100 хоногийн дараах ХҮЛЭЭЛТ

2016 оны 11 сарын 02

Юу болоод өнгөрөв өө? Одоо юу болох бол? Энэ асуултыг тавих цаг нь болсон бололтой. Учир гэвээс 2016 он тэр чигээрээ л донсолж дэгэлзсэн, шийдэл хүлээсэн үйл явдлаар дүүрэн байв. Сонгуулийн хуулийн шинэчлэлт, тойргийн хуваарилалт, сонгуулийн сурталчилгаа, эцэст нь МАН-ын үнэмлэхүй ялалт. АСЕМ, наадам, олимп, амралтын сезон араас нь залгав. Удалгүй шинэхэн парламент, засгийн газрынхны болчимгүй гэмээр мэдэгдэл, албан тушаалтнуудынх нь хэл халтирсан үгс сошиал ертөнцөд “хит” тэнэглэл болон тодорч, засаглагчдад хатуухан сургамж өгснөөр орон нутгийн сонгуультай золгосон. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ойлгохгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэдэг л болсон доо. Одоо харин тэд маань улсаа удирдаж сурч байгаа шинжтэй.

Ямар ч байсан Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьчихлаа. Тайланг нь уншаад үзэхээр шууд ойлгогдох зүйлс тийм ч элбэг биш. Жишээ нь, Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгсөн, өгнө гээд биччихсэн байгааг нь би хувьдаа шууд ойлгож чадахгүй л байна. Орон нутгийн сонгуулиар хүмүүстэй уулзаж байхад “Гэртээ хөргөгчтэй гэдэг үндэслэлээр хүүхдийн мөнгөө хасуулчихлаа. Биднийг үгээгүй ядуу байлгах гээ юу?” гэж бухимдсан хүмүүстэй олонтоо таарч байсан. Тэгэхээр хүүхдийн мөнгийг өгөөд ч байгаа юм шиг, өгөхгүй ч байгаа юм шиг нэг л ойлгомжгүй.

Бас “Цалинтай эхчүүд” гэдэг гоё нэртэй хөтөлбөр батлагдлаа л гээд байгаа. Эхчүүдийн үр хүүхдээ өсгөх хөдөлмөрийг хэдэн төгрөгөөр үнэлэх гээд байгаа нь ер тодорхой бус. Арай 20 мянга гэж онигоо болохгүй байгаа гэж өмнөөс нь санаа зовмоор. Энэ хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд сар бүр цалин олгож, ажилласан жилийг баталгаажуулж нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцна гэсэн. Мөн 3 буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн туслалцаа үзүүлнэ хэмээн нэн тэргүүнд мэдээлж буйгаас үзвэл чухал бодлого юмуу гэмээр. Уг нь МАН нийгмийн асуудалд анхаардаг угшилтай нам. Түүнийгээ нотлох эсэхийг нь харъя. Хүлээе дээ.

Гүйцэтгэх засаглал гэдэг угаасаа л шүүмжлэл дунд амьдардаг тавилантай. Анх ерөнхий сайдыг гадаад хэлээр ганц үг дуугарч чаддаггүй, АСЕМ-д дан орчуулагчтай байсан гээд сошиалаар л нэг шуугисан. Дараа нь өвөө эмээ нарын хамтын тэтгэврийн асуудлаар эвгүй үг алдаж хүнд байдалд орсон. Тэр ч байтугай сангийн сайд нь болчимгүй үг дуугарснаасаа болж өөрөө үр хүүхдэдээ өв хөрөнгөө өвлүүлэхгүй нь хэмээн ойлгогдсон. Мэргэжлийн засгийн газар гээд байсан чинь мөнгөний л томилгоо болсон гээд аль шүүмжлүүлснийг нь тэр гэхэв.

Олны үг ортой гэгчээр зарим нэгэн маргаан дагуулсан шийдвэр байна аа. Тухайлбал, өмнөх засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг Арабын нэгдсэн Эмират улстай зээлийн гэрээ байгуулсан гэж баруун солгойгүй шүүмжлээд байсан атлаа, өөрсдөө болохоор өмнөд хөрш Хятад улсаас гэрээний нөхцөл нь ард түмний хувьд тодорхойгүй асар их хэмжээний мөнгөн зээл авахаар болчих юм. Дэд сайд хэрэггүй гээд давхар дээл өмсөж жагсаад байсан чинь одоо бүх яамд нь дэд сайдтай байх жишээтэй. Яриад байвал их л юм гарч ирэх шинжтэй. Ямар боловч улсаа зөв удирдаж, хүмүүсийн яриад байгаа шиг газар нутгаа зарж барьцаалчихгүйхэн шиг л бүрэн бүтнээр нь дараагийн засгийн газартаа хүлээлгээд өгчихөөсэй билээ. Өөр хүлээх юм одоохондоо бага л харагдана.

