ЖЕКИ ЧАН: БИ “ФЕРРАРИ”-ГАА МӨРГӨЛДҮҮЛЧИХЭЭД ШУУД ЗАМ ДЭЭР ХАЯЖ, МАРГААШ НЬ 10 ШИНИЙГ АВЧ БАЙЛАА

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 26

Холливудын жүжигчдээс хамгийн олон кинонд дүр бүтээсэн нь Энтони Хопкинс гэдэг. Тэгвэл Азийн кино зах зээлд өрсөлдөж эхэлснийг нь тооцвол Жекки Чан Энтонигоос хол илүү бөгөөд Холливудад хийсэн бүтээлээрээ ч гэсэн эрчтэй урагшилж байгаа юм.  

Кино урлагийн амьд домгуудын нэг Жеки Чаны нэгэн ярилцлагыг товчлон хүргэе. Тэрбээр энэ удаа өмнө нь төдийлөн ам нээгээд байдаггүй асан хувийн  амьдралынхаа талаар илэн далангүй ярьжээ.

 


 

 

 



-Жеки та  “Каратэ хүү” кинонд тоглохдоо нэр хүндээ алдана гэж айсангүй юу. Өмнөх кинонууд тань тулааны урлагийн гайхамшгийг мэдрүүлж, та үргэлж гол баатар нь байдаг байсан. Гэтэл энэ кинонд та дүр төрхөө эрс өөрчилсөн байсан?
-Айхгүй байна. Өмнө нь би зөвхөн мөнгө боддог байж. Харин одоо тэгэхгүй ээ. Өөрийгөө эвдэж, илүү хэцүү дүрд тоглоно. Одоо зодолдож болсон. Цаашид улам ахиж Азийн Роберт Де Ниро, Дастин Хоффман болмоор байна. Тэгээд ч хөгширч байгаа хүн хэдий удаан зодолдох билээ. Хөгшин хүн булчин шөрмөс нь зангирсан залуучуудыг цохиж унагаад байвал үнэмшилгүй харагдана биз дээ. Хэрвээ анзаарсан бол би тулаант кинондоо тулаант хэсэг бага оруулдаг болж эхэлчихсэн. Саяхан Майкл Дуглас надад мэргэжлийн алуурчны дүр санал болгосон ч татгалзсан. Би зодолддог, баатар эрээс бусад дүрийг ч сайн бүтээж чадна. Энэ эхлэлийг тавьж өгсөнд нь Вилл Смитэд “аймшигтай” их баярлаж байгаа. Тэр намайг сонгосноороо эрсдэл хийж байна гэдгийг ойлгож байсан болохоор их хичээсэн. “Каратэ хүү”-гийн зураг авалт Хятадад явагдсан, эх орноо сурталчилж чадсандаа баяртай байгаа.  
-Уилл Смитийн хүүгийн талаар юу хэлэх вэ. Сайн шавь болж чадсан уу?
-Тэр намайг анх “мастер” гэж дуудахад л би түүнийг сайн сурагч болно гэдэгт итгэсэн. Жейдэн маш их авъяаслаг хүү юм билээ. Жейдэнийг ихэд хайрлах болсон учир Хятадад хэдэн сар үлдээхийг Уиллээс гуйж, тэд ч зөвшөөрсөн. Хэрвээ байдал жаахан даамжирсан бол хүүг нь өргөж авахыг хүсэх байсан байх. Энэ хугацаанд миний заасныг маш хичээнгүйлэн сурч байсан шүү. Тэр хоёр дахь Жеки Чан болж чадна аа.
-Төрсөн хүү чинь гомдоогүй байгаа даа?
-Үгүй байх аа. Хүүд маань зодоон цохион сонин биш. Харамсалтай нь Жейситэйгээ ховорхон уулзалдах юм даа. Уулзсан ч бараг юм ярьдаггүй юм. Би түүний хажууд очихоороо өөрийгөө сайн эцэг биш гэдгээ мэдэрдэг. Өмнө нь хүүдээ мэддэг, чаддаг зүйлсээ зааж сургахыг оролдсон. Мэргэжлээ өвлүүлэхийг ч хүсдэг байсан. Гэтэл тэр хоёр дахь Жеки болохыг хүсэлгүй хөгжмийн зохиолч, хөгжимчин болохыг хүсдэг гэдгээ ойлгуулсан юм даа. Тэгээд ааваасаа дахиж зодоон цохионтой кинонд тоглохгүй байхыг аминчлан гуйсан ч би дараа нь “Оргил цаг-3”-т тоглочихсон. Энэ үеэс эхлээд бидний харьцаа зүйрлэж хэлбэл, замын хоёр талаар явж байгаа хүмүүс шиг л болсон доо.
