Зам зассан ч МАРГАЛДАНА, лам залсан ч МЭТГЭЛЦЭНЭ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

Одоогийн БНХАУ-ыг үндэслэгч Мао Зедун нэгэн удаа “Ард түмэн бол цагаан цаас. Дээр нь юу ч бичиж болно” хэмээсэн байдаг. Тиймдээ ч тэрээр Хятад хүн бүрийн зүрх сэтгэлд Мао дарга гэдгээрээ мөнх оршиж, түүний хэлсэн үг бүрийг үнэн хэмээн итгэдэг байв. Хүчирхэг удирдагч л ард түмнийг дуртай өнгөөрөө будаж, хэлсэн үгэндээ итгүүлж чаддаг аж.

Нийгмээ дагах биш дагуулж чаддаг удирдагч улсаа хөгжүүлж чаддаг гэдгийг Францын Наполеон Бонопарт, Германы Отто фон Бисмарк, Адольф Гитлер, Английн Уинстон Черчилль, Оросын Иосиф Сталин, Энэтхэгийн Махатма Ганди, Сингапурын Ли Куан Ю нараар төлөөлүүлж харж болно.

Дээрх улсууд биднийг зөвхөн малынхаа шимээр амьдардаг, гэрэл цахилгаан гэж мэдэхгүй байх цаг үед аль хэдийн Европ, Азийн хөгжлийг тодорхойлогчид байжээ.

Нэгэн түүхийг эргэн сөхвөл, 50-хан жилийн өмнө Өмнөд Солонгос өлсгөлөнд нэрвэгдэж, Сингапур газрын хөрсөн дорооч тэр, дээрээ ч тэр юу ч үгүй, хэдхэн сая хүн амтай байсан. Одоо тэд Азийн бар улсууд болжээ. Газар дороо нэг ч баялаггүй, хөрсөндөө шимгүй Сингапур улс яаж Азийн бар болов? Хоногтоо хэдхэн грамм цагаан будаагаар голоо зогоож, улсаараа хямралд өртөж, өлсгөлөнд нэрвэгдсэн Солонгос улс хэрхэн Азийн бар улс болж чадав аа?

Бид өнгөрснөөсөө хагацах тун дургүй улс. Тиймдээ ч Чингис хаан, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, С.Зориг нарын байгуулсан улс, тухайн цаг үед гаргасан улс төрийн шийдвэрийг нь шүүмжлэх нь шүүмжилж, эсэргүүцэх нь эсэргүүцсээр байна. Монгол Ардын Нам, Ардчилсан нам гэх хоёр улс төрийн хүчинтэй. Ард түмэн тэдэнд ээлж дараалан төр барих эрхийг олгов. Харамсалтай нь улс төрийн намууд нийгэмд хийсэн өөрчлөлт, улсад авчирсан хөгжлөөрөө биш хураасан хөрөнгө, хэлсэн үгээрээ өрсөлдөөд байх шиг.

Өнгөрөгч хавар манай улсад Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров айлчлал хийв. Тэрхүү айлчлал Монгол төдийгүй дэлхийн улсуудын анхаарлын төвд байсан юм. Учир нь Сергей Лавровын жийнсэн өмдтэй айлчлал манай иргэдийн дургүйг хүргэчихэв. Гайтай жийнсэн өмднөөс болж айлчлалын гол утга учир, улсад хэрэгтэй гэрээ хэлцлийг хэн ч анхаарсангүй. Өнөөх л жийнсэн өмдөө ярьсаар. Хэвлэлүүд хүртэл “Сергей Лавров биднийг доромжилж, дорд үзлээ” гэсэн утга бүхий нийтлэл, мэдээнүүдийг ар араасаа бичиж байв. Үнэн хэрэгтээ энэ нь Монголын Гадаад хэргийн яамны “алдаа” байсан. Улс орнуудын дипломат ёс нарийн журамтай байдаг ч тухайн айлчлалаар явж буй улсын талд айлчлал ямар маршрутаар хэрхэн явагдахыг нэгд нэгэнгүй бичсэн протоколыг урьдчилан хүргүүлэх ёстой. Төрийн ёслол хүндэтгэлийн харуулуудтай угтаж авна гэсэн мэдээллийг манай Гадаад хэргийн яам хүргүүлээгүй хэрэг. Тиймдээ ч Оросын тал энэ асуудал дээр Монголыг буруутгаж буйгаа албан ёсоор илэрхийлсэн.