Иргэдээ сонсоод байх шаардлагагүй гэж үзсэн үү 11-11 төвийг хаягийг нь ханз татаад л татан буулгасан. Хүний эрхийн манаанд зогсдог ганц төрийн байгууллага Тахарын албаа засгийн эрх авангуутаа шууд тараасан. АН-ын эхлүүлсэн гэх нэртэй бүх ажлыг нурааж, дахин өөр нэрээр эхлүүлэх аян арай л дэндүү хүчтэй өрнөсөн нь ТҮЦ машинуудыг салгаж, тавьсан замуудыг нь хуулж авах вий дээ гэсэн айдсыг төрүүлсэн шүү. Гэвч цагаа олж зогсох шиг боллоо. Бусдын хийснийг нураахгүйгээр өөрсдөө ажил хийж амжилт олж болно гэдгээ олж харсан нь яамай даа.

Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг бас нэг гоё нэртэй оюутны зээлээр сольсон. Бүх оюутан зээл авч дийлэхгүй нь тодорхой учир хэмнэлт гарах юм шиг байгаа юм. Салбараар нь ангилж байгаад л ААН-үүдийн татварыг 1 хувь болгоно гэж Засгийн газар амласан. Ямар нь 10 хувь, ямар нь 1 хувийн татвар төлөх нь тун удахгүй ялгараад гараад ирнэ биз.

Засгийн газрыг 100 хоног оршин тогтнож, хөл гараа олж байх зуур Орон нутгийн сонгууль өргөн далайцтай, өрсөлдөөн ихтэй  явагдаж энэ засаглалын түвшинд шинэчлэл хийж чадах залуус АН, МАН аль алинаас нь цөөнгүй сонгогдсон байна. Засаглал гэдэг зөвхөн УИХ, Засгийн газар төдийгүй ИТХ, орон нутгийн засаг захиргаа ч бас мөн гэдгийг иргэд маань ойлгож ухамсарласан байгаа. Тийм ч учраас улсаа улсын дайтай авч явна гэсэн хүлээлт аль алинд нь бий шүү гэдгийг энэ дашрамд дуулгая.   

Шинэчлэгч залуус олноороо сонгогдсон Нийслэлийн дүүргүүдэд орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүн гарахад 295 мандатаас МАН 195, АН 98, бие даагч 2 суудал авсан дүнтэйгээр өнөөдрийг угтаж байна. Мөн зарим тойрог дээрх маргаан будлиан шийдэгдэж дуусаагүй ч Монгол улсын 330 сумын урьдчилсан дүнгээс үзвэл МАН 215 суманд ялалт байгуулж, АН 97 суманд олонх болсон дүн гарчээ. УИХ-ын сонгуулийн дүн ч бас иймэрхүү. УИХ дахь 76 суудлын 65-ыг МАН авч, АН ердөө 9 суудал авч бүлгээ байгуулсан. Энэ бүхэн тэртээх 2000 оныг санагдуулахгүй байна гэж үү? Тэр үед өнөөгийн МАН УИХ-ын 76 суудлын 72-ыг нь авч, улмаар орон нутгийн сонгуульд ч ташраар нь ялаад үнэмлэхүй хэт олонх болж, хяналтгүй, хэмжээлшгүй эрхт засаглалыг тогтоож байсан. Чухам тэр үед засаглаж, бараг хаанчилж байсан удирдагч Н.Энхбаяр нь авлигын загалмайлсан эцэг хэмээх алдрыг хүртсэнээр түүх үргэлжилж буй. Тэгвэл ийм түүх дахин давтагдах юм биш биз? Өнөөгийн энэ үнэмлэхүй олонх болсон МАН хэмээх улс төрийн хүчин, түүний удирдагч манлайлагчдыг ирээдүйд ямар нэр алдар хүлээж байна вэ?

