Ч.Санжаадамба аварга сайн үйлсийн аян санаачиллаа

2016 оны 11 сарын 29

Монголын үндэсний бөхийн “Аваргуудын зөвлөл” өчигдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанд Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба нар хүрэлцэн ирсэн байв.

Анх 2007 онд үүсгэн байгуулагдсан тус зөвлөл өдгөө арван аваргаа эгнээндээ нэгтгээд байгаа юм. Хамгийн сүүлд буюу өнөө жилийн улсын наадмын түрүү бөх Ч.Санжаадамба аваргыг өчигдөр тус зөвлөлийн гишүүнээрээ элсүүлэн батламжилсан юм. Батламжийг “Аваргуудын зөвлөл”-ийн тэргүүн Монгол Улсын аварга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гардуулан өглөө.

Мөн энэ үеэр бөхчүүдийн ёс зүйн асуудал болоод нийгмийн сайн сайхны төлөө бөхчүүдийн оруулах хувь нэмэр, өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад зориулсан хандивын аян санаачлах талаар аваргууд санал бодлоо солилцсон юм.

Бөхийн ёс зүйн асуудал дээр аваргууд юу ярив

Д.Сумъяабазар:

“Аваргуудын зөвлөл” анхааралдаа авах нэг асуудал бол бөхчүүдийн ёс зүй болоод байна. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр өнөөдөр нэг бөхийн ёс зүйн асуудлаас болж, монгол бөхийн нэр төр нийгэмд нэлээд унах боллоо. Энэ асуудал дээр манай аваргууд санал бодлоо хэлнэ үү.

А.Сүхбат:  Аваргууд маань залуучуудтайгаа уулзаж, бөхийн галуудаар явж, зааж сургадаггүйтэй холбоотой

Бөхчүүдийн ёс зүйн асуудал дээр Монгол бөхийн аваргууд бидний байр суурь болоод соёл хүмүүжлийн асуудлуудын талаар дуугарч байх ёстой гэж би боддог. Монгол үндэсний бөх олон жилийн туршид хуримтлагдсан аугаа сайхан ёс жаягтай. Сүүлийн үед залуу бөхчүүдийн дунд монгол бөхийн ёс зүй алдагдаад байна уу даа гэж бодогдох болсон. Энэ нь ч аргагүй юм даа. Бид бүхэн  залуучуудтайгаа уулзаж, бөхийн галуудаар явж, зааж сургадаггүйтэй холбоотой гэж боддог. Бид бүхний сурсан мэдсэн бүхий л зүйл багшаас эхтэй. Ахмад бөхчүүдээ дээдлэх, тэднийхээ зөвлөгөөг авах дээр л анхаарч ажиллах нь зүйтэй юм. Зарим барилдаан дээрээс харахад залуу бөхчүүд маань бие, бие рүүгээ аагих омогрох зүйл ажиглагддаг. Тэгэхээр бид бүхнийг авч явдаг, тэжээж байдаг, бид бүхнийг алдаршуулж байдаг энэ Монгол Улсынхаа ард түмэн, үзэгч түмнийг бид хүндлэх ёстой юм. Ард түмний хүндэтгэлд бид бүхэн оршиж байгаа юм. Ард түмэн маань бидэнд цол өгч, үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч маань баталж, алдаршуулж байна. Ард түмнээ дээдлэх, төрөө дээдлэх энэ ухаанд сайн суралцах цаг үе болчихжээ гэж хараад байгаа юм.

Х.Баянмөнх: Допингийн асуудал бөхчүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна

-Бөхчүүдийн ёс зүйн асуудлыг хөндөж байгаа нь сайн хэрэг. Монголын ард түмэн монгол бөхөө нэр төр, нүүр царай, аз хийморио гэж үзэж билэгшээдэг. Тийм учраас монгол бөхийн барилдаанаар барилдаж байгаа бөх хүн бол ард түмнийхээ өмнө монгол бөхийнхөө дэг журмыг хатуу сахиж, хүнлэг байх учиртай. Ер нь бөх хүн бүх талаараа буюу хүнтэй мэндлэхээс эхлээд хүнтэй харьцаж байгаа, асуултад хариулж байгаа гэх мэтээр бүх зүйлд ёс суртахуунтай, үнэн зөв юм ярьдаг, үйлс нь өндөр байдлыг шаардах хэрэгтэй. Энэ талаар бид бөхчүүдээ сурган хүмүүжүүлэх шаардлагатай. Үүнийгээ барилдааны дүрмэнд оруулж өгөх хэрэгтэй.

