З.Цолмончимэг: Монгол хэл, бичгийн шалгалтад батламж хуудас олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 07
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-нд монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Шалгалтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй талаар Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Цолмончимэгээс тодруулсан юм.

-Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ жил хэчнээн элсэгч шалгалтад оролцох вэ. Ер нь шалгалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-Энэ жил нийт 37164 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс хотод 15123 шалгуулагч, хөдөө орон нутагт 22041 шалгуулагч бүртгүүлсэн. Одоогоор тэдгээр бүртгүүлэгчдийн талаарх мэдээллийн баазыг хүлээн авах, баталгаажуулах ажил дуусч байна.

Мөн шалгуулагчдын гэрээний хуудас болон шалгалтын нууцлалыг хангах зорилго бүхий хос баганан кодыг хичээл бүрээр хэвлэх, уутлах ажил хийгдээд явж байна. Үүний дараа шалгалтын сэдэв, даалгавар боловсруулагчид болон шалгалт зохион байгуулах ажлын хэсгийнхэнд зориулсан цуврал сургалтууд зохион байгуулагдана. Элсэлтийн шалгалтын бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдаж байна.

-Шалгалт өгөх хүүхдүүд суудлын хуваариа хаанаас авч байгаа вэ?
-Суудлын хуваарь гэдэг нь тухайн шалгуулагч аль шалгалтын төвийн аль анги зааланд, хэдэн тоот ширээнд сууж шалгалт өгөхийг заасан баримт юм. Шалгуулагчид суудлын хуваарийг тавдугаар сарын 15-наас хойш бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч хэвлэн авч байгаа.

-Монгол хэл, бичгийн шалгалтад энэ жилээс эхлэн батламж хуудас өгнө гэж байсан. Энэ тухай мэдээлэл өгөөч. Мөн элсэгчдэд анхааруулж хэлэх зүйл юу байна вэ?
-Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу шалгуулагчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Энэ шалгалтыг гурав дах жилдээ авах гэж байна.Шалгалтын үр дүнгээс харахад анхны онооны улсын дундаж өссөн үзүүлэлттэй байгаа.

Энэ нь эх хэлний шалгалт үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. Энэ жилээс монгол хэл, бичгийн шалгалтын дүн, оноог бичиж баталгаажуулсан 2.5 жилийн хугацаанд хүчинтэй батламж хуудас олгоно. ЭЕШ-ын дүн оноотой батламж хуудас мөн тараагдана.

Элсэгчдэд анхааруулж хэлэхэд, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө анги танхимдаа ирсэн байх ёстой. Энэ жил хариултын хуудсан дээр харандаагаар, шалгалтын дэвтэр дээр хөх буюу хар өнгийн үзгэн балаар тэмдэглэгээ хийх учраас хувийн бэлтгэлээ сайн хангах нь чухал.

Шалгалт өгөхөөр ирэхдээ суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа сайн бүрдүүлж ирэх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top