Чингис хааны ховор нандин хөргүүд АНХ УДАА дэлгэгдэнэ

2016 оны 10 сарын 31

Өнөөдөр буюу 10-р сарын 31-ний өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна.

Эл өдөр Чингис хааны үлдээсэн cоёлын баримтат өвийг хойч үедээ таниулж, эх оронч хүмүүжил, итгэл үнэмшлийг гүн бат болгох соёл гэгээрлийн өдөр юм. 
Тэгвэл энэхүү өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний номын сан соёл гэгээрлийн буухиаг түүчээлэн олон нийтэд өөрийн алтан хөмрөгтөө хадгалж буй Чингис хаан болоод түүнтэй холбоотой ховор чухал ном судрууд, түүхэн сурвалж бичгээс сорчлон танилцуулахаар болжээ.

 Тодруулбал, Ардын зураач Н.Чүлтимийн  1946 онд зурсан "Чингис хааны хөрөг" анх удаа олон нийтийн өмнө дэлгэгдэх юм. Энэхүү түүхийн ховор зургийг иргэн Төмөрбаатарын Хасбаатар өөрийн цуглуулагтаа хадгалж байжээ. 

Түүнчлэн Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн "Чингис хааны бурханчилсан хөрөг" дэлгэгдэхээс гадна Хэрлэн барсын Чингисийн Тугийн тахилгын сүмийн сан тахил, өчигийн гар дэвтэр, 99 зүйлийн хувилбар бүхий Чингис хааны төлөг үзлэгийн судар, 1923 онд Монгол бичгийн хэвлэлийн хороог үүсгэн байгуулагч Тэмгэтийн хэвлүүлсэн Чингис болон их хаад хатадын хөрөг зургийн цомог болон Чингис хааны өв үзэсгэлэн, Чингисийн тухай судалгааны сүүлийн үеийн номууд зэрэг багтана.

Монгол бахархлын өдөр Их эзэн Чингис хаанаараа бахархаж Үндэсний номын санд морилон саатаарай.


Б.Алтжин

ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.94.72) 2022 оны 01 сарын 31

Сайхан монголчуудын үндэсний үзэл санаа дэлгэрэн бадрах болтугай.

1  |  0
Top