Үр дагавар нь юу байв?

Цахим орчноор энэхүү жийнсний хэргийг хүчтэй эсэргүүцсэнээс болж хэвлэл мэдээлэл, төрийн өндөрлөгүүд ч дагаад мэдээ, мэдээлэл гаргасан. Дээр өгүүлсэнчлэн жинхэнэ төр баригчид нийгмээ дагах биш дагуулах ёстой. Зөвхөн энэ айлчлалаас харахад монголын хэвлэл мэдээлэл, төр, улс төрчид бүгд нийгмийг дагаж явдаг ажээ. Монголчуудын хийрхсэн, өнгөрснөөсөө салах дургүй, аливаа зүйлийг үргэлж шүүмжилж, нэгэн санаа сэтгэл дор нэгдэж чаддаггүй нь сүүлдээ Монголын төрд ч нөлөөлөх болов.

Сергей Лавровын айлчлалын дараа Монгол судлаач, Кардиффийн их сургуулийн профессор Сергей Радченко Америкийн "Эрх чөлөө" радиод нэгэн ярилцлага өгсөн байв.

Тэрээр “Монголыг дэлхийн нөлөө бүхий орны нэг гэж нэрлэх аргагүй ч энэ оронтой найрсаг, нөхөрсөг харилцаа тогтооход нэлээд хүчин чармайлт ордог. Олон зуун жилийн түүхээрээ бахархаж явдаг монголчуудыг гомдоохгүйн тулд гадаад улс орнуудын тэргүүн, дипломат ажилтан, улстөрчид маш жижигхэн зүйлд ч онцгой анхаарч байхгүй бол болохгүй. Дэлхийн их гүрнүүдийн удирдагч нар ч анхаарч, болгоомжилж байхгүй бол монголчуудтай муудалцана гэсэн үг.

Тэднийг үл тоомсорлох, зан заншлыг нь ойлгохыг хүсээгүй явдлаас болж хэд хэдэн удаа монголчууд улс орон даяараа бухимдан хилэгнэж байв. Хятадын тэргүүн Си Зиньпин 2014 онд Улаанбаатарт айлчлахдаа Монголын ард түмнийг хүндэлж байгаагаа харуулах гэж алдарт яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг уншсан билээ. Энэ шүлгэнд "Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон" гэсэн бадаг бий. Монголын олон нийтийн сүлжээгээр тэр дор нь хятад хүн Монголыг төрсөн нутгаа гэж нэрлэлээ хэмээн бухимдаад авсан. Си Зиньпинээс өмнө монголчуудыг яс маханд нь тултал гомдоосон хүн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама. 2011 онд болсон НҮБ-ын чуулганы ёслолын үеэр зураг авалтан дээр гараа өргөн, Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг халхалж орхисон. Обама хэдийнэ мартсан нь ойлгомжтой ч энэ явдлыг монголчууд одоо болтол маш том доромжлол хэмээн дурсан санасаар байдаг.

Тэгвэл дөнгөж саяхан монголчуудыг дэлхийн хэмжээний бас нэгэн улстөрч гомдоож орхилоо. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монголд айлчилсан. Монголын томчууд, цэргийн хүндэт харуул жагсан хүлээж байхад тэр онгоцноос хөх жийнс, зангиагүй цэнхэр цамцтай бууж ирсэн. Лавров алдаагаа засах гэж оролдон, Ц.Элбэгдоржтой уулзахдаа зохих хэмжэээгээр хувцасласан ч монголчуудын уур хилэнг зогсоож чадаагүй. Монголын нөлөө бүхий нэгэн улстөрч "Гадаадад айлчлал хийхдээ сантехникийн слесарь шиг хувцасласан нь биднийг хүндлэхгүй байгаа хэрэг. Нэг үгээр хэлэхэд энэ бол дормжлол" гэж хэлсэн.