Хоёр дахь нь, энэ допингийн асуудал. Энэ бол их буруу. Би их олон удаа ярьж байна. Юу гэвэл, допингийн шинжилгээнд хяналтын асуудал сул байна. Хяналтын коммис гэж байх ёстой. Допингийн шинжилгээ авахад нэг, нэгээр нь оруулдаг юм билээ. Ямар ч хяналтгүй. Муугаар бодоход ямар ч хүний шээсээр сольж болохоор байгаа юм. Энэ бол бөхчүүдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Энэ дээр бол дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Ингэхгүй бол хүний эрхийг үл хүндэтгэсэн, журамгүй, дураараа авирласан ийм зүйл яваад байна.

Бид нэг л их жудаг гэж яриад байдаг. Жудаг гэж юуг хэлж байгаа юм бэ. Тэр “Жудаг гэж юуг хэлээд байгаа юм бэ” гэдгийг тайлбарлах учиртай. Учир утгагүй ганц үгтэй. Тэр нь амьдралд хэрэгждэггүй. Өнөөдөр монгол бөхөөр барилддаг 28 мянган хүн бий гэсэн тоо байдаг. Энэ дунд олны хайр татсан олон сайхан бөхчүүд бий. Бид өнөөдөр аваргуудын зөвлөлийн энэ ажлыг маш өндөрт тавих хэрэгтэй байна. Юуны тулд аварга болсон юм. Хойч үеэ хүмүүжүүлэх ёстой. Юуны тулд аварга болсон юм. Болохгүй зүйлд үгээ хэлж, бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр яаж байна. Өө тэр аварга яахав, манай нутгийнх биш, өө тэр аварга өөр намынх, өө тэр аварга миний үзэл санааг дэмждэггүй гэх хандлага гаргаж байна. Тэгэхээр яаж монголын бөх ёс зүйтэй, дүрэм дэгтэй байх юм бэ. Ийм асуудал гарч ирж байна. Одоо бүгдээрээ энэ цолны асуудлыг ч гэсэн сайн ярьж, шинэчлэх хэрэгтэй байна. Даваа болгон цолтой байна. Уг нь бидний өвөг дээдэс хоёр давааны дунд нэг цолны чансаа байхыг тодорхойлоод хэрэгжүүлээд ирсэн зүйл.  Тав, зургаагийн даваанд начны чансаа байдаг, долоо, наймын даваанд зааны чансаа байдаг, үзүүр  түрүүнд арслан, аваргын чансаа байдаг гэдэг. Гэтэл одоо даваа болгонд цол олгоод гарьд цол ч гэх шиг. Гарьд гэж энэ үлгэрийн амьтныг үнэхээр олгох гээд байгаа юм бол аваргуудын дор аваачиж тавь л даа. Гарьд шувуу орж ирээд арсланд хазуулаад сэг нь хэвтэж байгааг хүн төрөлхтөн хараагүй байх. Харах ч үгүй. Үлгэрийн тэр амьтныг амьд амьтны дор аваачиж байр эзлүүлж байдаг, тийм зарчим монгол бөхийн утга агуулгыг алдагдуулж байгаа байхгүй юу. Гэх зэрэг олон асуудал байна. Ёс зүйн асуудлыг бол аваргуудын зөвлөлөөс маш өндөрт тавьж ажиллах хэрэгтэй байна. Бөхийн холбоо нь аваргуудаа хүндэтгэж байгаа бол бөхчүүд аваргуудаа хүндэлнэ. Гэвч бөхийн холбоо нь хүндэтгэдэггүй. Бөхийн холбоо нь аваргуудаа тоохгүй байгаа бол бөхчүүд нь аваргуудаа тоохгүй гэсэн ийм байдал руу орж байна. Ийм баймааргүй байна. Үүний эсрэг аваргууд ажиллах ёстой.

