдэг, туршлагаа солилцдог, маркетингийн шинэ шийдэл санаагаа хэрэгжүүлдэг, ирээдүйгээ төлөвлөдөг, мэдлэг чадвараа дээшлүүлдэг, бодлогоо ярьдаг болсон байна. Түүгээр ч зогсохгүй, компаниудын зүгээс маркетеруудаа хүлээн авч уулзах, шагнаж урамшуулах жишгийг ч тогтоож эхэлжээ.

Ийнхүү маркетингийн салбарт ажиллаж буй залуучууд нэгдэж нийгэмд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болсон нь “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”-ны ажлын үр дүн юм. Уг холбооноос зохион байгуулсан энэ удаагийн чуулганы үеэр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн маркетер бэлтгэх зорилгоор мэргэшсэн маркетерийн атестатчлал олгож эхлэхээр болсон нь онцлууштай үйл явдал боллоо. Энэ ажлыг Монголын Маркетингийн Судалгаа Шинжилгээний хүрээлэн санаачлан хамтран хэрэгжүүлэх юм. Үүний ач холбогдол нь мэдээж өндөр. Маркетингийн салбарт ажиллаж буй хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх олон шатлалт сургалт зохион байгуулагдаж, улмаар ажлын байран дээрх үнэлэмж нэмэгдэх, бизнесийн байгууллагууд мэргэшсэн атестатчилагдсан маркетеруудыг сонгон ажиллуулах боломж бий болно гэсэн үг. Энэ нь маркетингийн мэргэжилтэй хүний үнэ цэнийг өндөр түвшинд тогтоож өгөхөөс гадна мэргэжлийн чадварыг үнэлэх үнэлэмжийг албан ёсоор баталгаажуулж эрх олгох томоохон ажлын эхлэл юм.

Монголын маркетеруудын чуулганы үеэр олон сэдэв хөндөгдөж, илтгэл тавигдсаны дотор маркетингийн шинжлэх ухааны шинэ чиг хандлага, нөлөөллийн маркетинг, маркетинг ба стандартыг хэрхэн хослуулах, дэлхийн зах зээлд амжилттай нэвтэрсэн Монгол брэндүүдийн туршлагууд, тансаг хэрэглээний маркетинг зэрэг олон сонирхолтой сэдвүүд багтсан байв. Мөн чуулганы үеэр хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах шинэ түнш олох, харилцан туршлага солилцох үзэсгэлэн боллоо.

Түүнчлэн дэлхийн хамгийн нэр хүндтэй рекламны фестивалиуд болох “Каннын арслан”, “Эпика”, “Нью Йоркийн Фестиваль”,“Алтан Бөмбөр”, “Клио  Авардс” зэрэг нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртсэн рекламнуудаас түүвэрлэн бүтэн нэг цагийн турш үзүүлсэн нь дэлхийн шилдгүүд хэрхэн реклам бүтээдгийг нэг дор үзэх ховорхон боломж олголоо. Үүний дараа шинээр үүд хаалгаа нээсэн Сөүл Плазад байрлах “Studiо entertainment club”-т Marketer’s Partyчөлөөт арга хэмжээг зохион байгуулж харилцаа холбоогоо зузаатгах, танилын хүрээгээ тэлэх боломжийг чуулганы зочдод олгосон. Шинэ содон, өвөрмөц, үр дүнгээр дүүрэн Монголын маркетеруудын өдрийн эдгээр арга хэмжээг ивээн тэтгэсэн олон байгууллага байсан нь тус арга хэмжээний ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэж, өргөжиж байгаагийн тод илэрхийлэл болсон юм. Гол ивээн тэтгэгчээр “Жамух Интернэйшнл” ХХК-ийн “Скай кэстль төсөл”, “Говь” ХК-ийн 100% ноолууран пальто, “Вишн групп” ХХК, “E mart” бүрэн барааны хайпермаркет, “Мөнхийн үсэг” компани зэрэг байгууллага ажилласан байна.


Харин ивээн тэтгэж оролцсон байгууллагуудыг дурьдвал, “Монголын Телевизүүдийн Холбоо”, “Монголын сайтын холбоо”, “United Buziness Review” сэтгүүл, “Сийберри фарм продакт” ХХК, “Супер Рубин” ХХК, “Бимекс холдинг” ХХК, “Монголд та хэрэгтэй” ТББ, “Хас медиа” студи, “Сипи медиа” ХХК, “Монсертф” ХХК, “Breakingnews.mn” сайт, “Батбайгаль” ХХК, “Апу” ХК, “Есөн од фүүдс” ХХК зэрэг маш олон байгууллагын оролцоо, дэмжлэгээр ийнхүү маркетерууд нэгэн дээвэр дор нэгдэж чадлаа. Ганцхан жишээг онцлоход, “Жамух Интернэйшнл” ХХК-ийн “Скай кэстль төсөл”-өөс нэг азтай маркетерийг шалгаруулж 100 сая төгрөгийн эрхийн бичгээр шагнасан нь Монголд томоохонд тооцогдох сюрприз болж чадсан юм.

Төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын гүүр болж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой Монголын Үндэсний Маркетингийн Холбоо нь цаашид салбарын хөгжлөөс гадна Монгол улсаа хөгжүүлэх, үндэсний брэндийг гадаад зах зээл рүү гаргах талаар санаачлага гарган ажиллах болно гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top