Б.Жаргал: Монгол Улс ядуу биш, гагцхүү сэтгэлгээний ядуурал нүүрлэсэн

2016 оны 11 сарын 30

Монгол Улсад 2004 оноос хойш хэрэгжиж байгаа “Шинэ тосгон” хөдөлгөөний тухай болон үр дүнгийнх нь талаар Улаанбаатар хотын “Шинэ тосгон” холбооны тэргүүн Б.Жаргалтай ярилцлаа.

-    БНСУ 1970-аад онд ядуу буурай орны тоонд орж байсан. Гэтэл маш хурдан хугацаанд Азийн “Бар” орны тоонд орж чадсан. Үүнд “Шинэ тосгон” хөдөлгөөн чухал ач холбогдолтой гэдэг. Үүний тухайд?
-    Гарцаагүй энэ хөдөлгөөн БНСУ-ыг хөгжил дэвшилд хүргэсэн. 1970 он бол БНСУ-ын хувьд дөнгөж дайны дараах үе байсан. Тэр үед Солонгос Улс үнэмлэхүй ядууралтай, ард иргэдийнх нь  амьдрал жигдрээгүй, эдийн засгийн хямрал маш өндөр төвшинд хүрсэн, ажилгүйдлээрээ дээгүүрт орсон улс байсан. Энэ үеэс өмнөх Пак Жөн Хи Ерөнхийлөгч “Шинэ тосгон” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Хөдөлгөөнийг хэрэгжүүлснээс хойш маш богинохон  хугацаанд БНСУ “Азийн бар” улс орон болтлоо хөгжиж чадсан. Үүнд нөлөөлсөн хамгийн гол механизм нь иргэдийн идэвх байсан юм. Ард иргэд өөрсдийн амьдарч буй орчноо сайжруулан, бие биедээ тусалж, баг хамт олноороо хөдөлмөрлөсөн. Солонгосын ард түмэнд ядуурлаас гарах, хийвэл чадна, бүтээнэ гэсэн сэтгэл, хүсэл байсантай холбоотой. Тэгээд БНСУ “Бид зөвхөн хөгжих биш бусад улс орныг ч мөн хөгжүүлье” гэсэн зорилтыг тавьж, бусад улс оронд “Шинэ тосгон” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх аяныг өргөн далайцтай хийж эхэлсэн. Үүний хүрээнд 2004 оноос  БНСУ-ын “Шинэ тосгон” хөдөлгөөн Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн.
-    БНСУ энэхүү хөдөлгөөнийг хэрэгжүүлээд үр дүн гарахад хэр их хугацаа орсон бэ?
-    Энэхүү хөдөлгөөнийг БНСУ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаа. Тус хөдөлгөөний ачаар улс орон нь хөгжсөн гэдгийг БНСУ-ын ард түмэн 100 хувь хүлээн зөвшөөрдөг. 
   Одоогоор энэ хөдөлгөөн нь хэчнээн улсад хэрэгжээд байна. Үр дүнд хүрсэн орон бий юу?
-    Энэхүү хөдөлгөөн нь 32 гаруй улс оронд хэрэгжиж байгаа. Тухайлбал, Африк, Казахстан, Нефаль гэх мэт. Ямар ч байсан үр дүнд хүргэх гээд л хичээгээд хамтдаа ажлыг хийгээд явж байна. Үр дүнд хүрэх нь бол цаг хугацааны асуудал байх. 
-    Хөдөлгөөнөө танилцуулаад явж байхад хүмүүс ямархуу хандлагатай хүлээж авч байв?
-    2004 оноос хойш тодорхой хэмжээнд БНСУ-ын санхүүжилтийг аваад аймаг, орон нутгуудад хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн. Бид төслийг хэрэгжүүлээд явж байхад “Монгол хүмүүсийн сэтгэлгээний ядуурал их байна уу даа” гэж ажиглагдсан. Тухайлбал, хүмүүст хөдөлгөөнөө танилцуулахад “надад юу өгөх юм, би юутай болох юм, надад ямар ашигтай вэ” гэсэн талаас харж байсан. Түүнээс биш хамтдаа юм хийвэл хөгжих юм байна гэсэн зүгээс хандахад учир дутагдалтай санагдсан. Мөн иргэдийн дунд бэлэнчлэх сэтгэлгээ хэт их хөгжсөн байгаа нь илт ажиглагдсан. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй. Монгол орон ядуу улс орон биш, гагцхүү сэтгэлгээний ядуурал нүүрлээд байна.
   Энэхүү хөдөлгөөнөөр юу хийж хэрэгжүүлэх вэ?
-    Хөдөлгөөн юунаас ч эхэлж болно. Тухайлбал, хашаа хороогоо цэвэрлэх, ногоо тариалах гэх мэт. Хүний амьдарч байгаа орчин нөхцөлд юу хэрэгтэй тэр бүхнээс эхэлнэ. 
-    “Шинэ тосгон” хөдөлгөөн 2004 оноос хойш хэрэгжсэн гэхээр нэлээд хугацаа өнгөрчээ. Үр дүн юун дээр харагдаж байна?
-    Хүмүүс бүлэг зохион байгуулах, ногоогоо хамтарч тарих, хөдөлмөрлөх гэх мэт үр дүн гарч байгаа. Жишээлбэл, халуун усгүй, хүлэмжгүй айлууд байсан. Үүнийг шийдэж өгсөн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн иргэдийн амьдрал 30 хувиар дээшилсэн. 
-    Үр дүн хаагуур гарсан бэ?    
-    Налайх, Баянчандмань, Зүүнхараа гэх мэт газруудад үр дүн гарсан нь түлхүү ажиглагдаж байна. Гэхдээ өргөн цар хүрээг хамарч хараахан чадахгүй байгаа юм. Төрийн дэмжлэг гэхээсээ илүү иргэдийн оролцоо дутмаг байна. 
-    Нууц биш бол Солонгос улсаас хэдий хэрийн хөрөнгө оруулалт авсан бэ?
-    Ерөнхийдөө хөрөнгө оруулалт авахдаа гол нь биш. Яг ямар газар, ямар салбарт  “Шинэ тосгон” хөдөлгөөн хэрэгтэй байна вэ гэдэгт анхаарч хөрөнгө оруулалт хийдэг. Үүний 50 хувийг иргэд өөрсдөө, 50 хувийг гадны хөрөнгө оруулалтаар шийддэг.  
-     “Шинэ тосгон” хөдөлгөөн хэчнээн гишүүнтэй вэ?
-    Орон нутагт 6000 гаруй, Улаанбаатар хотод 500 гаруй гишүүн бий.