Ингэхэд сөрөг хүчин маань хаана явна вэ? Ийм үнэмлэхүй олонх болсон хяналтгүй засаглалыг хянаж байх үүрэг гэж бас байдаг шүү дээ. Тэртээх 2000-2004 оны хэмжээлшгүй эрхт засаглалын үед УИХ-ын гишүүн Л.Гүндалай гэдэг ганцхан хүн сөрөг хүчний үүргийг өөртөө хүлээж, ардчилсан тогтолцоогоо аварч үлдээж байсан сан. Ганц дайчин ганцдахгүйг яруу тодоор харуулж чадсан нь түүний улстөрчийн акциуд ардчиллын түүхэнд тод мөрөө үлдээж, Гүндалай гэдэг хүний гавьяа болон үлдсэнийг түүх гэрчилнэ.

Тэгвэл өнөөгийн сөрөг хүчин хаана байна вэ? Ардчилсан нам хаана явна? Ард түмэн яагаад МАН-ыг сонгоод байна вэ? Энэ асуултын хариу АН-ынхны толгойны өвчин болсоор удаж байгаа. Яг үнэндээ “Бид ийм ардчилалыг хүсэж мөрөөдөж байсан гэж үү” гэмээр үйл явдлууд өнгөрсөн дөрвөн жилд болоод өнгөрсөн учраас л ард иргэд маань ийм сонголт хийгээд байгаа юм болов уу? Ядаж байхад өнгөрсөн дөрвөн жилд гүйцэтгэх засаглалаа огцруулахгүй байх тэвчээр тэдэнд байсангүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж хүүхдүүдээ хатуужуулдаг үг л үүнд тохирох бололтой.

Одоогоор АН-ын ҮЗХ нь 11 сарын 16-нд хуралдана гэсэн “шуум”-тай, Их хурал нь 12 сарын 6-нд товлогдсон дуулиантай, намын шинэчлэлийг залуус нь гартаа авахаар эрмэлзэж буй харагдах тус намын удирдлагууд хэвлэлд ярилцлага өгөх нь ч цөөрчээ. Ардчилсан нам улс төрийн намынхаа хувьд бүрэн төлөвшөөгүй байна уу, дотоод хямрал, фракц хоорондын тэмцэлдээнээс үүдэлтэй задрал явагдаад байна уу гэхчилэн олон асуулт тавьж хариу нэхэх үндэслэл нэгэнт бий болжээ. Намын шинэчлэлд нэмэр болох үүднээс УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр “Нэг ардчилал” фракциа тарааснаа зарлалаа. Ардчилалын үнэт зүйлсийг залуу үедээ хожуу ч гэсэн ойлгуулахаар ажиллаж буй АН-ын гишүүд цөөнгүй байгаа дуулддаг ч, парламентад сөрөг хүчин болсон Ардчилсан намын бүлэг хэр эв нэгдэлтэй ажиллахаас олон зүйл хамаарах болов уу. Ардчилсан намын ганц эмэгтэй гишүүн З.Нарантуяа УИХ-ын Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны даргаар сонгогдсон, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар дорвитойхон дуугарч чадах цөөн хүний нэг нь Лу.Болд гишүүн гээд ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй хүмүүс тус намд цөөнгүй. Харин энэ тал дээр МАН-ын хууччуулаас Ц.Нямдорж гишүүн, залуусаас Ж.Энхбаяр гишүүн тодроод буй. Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан ялна гэсэн ардын маань үг бий дээ, уг нь.  

Эцсийн эцэст МАН нь засгаа барьж байгаад дөрвөн жилийн дараа АН-д өгнө үү, байна уу гэдэг ард түмний хувьд тийм ч сонин биш. Хамгийн гол нь улс орны эрх ашиг нэгдүгээрт байж, монгол түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь л хамгаас чухал. Хэт улстөржилт, улс орноо хагалж бутаргасан намчирхал энэ дөрвөн жилд багасах болтугай. Монголын минь л амьдрал, улсын минь л хөгжил гэсэн сэтгэлээр аливаа асуудалд хандаад сурчихвал болох гээд байх юм.

100 хоногийн дараах хүлээлт ийм л байна даа.

                        Ц.Оюунчимэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.70.44.14) 2016 оны 11 сарын 02

100 хоногийн дараах хүлээлт ийм л байна даа. Bravo!

0  |  0
ИРГЭН(103.57.93.177) 2016 оны 11 сарын 02

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top