Л.Энх-Амгалан: АН-ын нэр бүхий гишүүд үндэслэлгүй мэдээлэл цацсан

2016 оны 11 сарын 30

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс энэ сарын 28-нд 2017 оны Улсын төсөв болон бусад асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх мэдээллийг хөндсөн юм. Уг мэдээллээр тухайн шалгалтын дүн мэдээг АН-ын бүлэгт ирүүлээгүй нь хууль зөрчиж байгаа учраас завсарлага авна, түүнлэн Хөгжлийн банкнаас авсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компаниуд авсан гэх мэдээлэл байгааг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар дуулгасан юм.

Уг мэдээлэлтэй холбогдуулан өмнөх парламетын үед Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг ахлаж байсан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкийг үргэлжлүүлэн шалгах ажлын хэсгийг байгуулж шалгасан асуудлаа өчигдөр Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх байсан ч АН-аас завсарлага авлаа.  АН-ын гишүүд эрх баригчид байхдаа шалгалтын асуудлыг хэлэлцүүлээгүй хэрнээ, одоо цөөнх болохоор завсарлага авч байна.

Хөгжлийн банкуудтай холбоотой санхүүгийн тодорхой хэргүүдийг АТГ-аас шалгаж байгаа. Үүний хажуугаар Хуульзүйн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг шалгаад материал, дүгнэлтээ УИХ-д хэлэлцүүлэхгүй гэж үзэж байна. Өөрсдийн хууль зөрчиж хийсэн үйлдлээ халхлах гэсэн бусармаг явуулгагүй зүйл.

Хөгжлийн банк олон хууль зөрчсөн. УИХ, Засгийн газраар батлуулаалгүй олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Гэрээ байгуулаад гэрээнийхээ ажлыг дуусгаад мөнгөө авахдаа төсөвт өртөг нь 3-4 дахин нэмээд авсан компаниуд бий. Мөн Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийг тендергүйгээр санхүүжүүлсэн байдаг.

Сая хийсэн шалгалтаар 1,3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүллээ.

АН-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкийг шалгаж байсан Л.Энх-Амгалан болон МАН-ын нэр бүхий гишүүд нийт зээлийн 60 хувийн хэмжээний мөнгийг компаниуд нь авсан хэмээн нэр төрд халдаж үндэслэлгүй мэдээлэл цацсан. Тийм учраас би УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёсзүйн хорооны дарга Д.Лүндээжанцан хоёрт хандаж УИХ-ын халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж хууль хяналтын байгууллагад хандах хүсэлтээ гаргаж байна.” гэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хийсэн мэдээлэл

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.29.227) 2016 оны 11 сарын 30

Эрдэнээ чи нэг өдөр 100 хүн ажлаас чөлөөлж байсан аа санах ой санамж байна уу.

0  |  0
Сонгогч(202.179.31.48) 2016 оны 11 сарын 30

Ард түмнээ ийм хүнд байдалд оруулж өөрсдөө баяжсан энэ луйварын үнэн мөнийг шалгалтаараа олж тогтоосоноо ард түмэндээ илчлэх Үнэний төлөө зоригтоо тэмцэж байгаа УИХ-ын гишүүндээ талархаж байна.Зоригтоо байгаарай хамт шүү Сонгогчид чинь

0  |  0
Top