-    Хүссэн хүн болгон танай холбоонд нэгдэж болох уу. Хамтарч ажиллая гэсэн санал албан байгууллагаас хэр их ирж байна?
-    Хүссэн хүн болгон манай холбоонд нэгдэж болно. Албан байгууллагууд ч хамтрах хүсэлт ирүүлж байгаа. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг “Энэрэл” эмнэлэг гэх мэт. 
-    Хэдийг хүртэл энэ төслийг  хэрэгжүүлэх вэ?
-    Улс орон хөгжиж, ард иргэдийн амьдрал дээрдэх хүртэл энэ төслийг хэрэгжүүлнэ. 
-    Цаашид юу хийхээр төлөвлөж байна?
-    Яаж хамтдаа сайхан амьдрах, энэхүү туршлагыг хэрхэн түгээн дэлгэрүүлж, улс орноо хөгжүүлэх вэ гэдэг тухай сургалт зохион байгуулж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулна. Өнөөдрийн Монгол Улсын нийгмийн байдал хүндхэн байна. Эдийн засаг хямралтай, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн. Энэ нь “Улс орон бол нэг айл өрх” гэсэн үг. Айл өрх хямралаас гарахдаа эцэг эх, үр хүүхэд бүгд нийлээд хөдөлмөрлөдөг. Үүнтэй адил ард түмэн бүгд нэгдэж байж хямралаас гарна. Төр засаг хямралаас гаргана гээд суугаад байвал юу ч бүтэхгүй.
-    Төрөөс хөдөлгөөнийг чинь дэмжиж байна уу?
-    Улаанбаатар хотын захирагчийн алба манай “Шинэ тосгон” хөдөлгөөнтэй гэрээтэй. Ихэвчлэн хог хаягдал, тээвэрлэлтэд хамтран ажиллаж байгаа. Энэ нь бидний ажлыг дэмжиж байгаа том хэлбэр юм. 
-    Манай улс хэзээ БНСУ-тай дүйцэхүйц эдийн засагтай орон болох бол. Иргэн хүнийхээ үүднээс та юу гэж харж байна?
-    Монгол Улсын хөгжил ард иргэдээс л шалтгаална. Хэрэв үлгэрийн бирд гарч ирээд улс орныг сайжруулчихдаг бол үүн шиг амархан зүйл байхгүй. Гэвч тийм зүйл байдаггүй. Тиймээс иргэн бүр хамтдаа хичээх хэрэгтэй.

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gana(202.72.245.165) 2016 оны 11 сарын 29

ard irgedde ouynii yaduuraltai bailgah bodol MAN-d bga ,tegeed hododor ni sanaliig hudaldaj avaad l bj bh sanatai bizde

0  |  0
irgen(89.217.200.133) 2016 оны 11 сарын 29

ene estoi hereggui, oorsdoo dandaa gadnii tuslamj gesen , bas nefal gej yamar uls baidag um be???? Eroosoo ulsiin horongo idehgui, luivar huuvildaan hiihgui baih l heregtei baigaa shyydee,,,,!!!Setgeziin turaal baih ni baina, soel ih dutaj baina, Ard tymen zorigtoi baij ygee helj surah, negdej buruu zuiltei temzej baih heregtei baina,,,,Tord hichneen ih no-baina tyyntei l temzeh estoi

0  |  0
ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ХОР(202.9.43.190) 2016 оны 11 сарын 29

СЭТГЭЛИЙН ЯДУУРАЛ ГЭНЭ ЯГ ҮНЭН ДЭЭ БОЛ ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛ ДУТСАН ХУВИЙН АШИГ СОНИРХОЛЫН ШУНАЛААС ҮҮСЧ БУЙ ЭХ ОРНОО ХАРИЙНХАНД ЗАРЖ БАЙГААГААС ҮҮСЧ БУЙ ЯДУУРАЛ.

0  |  0
Top