-Хүү тань яагаад таныг муу эцэг гэж боддог юм бол?
-Ээжийг нь хуурсныг л уучилж чадахгүй явдаг байх. Фэн Жа Лин маань Тайваньд ид мандаж байсан жүжигчин байхдаа миний төлөө карьераа орхиж Лос-Анжелест ирэн, надад хүү төрүүлж өгсөн. Бид хараахан гэрлээгүй байсан болохоор нэг тийм зүйл болчихсон юм. Тэр үед би дэндүү их ажилтай өнөөгийн байр сууриа эзлэх гэж ид зүтгэж байлаа шүү дээ. Аялал ихдэхийн хэрээр хүүхнүүдийн зүгээс ирэх өдөөн хатгалга ч их байдаг байсан. Би эхнэртээ үнэнч байсан боловч тэр нэг удаа л тэвчээгүй юм. Залуухан жүжигчин бүсгүйд сэтгэлтэй болж, тэр надад охин төрүүлж өгсөн юм. Энэ бүхнийг эхнэр маань уучилсан ч хүү маань үгүй бололтой.
-Тулааны урлагийн сургуультай болох юм сан гэсэн бодол хэзээ нэгэн цагт төрж байв уу. Аль эсвэл өөрийнхөө нэрээр нэрлэсэн кофе, жигнэмэг хийсэн ч болно шүү дээ?
-Тийм ээ, бүгд л тэгж асуудаг юм. Мөнгө олон сайхан арга биш үү гээд л. Яагаад болохгүй гэж. Болно. Гэхдээ бодох хийх хоёр маш их ялгаатай шүү. Надад өөрийн гэсэн шавь нар бий. Багийнхаа орлон тоглогч залуусыг би өөрөө дасгалжуулдаг. Хүүхэд бүр тулааны урлагаар хичээллэх ёстой гэж би боддог. Жүдо, каратэ, эсвэл айкидо байх нь сонин биш, нэг нэгнээ хүндэлж сурах нь хамгийн чухал юм.
-Таныг эх орондоо багагүй алдашсан дуучин гэж мэднэ?
-Буяны тоглолтуудад оролцох зорилгоор л дуулдаг байсан юм. БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойгоор дуу дуулахад 500 сая хүн гар утсандаа татаж авсан байсан. Галзуурмар байгаа биз. Надад хэлэх үг олдоогүй. Их Британийн колони байсан Гонконгод би төрж өссөн. Тэр үед би ямар үндэстэн гэдгээ ч ойлгодоггүй байлаа. Харин хятадад нэгдсэнээс хойш би ямар үндэстэн гэдгээ бахархалтайгаар хэлэх болсон юм даа. “Би бол хятад хүн”. Эцэг маань Тайванийн талд ажилладаг тагнуул байсан гэдгийг нас барснаас нь хэдэн жилийн дараа мэдэж авсан ч авсан ч би хятад. Ядуу зүдүү амьдрал л эцгийг маань тийм бодлогогүй алхам хийхэд хүргэсэн байх. Эцгийнхээ тухай кино хийнэ гэж бодож байгаа. 
-Таны эцэг хаана ажилладаг, ямар хүн байсан юм бэ?
-Австрали дахь АНУ-ын ЭСЯ-нд ажилладаг байсан юм билээ. Намайг зургаан настай байхад Бээжинд дотуур байртай сургуульд суралцуулахаар илгээсэн. Намайг хаяж байна гэж ойлгодог байсан болохоор эцэг эхийгээ үзэн яддаг байж билээ. Гэсэн ч би сургуульд сурсан эрдмийнхээ ачаар орлон тоглогч хийн бага сага мөнгө олох чадвартай болсон. Брюс Лигийн орлон тоглогчоор ч ажиллаж явлаа.  
-Танд алдар нэр, хөрөнгө мөнгө  хангалттай санагддаг уу?
-Олье гэвэл өдөрт саяыг олсон ч чадна. Гэхдээ би мөнгөний боол болохыг хүсэхгүй. Даруухан байхыг хичээдэг. Өмнө нь би хамгийн сүүлийн үеийн Ферраригаа мөргөлдүүлчихээд шууд зам дээр хаяж, маргааш нь 10-ыг авч байлаа. Одоо тэгэхээ больсон. Арай ухаажсан гэх үү дээ. Би бүх ажлаа онгоцоор амжуулдаг. Гэхдээ баярхсандаа биш, аль болох олон буяны ажиллагаанд амжиж оролцохыг хүсдэг учраас л тэр юм. Өдөр нь хэдий олон хүнд тусална, шөнө нь төдийчинээ бөх нойрсдог учраас тэр. Би бусдад туслахыг үнэхээр их хүсдэг. Тиймээс нас барсныхаа дараа бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлах гэрээслэлийг биччихсэн байгаа. Үлдээсэн хөрөнгөн дээр минь эхнэр хүү хоёр маань муудалцаасай гэж хүсэхгүй.                        