С.Мөнхбат: Үндэсний бөхөд барилдаж байгаа утга учрыг нь ойлгуулах хэрэгтэй

-Аваргуудын зөвлөл тодорхой хугацаанд ажиллаагүй удсан байна. Тэр хооронд хоёр шинэ аварга төрсөн байна. Монгол бөхөд ёсзүйн асуудал хурцаар яригдаж байна. Өнөөдөр бөхчүүдийг дунд нь жалга довны үзлээр нь хагаралдуулж байгаа нь үндэсний бөхийн энэ сайхан ёс журам, уламжлал алдагдаж байгаагийн илрэл. Хоёрт, манай аваргуудын зөвлөлөөс хойч үедээ зааж сургах, үндэсний бөхөд барилдаж байгаа утга учрыг нь ойлгуулах хэрэгтэй байна. Тиймээс хойшдоо аваргуудын зөвлөлөөс тогтмол ажил зохион байгуулж, хойч үеэ сурган хүмүүжүүлэх нь чухал байна.

Ч.Санжаадамба: “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэгтэй л адил зүйл болно

-Аваргууддаа баярлалаа. Өнөөдөр намайг зөвлөлийнхөө гишүүнээр хүлээж авч байгаад талархаж байна. Миний хувьд аварга болоод удаагүй байна. Нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй, ойлгохгүй юм зөндөө байгаа. Бөхчүүдийн ёс зүйн асуудлын тухайд бол үндэсний бөхийн бөгш маш муудсан байна гэж харж байгаа. Өв уламжлалаа зааж өгдөг багш байхгүй болсон байна. Гараа, дэвээ, шаваа, тахимаа өгөх ёс гээд бүх юмыг багш хүн  зааж өгөх ёстой. Тэгэхээр үндэсний бөхийн багшийн асуудлыг авч ярилцах нь зүйтэй болов уу. Мөн манай аваргуудын зөвлөл хурлаа хийгээгүй дөрвөн жил болсон юм байна. Зөвлөл маань бөхийн холбоотойгоо нийлээд ажиллавал зүгээр байх. Тэгэхгүй ингээд хоёр тал болчихоод наана, цаана гээд байвал “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэгтэй л адил зүйл болно. Аваргууд нь учраа олохгүй бол бөхчүүд нь ямар байх билээ.

А.Сүхбат: Надад нэг санал байна. Аваргуудын зөвлөлөө жилдээ хоёр удаа хуралдуулъя. Ингэхдээ дөрвөн сард нэг удаа хаврын хуралдаан гэж хийе. Дараа нь 11 дүгээр сард хоёр дахь хуралдаанаа хийе. Тэр хурлаараа ирэх онд хийх ажлынхаа төлөвлөгөөг батлах асуудлыг ярилцдаг байя. Мөн энэ хуралд бүх аваргуудаа оролцуулдаг байя гэж байгаа юм.

Д.Сумъяабазар: Бөхчүүдийн энэ ёс зүйн асуудал дээр сэтгэл эмзэглэж явдаг. Тэгэхээр бид бөхчүүдийн ёс зүйн асуудлыг цаашдаа Монгол бөхийн холбоотойгоо нягт уялдаа холбоотой уяж байж, ойлголцож байж, нийгэмд үзүүлэх үйл ажиллагаагаа өргөнөөр явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Аваргуудын зөвлөл өнгөрсөн дөрвөн жил налгар байсан зүйл байгаа. Бид цаашдаа  бие, биенээ шахаж ажиллах ёстой гэж ойлгож байна. А.Сүхбат аваргын гаргасан хавар, намрын циклд хуралдах энэ саналыг дэмжиж байна. Ер нь улиралд нэг удаа хуралдаад явахад ч буруудахгүй гэж бодож байна.

