Еврейчүүд яагаад ийм мундаг юм бэ...

2016 оны 11 сарын 30

Дэлхийн Нобелийн шагналтнууд болон хамаг л мундаг суут хүмүүсийн уг удмыг ухаад үзвэл еврей гарвалтай байх нь элбэг. Тэгвэл еврейчүүд яагаад ийм мундаг юм бэ? гэсэн асуулт зүй ёсоор урган гарна.

Еврей нарын түүхээс харахад, тэд хэзээний л өөрсдийн гэсэн нутаг оронгүй, хүний газар оронд толгой хавчуулагдан ад үзэгдэж явсан байдаг. Мөн өөрсдийн шашин шүтлэг, зан заншлын улмаас олон удаа хэлмэгдэлд өртөн, хуу олноороо хөнөөлгөсөн түүхтэй. Наад захын жишээ нь, Дэлхийн II дайн байна. Гитлерийн германчууд еврей үндэстнийг толгой дараалан хүйс тэмтэрч байсан цаг. Харин ямар нэгэн азтай тохиолоор амьд үлдэж чадсан цөөн тооны еврейчүүд өнөөгийн ертөнцөд хэрхэн хүчирхэг болж чадсан нь гайхамшиг юм.

Дайнд олон сая хүнээ алдсан гэдгээр шалтаглан НҮБ-д өргөдөл гаргаснаар 1948 онд л еврейчүүд өөрийн гэсэн газар нутагтай болсон. Тэдэнд Палестинаас тасалсан хамгийн үржил шим муутай газрыг олгосон ч хэдхэн жилийн дараа гэхэд л, бараг “диваажингийн цэцэрлэг” гэмээр болгож чадсан агуу үндэстэн.

Энэ утгаараа еврейчүүдийн хөгжлийн учир шалтгаан хүмүүсийн сонирхолд өртсөөр иржээ. Тэдний хамгийн гол зэвсэг нь, үр хүүхдэдээ бүр багаас нь “би хамгийн лидер еврей хүн” гэсэн итгэл үнэмшлийг оюун санаанд нь ягштал хадаад өгчихдөг. Мөн түүхийн туршид гадуурхагдаж явсан цөөнх үндэстний хувиар, еврей хүмүүсийн бие биедээ хандах хандлага биднээс тэс өөр. Жишээ нь, гадаад улс оронд буй монголчууд бараг л бие биеэсээ зугтах нь холгүй амьдардаг бол, хоёр жүүд хүн харийн оронд инээд алдан уулзаж, аль болохоор бие биеэ дэмжин туслахыг эрмэлздэг.

Хүүхдээ хүмүүжүүлэхдээ үндэстэн даяар баримтлах чиг шугамтай, өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн насны онцлогт тохируулан бүр нас насаар нь заагаад өгчихсөн унших номнууд байна. Эцэг эх нь хүүхдээ бүр багаас нь эхлэн ном уншиж өгдөг. 2 настайгаас эхлээд нас тус бүрээр заасан номнууд элбэг. Ингэж хар багаасаа ном сонсож, уншиж өссөн хүүхдүүд ирээдүйд улс орноо хэрхэн авч явах нь хэнд ч ойлгомжтой нь мэдээж. Тэд үр хүүхдээ ингэж л ирээдүйн амьдралд нь бэлтгэж байна.

Мөн одоо манайд ид цэцэглэн хөгжөөд байгаа Ломбардын систем анх еврейчүүдээс үүдсэн гэдэг. Тэднийг харийн улс оронд байхад зөвхөн мөнгө зээлдүүлэх үйлчилгээ л эрхэлж болох зөвшөөрөл өгдөг байсан аж. Тухайн үед зарим шашинд хүүтэй мөнгө зээлэх хориотой байдаг байсан бол харин еврейчүүдийн шашинд үүнийг зөвшөөрдөг байж. Иймээс ч европ иргэд гэхэд, мөнгө хаанаас “ургаад” буй нь гайхагддаг еврей цагаачдаас хүүтэй мөнгө их зээлдэг байсан аж. Энэ утгаараа тэд, хөгжлийн бас нэг хөдөлгөгч хүч болох мөнгөтэй харьцах ур чадварыг эзэмшсэн хүмүүс гэлтэй.

Ингээд бодоход,  хүүхдийн хүмүүжил, цөөхөн үндэстний бие биеэ дэмжих чин сэтгэл, өөрийн гэсэн үндэсний бахархал, итгэл үнэмшилтэй болцгоох явдлыг бид тэднээс суралцууштай санагдана. Эдгээр хүчин зүйлсийг үл ойшоон, дан ганц уул уурхай, өндөр барилга байшингаар улс орон хөгжих нь юу л бол!  Одоогийн энэ цас мөс, хальтиргаа гулгаа, утаа униар ч голлох хүчин зүйлс биш. Бид үнэт зүйлсээ хөгжүүлж чадахгүй байгаагийн улмаас жишээ нь, автозамын түгжрэлд хамаг хайран цагаа барцгааж байна. Жолооч нар бие биедээ найрсаг хандан хамт урагшлах, харилцан ойлголцох тал дээр үнэхээр учир дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Иймээс нэн тэргүүнд, материаллаг байдлыг хөгжүүлнэ гэхээс илүүтэй, иргэдийнхээ оюун сэтгэхүй, итгэл үнэмшилд дорвитой өөрчлөлт хийхгүй бол намгийн мэлхий мэт балчиг шавартаа л зууралдсаар байх бус уу... 

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
taaamiiii(27.123.214.2) 2020 оны 04 сарын 08

estoi mundag humuus tiimch uchiraas germanchuud undeseern ustgadag bsan\n

0  |  0
Top