-За за. Та хэзээ нэгэн цагт ур чадвараа амьдрал дээр ашиглаж байсан уу?
-Тийм ээ. Би муу залуу байсан. Цагдаагийн дуут дохио сонсоод зугтаж байсан тохиолдол зөндөө. Нударган дээр минь байгаа олон сорви бүгд л хэн нэгэн залуугийн шүднээс үүссэн юм шүү дээ. Болгож тавьсан хүнээ үхсэн эсэхийг мэдэх гэж сонин гарчиглан бүтэн сар бүгэх тохиолдол ч байлаа. 
-Брюс Ли таны нүдийг золтой л сохолчихоогүй гэдэг байх аа?
-Тийм шүү. Нэгэн удаагийн бэлтгэлийн үеэр намайг нэлээд чанга цохисон шүү. Брюс үнэхээр том од байсан болохоор би “Зүгээр ээ, зүгээр” гэж хэлээд өнгөрч билээ. Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй ч тэр надад бусдаас илүү сайн хандаж байх шиг санагддаг байлаа. Тийм болохоор заримдаа зураг авалтаа ч тасалж орхино. Орлон тоглогчид бэртэл авах тохиолдол их гардаг ч хэн ч санаа зовдоггүй байв. Даатгал гэх юм ч байхгүй. Хүсвэл ажилла, үгүй бол боль гэсэн дүрэм үйлчилдэг байлаа. Тавин жил энэ бизнест зүтгэхдээ би үхэхээс бусдыг л үзлээ. Одоо миний биед эрүүл газар алга. Биеийн аль нэг хэсэг өвдөхгүй нэг ч өдөр алга. Хөл, гар, тэр ч бүү хэл хүзүүгээ хугалахаас авахуулаад ой санамжаа хүртэл алдаж явлаа. 
-1984 онд бүтээгдсэн “Каратэ хүүхэд”-ийн гол дүр Нориюки Морита тэр дүрээрээ “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн гэдгийг мэдэх үү. Та ч “Оскар”-ын нэрэмжит шагнал хүртлээ?
-Амьдралдаа ганц удаа ч болов энэ шагналд нэр дэвших юм сан гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ эхлээд сүүлчийн тулаант кинондоо тоглож өөрийгөө хэн бэ гэдгээ харуулах хэрэгтэй байна. Дараа нь даруухан кинонд тоглож эхэлнэ. Бүр өөрийнхөө тухай мюзикл хийе гэж бодож байгаа. Миний амьдралын түүх хөгжмийн хэмнэл дор өрнөнө гээд төсөөл дөө. Бум бум бум гээд л… Би бас хайрын сэдэвт кинонд дүр бүтээх болно. Бүсгүйгээ дагуулж голын эргээр алхаад л, бас үнсэлцээд л. Яг л бусад жүжигчдийн хийдэг шиг…   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2(202.55.191.130) 2016 оны 12 сарын 11

hogii ongiroo durak ve

0  |  0
city(58.236.139.151) 2016 оны 12 сарын 03

Estoi mundag jujigchin shuu Nas ni yavsan ch sergelen tsovoo Master tulaanch

0  |  0
vc(202.9.42.31) 2016 оны 11 сарын 26

ерөнхий прокурорийн нэрээр хэнтий аймгийн энхбяар гэдэг прокурор 50 саяын азарганы хэргийг хаасан байх 7 саяыг аймгийн даргаасаа албанд аваад хувьдаа завшсан байх байгууллагын машиныг усанд живүүлсэн байх гэсэн мэдээлэл яваад байна прокурорын байгууллага үүнийг шалгах уу авилгыын газар шалгах уу ,,,,,,,,,

0  |  0
goy(202.9.40.165) 2016 оны 11 сарын 26

goy

0  |  0
Top