Тэгэхээр үүнийг монголчууд лав хэзээ ч мартахгүй. Монголчууд маш бардам ард түмэн. Газар нутаг нь том ч гуравхан сая хүн амтай. Хүчирхэг байсан Монголын эзэнт гүрний үеийн түүхээ тэд одоо ч дурсан санаж байдаг. Мэдээж, дэлхий дахин ч тэдний энэ үеийг сайн санаж байгаа. Ялангуяа Орост аймшигт "Татар Монголын дарлалын үе" гэж дурсдаг бол монголчууд харин эсрэгээрээ тэр үеэр бахархаж, Монголын эзэнт гүрэн Евразийн хамгийн супер гүрэн байсан гэж үздэг. Тэд бахархлаа хайрлан хамгаалдаг. Хуучин ЗХУ-ын үед социалист орон байхдаа ЗХУ-ын атганд байсан гэдгээ ойлгодог. 1990 оноос эхлэн тэдний үндэсний ухамсар сэргэн мандаж, эртний түүх, Их Хаан, Эзэнт гүрний үеэ дурсан санагалзах болсон. Лавровын асуудалд орсон тэр нисэх онгоцны буудал ч "Чингис хаан" нэртэй. Хотын төвийн Д.Сүхбаатарын талбайг тэд 2013 онд "Чингисийн талбай" болгон өөрчилж, Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхныг авч хаян, Чингис хааны аварга том хөшөө байрлуулсан. Улаанбаатар хотын ойролцоо ч аварга том Чингис хааны морьт хөшөө байдаг. Монголчууд тийм ядуу улс биш, тэдний амьдралын түвшин сүүлийн үед их дээшилсэн. Эдийн засгийн өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлж байсан орон шүү дээ. Харин одоо Хятадын эдийн засаг хямарсан болохоор Монголын байгалийн баялаг, ашигт малтмалын үнэ буурч, бага зэрэг зогсонги байдалд ороод байна. Гэхдээ сүүлийн 10 жилд монголчууд маш хөгжиж, орчин үеийн орон болж хувирсан. Тийм болохоор тэд хуучны хүчирхэг үедээ эргэн орохыг хүснэ гэж хэлэхэд учир дутагдалтай” хэмээжээ.

Хамгийн сүүлд Далай ламын айлчлал манай орны төрийн гэрээ хэлэлцээрт асар томоор нөлөөлөв. Хятадаас гуйсан 4,3 тэрбум доллар Далай ламын айлчлалын дөрөв хоногтой хамт салхинд хийссэн гэсэн үг. Солонгосын ард түмэн улсынхаа төлөө өөрсдийн эд хөрөнгөө хандивлаж, Сингапурчууд амрах завгүй ажиллаж байв. Харин бид бусдаас гуйлга гуйж, тулга тойрсон хэрүүлээс өөрийг мэдэхээ больжээ.

Зам зассан ч маргалдана, Лам залсан ч мэтгэлцэнэ.

Зарим нэг нь биднийг зовлон үзээгүй ард түмэн гэлцдэг. Нээрээ ч бид өлсөж үзсэн биш. Одоо л хүн амын дийлэнх нь ядуу, амжиргаа муу хэмээн ярих болжээ. Гадны хэвлэлүүд “Монголчууд ядуу, өлсгөлөн байгаа нь төрийнх нь буруу” хэмээдэг. Хүн амын дийлэнх нь бичиг үсгийн боловсролтой ч бүгд сэтгэлгээний ядууралд нэрвэгдчихснээ мэдэхгүй байгаа юм биш биз.

