Цоожтой хаалганы цаана уйлж суугаа тэд “Хүчирхийллийн эсрэг хууль”-ийг л хүсэж байна

2016 оны 11 сарын 29

...Хамгийн хэцүү нь хүнд хэцүү ийм байдлаа хэнд хэлэхээ мэддэггүй. Цээж дүүрэн амьсгал аваад, сэтгэлээ уудлаад ярих юм сан гэж хэчнээн хүсдэг гээч...

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн ярианаас...

Тиймээ, Хүчирхийлэлд өртөгчид өнөөдөр хуулийн байгууллагад хандах нь бүү хэл, хэлэх үгээ ч бусдад хүргэж чадахгүй тийм хүнд нөхцөлд байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг биеээрээ, сэтгэлээрээ хохирохын дээр эрх чөлөөгөө хүртэл чөдөрлүүлдгээрээ бусад төрлийн гэмт хэргээс хамгийн хүнд гэж хэлж болно. Өдгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн тоо жилээс жилд өсөж байна.

Ганцхан тоо баримт дэлгэхэд, энэ оны эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн нийт 87 хэрэг үйлдэгдэн гарснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлж, 77 хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг хэргийг түдгэлзүүлж, ажиллагаанд долоон хэрэг шалгаж байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хэрэг буюу 54 хувиар нэмэгдсэн байгааг Прокурорын байгууллагаас албан ёсоор гаргажээ.

Энэ бол хуулийн байгууллагаар шалгагдаад прокурорын шатандаа хүрсэн хэргийн тоо шүү. Харин үүний цаана харьяа дүүргийнхээ хэсгийн байцаагчаас буцаагдсан болоод огт хуулийн байгууллагад хандаагүй хэчнээн хэрэг цоожтой хаалганы цаана үйлдэгдэж байгааг хэлж мэдэхгүй нь. Дээрх тоон баримтаас дүгнэхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх манай улсын хуулийн бодлого дэндүү дампуу нь харагдах.

Та бод доо. Гэр бүлийн хүчирхийллийн 87 хэрэг бүртгэгдсэнээс 77 хэргийг нь буюу бараг 90 хувийг нь хэрэгсэхгүй болгосныг юу гэж ойлгох вэ. Хүчирхийлэлд өртсөн 77 хохирогч хуулийн байгууллагад хандсаныхаа үр шимийг хүртэх нь бүү хэл, харин ч хүчирхийлэгчийг өөгшүүлж, үйлдсэн гэмийг нь гэмт хэрэг биш гээд “тодорхойлоод” явуулж байгаа нь үнэхээр аймшигтэй.

Ийм байхад хэн хуулийн байгууллагад хандахыг хүсэх билээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх муу бодлогын гайгаагаар хүчирхийлэгчид гаарч байгаа нь бүр ч харамсалтай. Уг нь өнгөрсөн жил Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох хуулийг шинэчлэн найруулж, хэрэгжүүлэхээр болсон ч засаг солигдсоноор замхран унасан. Шалтгаан нь, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг дангаар нь хэлэлцэх болсонтой холбоотой гэх. Хамгийн харамсалтай нь хууль тогтоогчдыг ингэж “шоудаж” байх  хооронд хэдэн мянган хүүхэд эмэгтэйчүүд /хүчирхийлэлд өртөгчдийн 95 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг/  хүчирхийллийн золиос болж байгаа явдал юм.

Яг өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд”-ийг Төрийн ордонд хэлэлцэж байна. Хууль тогтоогчдод хандаж хэлэхэд, цэц булаалдаж, лобби хийж байх цаг  үлдээгүй шүү, та бүхэнд. Цоожтой хаалганы цаана уйлж суугаа хүчирхийлэлд өртөгчдөд хуулийн хамгаалалтыг нь л хурдан бүрүүлээд өгөөч!!!

С.Баяр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
delgermaa(202.9.43.81) 2016 оны 11 сарын 28

yum xiimeer bnshvv ene xudlaa xayg shoshigotoi xvmvvs

0  |  0
delgermaa(202.9.43.81) 2016 оны 11 сарын 28

xvn zodoj bn geed medeelel ogxoor tvmen yum asuugaad deer ni irex geseer baital ni noxtsol baidal xvndersen baidagshdee zarim ni irdeg ch vgvi yum bilii xudlaa xutsaj baixiinxaa orond sudalgaa ybulj,boditoi yum xiimeer yum

0  |  0
ИРГЭН(103.57.94.84) 2016 оны 11 сарын 28

ЗӨВ ШҮҮ

0  |  0
MAN(202.9.42.203) 2016 оны 11 сарын 28

ene songogdoj garch irsen nam chin uuruu huchirhiilrgch shuu dee, teheer yu gej ene huuliig demjij vee dee.

0  |  0
Zochin(202.21.117.42) 2016 оны 11 сарын 28

Zuv sedev hundjee, uuriiguu hamgaalah chadvarguigeer ni dalimduulj hen durtai ni emegtei huniig deerelhej zodoj gemteedeg tegeed yamar ch huuliin hariutslaga huleehgui baina, demii hergiig heregsehgui bolgoson tsagdaagiin gazart gomdood ungurch bn shuudee

0  |  0
Top