Электрон тамхи дэлбэрснээс болж, III зэргийн түлэгдэлттэй болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 27

Өнгөрөгч лхагва гарагт Нью Йорк хотын нэгэн дарсны дэлгүүрийн ажилтаны өмөдний халаасанд байсан электрон тамхи дэлбэрсэн талаар CNN мэдээллээ. Энэхүү мэдээлэлд дурдсанаар дэлбэрэлтэд өртсөн Отис Гуудин хэмээх залуугийн хувьд өдгөө 31 настай бөгөөд одоогоор III зэргийн түлэгдэлттэй болж, эмнэлэгт хэвтэж байгаа ажээ.

Дэлгүүрийн аюулгүйн камерт бичигдсэн бичлэгээс харахад лангууны ард бусадтай яриад зогсож байсан Отисын халааснаас гэнэт оч үсэрч, маш хүчтэй дэлбэрч эхэлсэн байгаа юм. Тухайн үед түүний ойр хавьд байсан хүмүүс тусламж үзүүлж чадаагүй бөгөөд “Бид маш их балмагдаж, айж сандарсан” хэмээн цагдаад мэдэгдсэн байна.  

Дэлгүүрээр үйлчлүүлж явсан Ли “Би маш их цочирдсон байсан. Отис эмч нарыг ирэхээс өмнө түлэгдсэн хэсэг дээрээ ус цацаж харагдсан” хэмээн ярьжээ.  

Нью Йорк хотод электрон тамхи дэлбэрч байгаа тохиолдол ганц энэ биш юм. Учир нь өнгөрөгч тавдугаар сард нэгэн залуугийн татаж байсан электрон тамхи дэлбэрч нүүр болоод гар нь маш гүн түлэгдэж, нэг талынх нь шүд ташраараа унасан талаарх мэдээлэл байна.

Мөн Алабама мужийн нэгэн суруулийн сурагч электрон тамхи татаж байгаад нүүрээ түлсэн тохиолдол ч бүртгэгдэж байжээ.


Дээр дурдсан Отисын хувьд электрон тамхи үйлдвэрлэгч компанитай хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа бөгөөд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоонд тус байгууллагыг шүүхэд өгөх хүсэлтээ илэрхийлээд байгаа ажээ.

Дашрамд өгүүлэхэд Японы эрдэмтдийн шинэ судалгаагаар электрон тамхи нь ердийн тамхинаас 10 дахин их хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг болохыг илрүүлсэн байна.  Японы Эрүүл мэндийн яамны судлаачдын баг электрон тамхинаас гардаг уурыг шинжилж үзэхэд, формальдегид, ацетальдегид зэрэг шууд хорт хавдар үүсгэгч бодисууд илэрчээ. Үүгээр зогсохгүй, электрон тамхинд агуулагдах формальдегид нь ердийн тамхиныхаас 10 дахин илүү хэмжээтэй байжээ.


Судлаач Наоки Кунугита “Ялангуяа [шингэн ууршуулдаг] төмөр нь хэт халах үед илүү их хорт бодис ялгаруулдаг бололтой” хэмээн хэлсэн байна. Кунугита тамхи татах зуршилтай болж буй хүмүүст хандан “Зарим үйлдвэрлэгч ийм бүтээгдэхүүнээ ердийн тамхитай хоршуулах, эсвэл залуу хүмүүс ердийн тамхины оронд хэрэглэх зориулалтаар борлуулж байна” гэдгийг ухаараасай хэмээн сануулсаар байгаа юм. 

О.Туяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top