Шинэ засаг гарсан ч ард түмний шүүмжлэлээс айгаад бодитой өөрчлөлт, шийдвэр гаргаж чаддаггүй. Ямар сайндаа Ерөнхий сайд нь хүртэл “Хүүхдүүдээр цас цэвэрлүүлэхгүй” гээд сууж байх вэ дээ. Зөвхөн ард түмэнд сайхан харагдах гэж ийм зүйл хийгээд, Засгийн газрын тэргүүн хэмээн сууж байгаа бол харамсалтай л хэрэг.

Германы Отто фон Бисмарк 1862 онд Ерөнхий сайд болоод дөнгөж долоо хоносны дараа нэг хэлсэн үгэндээ: “Орчин үеийн том асуудлыг ихэвчлэн үг яриа, тогтоол шийдвэрээр биш, харин жад сэлмийн хүчээр л  шийдвэрлэх болно” хэмээсэн байдаг.

Тухайн үеийн нийгмийг жад, сэлмийн хүчээр шийдвэрлэхээс өөр аргагүй гэдгийг Отто фон Бисмарк олж харсан хэрэг. Харин бидний энэ цагийг юугаар, хэрхэн шийдвэрлэвэл зохистой вэ? Хагарч бутарч, талцаж маргалдсан ард түмнээ төр дагуулах уу, дагасаар л байх уу.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэгүүдэд(202.21.120.66) 2016 оны 11 сарын 30

Tэнэгүүд та нар өөрсдөө юу ч бичихгүй байж бичиж байгаа хүний санааг ойлгохгүй захын ганц ойлгоогүй өгүүлбэрээрээ түрээ барьж коммент гэж нусаа наахаа больчихвол яасан юм бэ

0  |  0
Zochin(202.179.23.61) 2016 оны 11 сарын 29

Enk-uynga odoo tegeed huuhdeer tsas tseverluuleh ni zuv gej uzeed bgaa yum uu?teneg ve?

0  |  0
жирийн ард(182.160.40.157) 2016 оны 11 сарын 29

Сэтгүүлч нар минь зөв бичгийн алдаа хийхээс илүү утгын алдаа их гаргадаг болжээ. Англи улс тэр тусмаа Черчилль 2 бол хэнч салгахааргүй зүйлс ш дэ. Ядаж бичсэн зүйлээ сайн хүнээр шүүмж хийлгэж байж нийтлүүлээч

0  |  0
Монголын эгэл иргэд (202.9.43.149) 2016 оны 11 сарын 29

Төр ард иргэдын эрх ашгийн төлөө хатуу байх хэрэгтэй энэ эрхийн тэнэг хүүхдүү улс орныг маань самарч гүйцлээ одоо хатуухан гараад улс орноо жолоодож хямралаасгарах хэрэгтэй

0  |  0
Монгол хүн(202.55.191.76) 2016 оны 11 сарын 29

Үнэн дээ монголчууд өлсөж үзээгүй ард түмэн хамгийн үгээгүй ядуу гээд үлгэрт бичихдээ саалийн таван ямаатай чөдрийн ганц морьтой гэдэг шүү дээ тэгэхээр элгээрээ хэвтээд тэрчилээд байгаа ч юм алга худлаа сүржигнэсэн улс төрчдийн үгээр намираад байдгаа боливол яасийн ард түмээн ашдын билэгээс амны билгээр гэдэг байхаа

0  |  0
Akhlagch(103.242.44.112) 2016 оны 11 сарын 29

Eriig ard tumen tawiagui.Sanal luiwardaj terd garch irsen luiwarchid tawisan. Teriin nereer zeelsen ter ikh khaana baina we? Terd ch irgediin gar baikhgui. Khaana baina luiwarchdiin bank, khashaa, karmaa, gadaadad baina. Ene ikh eriig irged tatwaraar telekh ni shudraga bish. Negee awch idsen luiwarchid telekh yestoi. Tiimees Mongoliin ard tumen ergui.

0  |  0
Зика(202.21.106.103) 2016 оны 11 сарын 29

Нөгөө алдарт Дамба-Очир чинь дээр ирээд суучих шүү

0  |  0
bat(139.5.216.137) 2016 оны 11 сарын 29

Anglin cherchili lalaraa

0  |  0
Top