Х.Баянмөнх: Энэ зөвлөл ер нь нэг дүрэмтэй болмоор байгаа юм. Энэ чинь бас нэг ТББ шахуу юм шүү. Энэ зөвлөлдөө аваргуудаа элсүүлж авч байгаа нь их зөв. Мөн хуралд суухгүй ирэхгүй байгаа аваргуудыг зөвлөлөөс хасах хэрэгтэй. Яадаг юм, авч хэлэлцэхгүй, тоохгүй байгаа хүнийг хасахад юу нь буруу байхав. Одоо яагаад гурван удаагийн хурал зөвлөгөөнд суугаагүй, шийдвэр биелүүлээгүй хүнийг дүрмийнхээ дагуу хасаж болохгүй гэж.

Сайн үйлсийн аян санаачлах тухай аваргуудын бодол

Сумъяабазар: Аварга хүн бол зүйрлэвэл, Засгийн газрын сайдын дайтай хүний энтэй явах учиртай. Би энэ үгийг Монголын нэртэй хөгжмийн зохиолч, Н.Жанцанноров гуайн  амнаас сонсч байсан. Тэрбээр “Ер нь Монгол Улсын аварга хүн гэдэг бол сайдын дайтай хүн юм.Монгол хүн тийм л хэмжээнд үндэсний бөхийн аваргаа хүндэлж, хүлээж явдаг” гэж 2006 онд хэлж байсан санагдана. Үнэхээр ч үнэн. Тэгэхээр монгол бөхийн аваргууд бид бүх талаараа үлгэр дууриалалтай, нийгэмд сайн сайхныг дэлгэрүүлж, нэр төрөө өндөрт авч явмаар байгаа юм. Иймээс ч өнөөдрийн хурлаараа нийгмийн сайн сайхан бөхчүүдийн оруулах хувь нэмрийн талаар ярилцахаар оруулсан байгаа. Та бүхэн саналаа хэлнэ үү. .

Х.Баянмөнх: Нийгмийн сайн сайхны төлөө бөхчүүдийн оруулах хувь нэмэр гэж байна. Энэ нийгэмд чинь яриад л байна шүү дээ. Бөхчүүд авахаас өөр юм мэддэггүй гэж. Машин унаа, байр байшин авдаг ч, ердөө гадагшаа хүнд өгөх сэтгэл байдаггүй. Би үүн дээр сэтгэл их зовдог. Их авдаг хүний нэг болохоор тэр. Ганцаараа гаргаад явах гэхээр чадал хүрэхгүй, цөмөөрөө нийлүүлнэ гэхээр жичдээ ярилцаж утга агуулгатай байх хэрэгтэй. Иймээс энэ асуудалд бүх аваргыг оролцуулах хэрэгтэй. Аваргуудын зөвлөл энэ дээр хариуцлагатай байх хэрэгтэй. Нийгмийн сайн сайхны үйл ажиллагаанд оролцсон болоод оролцоогүй аваргуудаа нийтэд нээлттэй, ил тод зарлах хэрэгтэй. Оролцоогүй байж аваргуудын зөвлөл гэдэг нэрний цаана үлдэж болохгүй шүү дээ. Мөн тэр Н.Жанцанноровын хэлсэн үг үнэхээр үнэн юм шүү дээ. Би нэг удаа яамны нэг сайд дээр болохгүй асуудал бариад орсон юм. Тэгээд өөрөө зөвшөөрч, чадахгүй болсноо “Та бол мөнхийн сайд. Би бол одоо таны хэлсэн зүйлийг хэрэгжүүлчих юм бол ажлаасаа халагдана” гэж билээ. Энэ бол маш үнэн. Нэр төртэй, сайхан явах нь монгол бөхийн аваргын ховор хувь тавилан. Манай н.Дамдиншарав хэлдэг ш дээ, “Би энэ Баянаа шиг сайхан аварга байсан бол бичиг үсэг мэдэхгүй байсан ч яахав” гэж. Тэгээд намайг зүйрлэдэг хүн байхгүй юу. Тэгэхээр энэ аваргуудын нэр төр гэж их өндөр юм. Үүнийгээ сайхан л авч явах ёстой. Нийгмэд сайн сайхны үлгэр дууриал байх учиртай.

