Л.Ганбат: Шалгалтын сэдэв даалгавар задрах, нууцлал алдагдах боломжгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 21

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр тест задарсан гэх хэл ам гараад байгаа билээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулсан юм.


-Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр элдэв хэл ам гаралгүй хэдэн жил болсон. Энэ нь БҮТ-ийн цахим бүртгэл, шалгалтын зохион байгуулалт боловсронгуй болсонтой холбоотой байх. Харин энэ жил шалгалтын тест задарсан, худалдан авсан гэх мэдээлэл гараад байна. Энэ мэдээлэд та ямар хариу өгөх вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 15-наас 19-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж дууссан. Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн, буруу ташаа ойлголт төрүүлсэн мэдээлэл олон нийтийн дунд гарсан.
Тухайлбал, шалгалтын жишиг даалгавар задарсан, худалдаж авсан гэх мэдээлэл гарсны дагуу манай Боловсролын үнэлгээний төвөөс Цагдаагийн ерөнхий газартай хамтран хяналт, шалгалт хийсэн. Гэтэл энэ нь хуурамч мэдээлэл байсан бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайсан нөхдүүд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглаж, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой залилан хийж байсан нь үйлдэл дээрээ баригдсан.

Одоо энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Мөн эдгээр хүмүүсийн зарж борлуулж байгаа материал нь манай БҮТ-ийн шалгалтын материал биш, хуурамч бичиг баримт болох нь тогтоогдсон.
-Тэгвэл face-ээр цацаад байгаа видео мэдээлэлд та ямар хариулт хэлэх вэ. Зарсан, авсан гэх математикийн шалгалтын хариу нь таарч байна гэсэн мэдээлэл яваад байгаа шүү дээ?
- Математикийн хичээлээр шалгалт авч дууссаны дараа бүх хүүхдийн шалгалтын материал, сэдэв даалгавар ил болж байгаа. Энэ мэдээлэл нь шалгалт дууссны дараа цахимаар цацсан мэдээлэл байсан. Гэсэн ч бид энэ асуудлыг нарийвчлан шалгуулахаар Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт хүсэлт гаргаад шалгуулж байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын тестийг вакум орчинд боловсруулж, кодлодог. Мөн тендер зарлаад сонгогдсон хэвлэх үйлдвэрт харуул хамгаалалттай орчинд, шөнө оройн цагаар хэвлэдэг гэдгийг зарим эцэг, эхчүүд мэддэггүй байх. Тиймээс та шалгалтын тест задрах боломжгүй гэдгийг товчхон тайлбарлаач?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв, даалгавар нь задрах, нууцлал алдагдах боломжгүй. Энэ ажлыг бид Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг. Тухайлбал, шалгалтын тест, даалгавар боловсруулах багш нарыг тусгай журмаар сонгож, шалгаруулдаг.
Ингэхдээ тусгай вакум орчинд Цагдаагийн ерөнхий газрын тусгай хамгаалалт дор шалгалтын тестийг боловсруулдаг. Тухайн обьект нь иж бүрэн камержсан, харуул хамгаалалт бүхий вакум орчин байдаг. Шалгалтын тестийг боловсруулсан багш нар элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа буюу зургадугаар сарын 19-нд гадагш гарах эрхтэй байдаг. Мөн тухайн обьектод ажилласан багш нар гар утас, компьютер ашиглах хориотой байдаг бөгөөд ямар нэгэн байдлаар гадагшаа холбоо барих боломжгүй байдаг.
Вакум орчинд боловсруулсан сэдэв, даалгаврыг шалгалтын байранд буюу хүүхдүүдийн гар дээр хүргүүлэхдээ Тагнуулын ерөнхий газар хариуцаж, тусгай шуудангийн алба нь бүрэн хамгаалалтан дор хүргэдэг. Тиймээс элсэлтийн шалгалтын сэдэв, даалгавар задрах боломжгүй. Иргэдийг төөрөгдүүлээд байгаа энэ мэдээлэл нь их, дээд сургуульд элсэн орох гэж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйгээр тоглож, амар хялбар аргаар ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үйлдэл гэдгийг хэлмээр байна.
-Шалгалтын үеэр цөөнгүй хүүхэд хуулах гэж оролдсон гэж байсан. Мөн зарсан, авсан гээд байгаа материал нь шалгалтын хариутай таарч байсан гэх юм. Энэ тухай?
- Цахим орчинд цацагдаад байгаа мэдээлэл буюу ялангуяа математикийн Б хувилбар гэж яригдаад байгаа мэдээллийг бид нарийвчлан шалгах үүднээс шуурхай хуралдаж, шалгалтын материал авсан, хуулсан гээд байгаа хүүхдүүдийн математикийн даалгаврыг урьдчилсан байдлаар уншуулж үзсэн.

Шалгалтын үеэр хуулсан гээд байгаа хүүхдүүдийн бүх мэдээлэл манай Боловсролын үнэлгээний төв дээр ирсэн байгаа. Эдгээр хүүхдийн материалыг урьдчилсан байдлаар уншуулж үзэхэд өндөр оноо авсан хүүхэд гараагүй.

Бүгд өмнөх жилүүдийн улсын дундаж оноотой дүйж байгаа. Ялангуяа, шалгалтын үеэр хуулсан гээд овог, нэртэйгээ мэдээлэл нь ирсэн хүүхдүүд дунд анхаарал татахаар өндөр оноо авсан хүүхэд гараагүй.

-Ер нь шалгалтын тестийг хүүхдүүд шалгалт өгөх анги танхимд цугласан хойно нь камерын өмнө, хянагч багш нарын хамт задалж байгаа биз дээ?
-Тэгнэ. Хүүхдүүд шалгалт өгөх анги танхимдаа нэг цагийн өмнө орж эхлээд, 10 минутын өмнө бүгд байраа эзэлсэн байх ёстой. Тэгээд шалгалтын цаг эхлэх үед шалгалтын тестийг задалж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top