Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялана

2016 оны 11 сарын 16

Монгол улсад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Монгол улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Нийслэлийн Боловсролын Газартай хамтран “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах аялалыг 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10.00 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Астропарк”, 13.00 цагт Хүннүмалл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн дээр зохион байгуулна.

Тус аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 35, 58, 79, 87 дугаар дунд сургууль болон Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нийт 200 орчим сурагчид хамрагдах юм.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн 2015 оны 6 дугаар сараас эхлэн Хүннү малл худалдааны төвд “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болгосон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлдэг аж. 

 Харин ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон” нь 2014 оны 6 дугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд маань “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харах боломжтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top