Д.Сумъяабазар: Монгол Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаа аймгуудын малчиддаа зориулж, сайн үйлсийн аян зохион байгуулах санаачлагаа хэрхэн ажил хэрэг болгох вэ. Аваргууд бид монгол орныхоо 21 аймаг, есөн дүүрэг, 330 гаруй сумынхаа ард иргэдэд хүндэтгэлтэй хандаж, тэдэнд чиглэсэн олон сайхан ажлыг хийх хэрэгтэй байна..

А.Сүхбат: Монгол Улсын аварга, Монгол Улсын даян аварга, Монгол Улсын Дархан аваргууд маань бүгд хөдөө орон нутагт төрсөн, малын захад өссён ийм хүмүүс байдаг юм. Энэ утгаараа малчдын аж амьдралд илүү ойр байх хүмүүс. Өнөөдөр Монгол Улсын нийт нутгийн 70 гаруй хувьд өвөлжилт хүндэрсэн зудын байдалтай байна. Бусад орны алдартай хүмүүс, бөхчүүд нийгэмдээ сайн үйлсийг ихээр зохион байгуулдаг. Үүн шиг манай аваргууд сайн үйлсийн аян зохион байгуулах санаачлага гаргаж байгаа нь сайн хэрэг. Өнөөдөр малдаа тавих өвсгүй, малынх нь тууриа халцарчихсан байгаа, малын бэлчээрт нь 70 см зузаантай цас дарсан ийм л хүнд хэцүү нөхцөл үүсээд байна. Малчдын хөдөлмөр гэдэг бол цаг наргүй байдаг. Үүн дээр манай бөхчүүд санаачлага гаргаж, тусламжийн аян өрнүүлэхэд миний зүгээс бүрэн дүүрэн дэмжихэд бэлэн байна.

Х.Баянмөнх: Энэ бол зүйтэй. Үүнийг би их олон жил хүлээж байгаа. Ард түмэн ч их хүлээж байгаа. Олимпийн медальтнуудын зөвлөл гэж бас байдаг юм. Анхны медальтан гээд Ж.Мөнхбатаар ахлуулсан чинь ерөөсөө хөдөлж өгдөггүй. Би хоёр ч удаа санал тавьж үзсэн. Зургаан жил хөдөлсөнгүй. Харин одоо “Аваргуудын зөвлөл”-өөс ийм санаачилга гаргаж байгаад баяртай байна. Маш сайхан зохион байгуулах хэрэгтэй. Тэр газар нь очих хэрэгтэй. Би ч гэсэн шаардлагатай бол сумдад нь очиж болно. Тэр А.Сүхбатын хэлдэг бол үнэн. Бид бол монгол ахуйгаас л төрсөн. Нарийн яривал малчдын ахуйг л бөх төрдөг газар гэж байгаа шүү дээ. Бид одоо малчдынхаа малын махыг л идэж амьдарч байн. Мал байхгүй бол бид яах юм. Хамгийн гол нь ямар газар, ямар хэмжээтэй, ямар тусламж үзүүлэх вэ гэдгээ л нарийн ярих ёстой. Нээх сүр бадруулчихаад нэг чиргүүлтэй машин дээр жаахан өвс аччихсан очвол эвгүй биз дээ.

С.Мөнхбат Энэ бол бөхчүүд нийлээд нийгмийн сайн үйлсийн аянд оролцож байгаа бараг анхны л ажил болох байх. Тийм болохоор хуумгай гоомой юм хийж болохгүй. Мөнгө босгохын тулд томоохон барилдаан зохион байгуулж болж байна. Фэйсбүүк, сошиалд томоохон challengе зохиож болж байна, Ямар байдлаар аянаа зохион байгуулахаа сайн яръя. Би боломжоороо оролцохыг хичээнэ.

А.Сүхбат: Барилдаан зохион байгуулбал, Сумъяабазар бид хоёр очиж барилдана даа/Инээв/.

 Ч.Санжаадамба: Энэ бол их сайхан санаа байна. Хамгийн гол нь манай “Аваргуудын зөвлөл” байгуулагдаад есөн жил болж байгаа юм байна. Үүн дээр арван аварга маань сайхан цуглаж байгаад үүнийгээ яривал арай хүчтэй байх болов уу. Есөн жилийн турш юу хийсэн бэ гэдгээ тайлбарлаад олон нийтэд зөвөөр ойлгуулах нь чухал байх. Гэв гэнэт “Аваргуудын зөвлөл” гарч ирээд ийм ажил хийж байгаа, шоу мэтээр буруу ойлгогдчих юм биш биз гэдэг дээр сэрэмжтэй байх хэрэгтэй. Чин сэтгэлээсээ хөдөө орон нутгийн малчдадаа туслах гэж байгаагаа зөвөөр ойлгуулбал зүгээр байх. Энэ дээр бөөнөөрөө ярилцаж, арван аварга бүгд нийлбэл илүү хүчтэй байх болов уу.

Х.Баянмөнх:Тэгэхээр арвуулаа цуглахгүй байна шүү дээ. Чи цуглуулж чадах уу?

А.Сүхбат:Сайхан дуулаач бөхчүүдээрээ урлагийн тоглолт хийх, бөхийн барилдаан зохион байгуулах гээд хандив мөнгө цуглуулах олон ажлыг сэдэх шаардлагатай байна. Ч.Санжаадамба аваргын хэлснээр бүх аваргынхаа санааг оруулж, хувь нэмрийг тусгах нь зүйтэй. Үлдсэн аваргууд маань сайн мэдээлэлгүй байж байгаад хоцорчихвол бас эвгүй. Тиймээс өнөөдрийн хувьд энэ санаачилга гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгдээд, уриалга гаргая гэж бодож байна.

Д.Сумъяабазар: Бид ийм ажлыг хийх ёстой юу ёстой. Энэ төрлийн ажлыг хоорондоо ярилцаж, цаашдаа улс оронд тохиолдсон хүнд хэцүү үед бидний зүгээс байнга хувь нэмэр, сэтгэл зүрхээ гаргах ёстой юм. Нэг удаагийн шоу маягаар өнгөрөөж болохгүй. Харин зөвлөлийн ирцний асуудалд бүгдийг нь оролцуулах нь чухал. Аваргуудын зөвлөлийн гишүүд идэвхтэй бас хариуцлагатай байх нь чухал. 2007 оноос хойш хийсэн ажлын тайлангаа танилцуулах нь зөв юм байна.

А.Сүхбат: Монгол Улсын хэдэн аймагт, хэдэн суманд өвөлжилт хүндэрсэн байна гэдэг тоог хамгийн түрүүнд авах хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь яг энэ ажлыг зорилтот газраа сонгож аваад хэрэгжүүлж, үр дүнг үзэх ёстой.

Х.Баянмөнх: Ер нь нэг л сумыг онилж авах хэрэгтэй юм байна. Уос даяар гэвэл тарамдчихна. Ажлын хэсгийн ахлагчаар залуу аварга С.Мөнхбатыг ахлуулбал, ямар байна. Залуу ч гэж, хойноос нь хоёр аварга төрсөн одоо “хөгшин” аварга болсон шүү /инээв/.

Ч.Санжаадамба: Бүх аваргаа цуглуулж амжихгүй юу? Нийгэм харсан ч гэсэн арван аварга арвуулаа байвал сайхан биз дээ.  

Ийнхүү монгол бөхийн аваргууд маань өөр, өөрийн санал бодлоо хуваалцаж, ойрын хугацаанд бүх аваргаа цуглуулж, дээр яригдсан сайн үйлсийн аянаа ажил хэрэг болгохоор тогтсон юм.

Дараагийн хурлын талаар болон аваргуудын санаачилгаар тун удахгүй өрнөх сайн үйлсийн аяны талаар тухай бүрт нь мэдээллэх болно.

С.Баяр

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жудаг(46.23.66.106) 2016 оны 11 сарын 29

Батэрдэнэ, Өсөхбаяр, Эрхэмбаяр, Ж. Мөнхбат аваргууд ЁС ЗҮЙ, ДОПИНГ, ХАНДИВЫН АЯН яриж байсан бол илүү үнэмшилтэй байх байлаа. А. Сүхбат аа

0  |  0
Жудаг(46.23.66.106) 2016 оны 11 сарын 29

Хамгийн ёс зүйгүй (саяхан л наадмаар Өсөхөөтэйгөө зүүний магнай булаацалдаж байсан, УИХ-д АН-с ч дэвшээд МАН-с ч дэвшээд байсан), допинг хэрэглэж байсан А. Сүхбат аврага, ЁС ЗҮЙ, ДОПИНГ яриад байх нь ариун явдал уу? А. Сүхбат эхлээд зөв хувь хүн болоод төлөвшчих, олон эхнэрүүдээ цэг ... цэлчих. Дараа нь аврагын жудагтай болчих.... Дараа нь бусад бөхчүүдээсээ ЁС ЗҮЙ, ДОПИНГ -оо нэх. Мандахнаранд гавъяатад хэдэн адуу өгчөхөөд нэхээд байж зуданд нэрвэгдсэн түмэн олонд өглөг өгч чадахуу??? Бүү шоуд. Аваргуудын зөвлөлийн гишүүн л гэнэ Чөлөөт бөхийн холбоог самралцчихаад ... Энэ ариун явдал уу?

0  |  0
батс(202.21.106.162) 2016 оны 11 сарын 29

бөх бол спорт. Тийм болохоор унасан л юм бол битгий шалчигнаад эм зан гаргаад бай . Эр хүн юм бол дуугүй л бай. Чадахгүй бол барилдаж яадаг юм бэ.

0  |  0
Чогсом бөх сонирхогч(103.10.22.55) 2016 оны 11 сарын 29

уих ын гишүүн аварга Сумъяабазар гуай мөн ч олон юманд санаархаж байна даа нэг их ашиг гарахгүй л юм юм руу савчаад л байх юм даа төрийнхөө ажлыг дагнан хийвэл яасан юм бэ наад ажлыг чинь залуучууд нь дагнаад хийвэл зүгээр юм биш үү Баянаа та 2 оор дутахгүй дээ Залуу аваргын санаачлага дээр шоу хийх хэрэг байгаа юмуу өмнө нь хийж байх нь яасан юм бэ албан тушаал булаалдаж явсныг чинь л сайн мэдэх юм байнаа юмыг эвлэрүүлж хамтарч санаачлага гаргаж явсаныг мэдэхгүй л юм даа

0  |  0
Бөх сонирхогч (202.21.106.156) 2016 оны 11 сарын 29

Манай үндэсний бөхийн аваргууд их зөв зүйтэй сэдвээр ярилцаж. Олуулаа сугаад яривал сайхан санаанууд зөндөө л гарна. Гол нь санаж сэдэх идэвхижих нь юм Түүнээс бүтэхгүй болохгүй ажил гэж үгүй. Манай ард түмэн үндэсний бөхөө их хүндлэн дэмждэг. Та бүхний санаж сэдсэн ажлыг ч дэмжинэ. Аваргууддаа амжилт хүсье. Бид дэмжнээ ялангуяа сүүлийн үед гогоон дэвжээ, бөхийн барилдаанаасаа хөндийрөөд байгаа аваргууд маань ярайгаад ирчихсэн бүгдээрээ нөхөрсөгөөр барилдаад залуучуудаа үлгэрлээд байж байвал ард түмэн маш ихээр баярлана шүү.

0  |  0
баяраа(203.91.112.43) 2016 оны 11 сарын 29

Арвуулаа сууж байгаад эхлээд зургаа авахуул за эндээс эхэлнэ дээ

0  |  0
unen(64.62.175.157) 2016 оны 11 сарын 29

Sanjaadambaas bol orobdoh setgelgui aaluurchin baina le hunii uriig yaaj hayaad bnaaa nobsh

0  |  0
Яауши(59.153.87.3) 2016 оны 11 сарын 29

Аварга юм бол хүнииг тэгж толгойгоор албаар савж гэмтээх хэрэг юун, түмнии өмнөиуучлал гуйвал барав, юун сайн үйлс, хүн гэмтээж малд өвс өгөх сайн үйлс үү

0  |  0
Top