Дэлхийгээр аялагч эмээ

2016 оны 12 сарын 03

Намайг Доржпаламын Эрдэнэтогтох гэдэг, таван ханатай монгол гэртээ гурван охин дүүгийн хамтаар өсөж, амьдралын баяр баяслыг гашуунтай нь туулж яваа жирийн нэг эмэгтэй. 

Ууган охины хувиар гэр бүлдээ их хариуцлага хүлээдэг байсан минь намайг эрсдэлд дурлаж, өөрийгөө сорих, ялан дийлэх, мөн хатуужилтай сэтгэл зүйг бий болгож өгсөн байх.
Охин дүү нартай айлын том охин чинь түлээ хагалж, ус нүүрсээ зөөхөөс эхлээд гэрийн ажилд жинхэнэ шумбадаг байлаа. 

 Аавыгаа даган уул хадаар хэсч, хөдөө хээрийн жавар салхинд дасан дуралсан мэдрэмж өнөөдөр дотоодын болон тив дэлхийн ноён оргилуудад мөрөө үлдээж явах гайхалтай замыг нээнэ гэж тэр үед 10 гаран настай байсан говийн бор охин яаж мэдэх вэ.

Ази, Европ, Хойд Өмнөд Америк, Австрали гээд тивүүдийн ноён оргилуудад гарах замнал ингээд бичиж байгаа шиг амар байсангүй. Аав ээж , гэр бүл, найз нөхөд хамт олон, таньдаг таньдаггүй маш олон хүний сайхан сэтгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд минь бас миний хамгийн үнэнч шүтэн бишрэгчид, бас бие сэтгэлээрээ мэдрэгчид байдаг. 

2006 онд Эверестын авиралтын үеэр миний нүд юм харахаа больсныг сонсоод ээж маань хашаан дотроо нүдээ боож яван, тэгш газар хаалгаа олж чадахгүй явахад яана даа тэр уулан дээр гээд уйлж байсан гэдэг... 
Аялагч та бидний ар тал ийм л байдаг. Гайхалтай!

Жаахан явж суух сонирхолтой нэгнээ мөнгөтэй төгрөгтэй баян тарганд нь тулаад эсвэл яаж мөнгө олоод яваад байдгийн гээл эхэлдэг тал бий. Зүгээр л хүсэл мөрөөдөлдөө тууштай байхад болохгүй зүйл гэж байдаггүйн байна гэж ойлгох болоод байгаа. Мэдээж санхүүгийн хувьд ямар төрлийн “арааманд” яаж “жаажиганах” вэ гэдгээ бас бодно л доо.

Уулын спорт бас хөөрхөн өртөг шаардсан, тэгээд хөндлөнгөөс харахад бусдад өгөөжгүй, өөрийгөө зовоосон эд шиг л санагддаг байх. Гэтэл тийм бишийг нь баталж ялангуяа сүүлийн үед аялагч, авирагчид, төрөл бүрийн клубууд ихээр гарч ирж байгаа нь сайхан.

Дэлхийгээр, тивээр аялна гэдэг үнэндээ чамгүй өртөг шаарддаг, түүнийд тууштай байлаа гээд гүйцэлдүүлэхэд хөдөө суугаа надад үнэндээ ахадсан ажил. 
Аав минь хичнээн газрын хаалга татаж, хэдэн зуун хүнээр амаа алгадуулж, хэдэн арван хүний ар нурууг нь харсан билээ дээ гэж бодохоор сэтгэл их өвддөг... Тэгээд хамаг байдгаа барьцаалж, ломбард саваар эргэлдсэн хэр нь хоолны махаа багасгасан өдөр зөндөө ...

Харин энэ бүхний эцэст намайг “босгож” ирсэн аавынхаа хүсэл тэмүүллийг биелүүлж байгаадаа, эргээд уулзахад түүний тайвширч омогшсон харцыг нь харахад л хангалттай байдаг. Миний цээж дүүрдэг бас цааш асдаг!!!

Байнга л явж сууж, байдгаа тавихад бараг л бэлэн байдаг зөнгөрдүү гэмээр дуусашгүй мөрөөдөлтэй гэрийн эзэгтэйг хүлээн зөвшөөрнө гэдэг хэн хүнд амаргүй л байдаг байх. Байгалийн шалгарал юм даа. Бурхан намайг аяныхаа бас амьдралынхаа ачааг үүрч байхаар зурж! Гэхдээ гомдоллох бодолгүй ээ би.

Одоо харин надад хувь хүнээс бус олон түмэн та бүгдээс хамааралтай хол ойрын хоёр л мөрөөдөл үлдэж, тэр 2 нь бас тохиолоор гэхүү ижилдүү.
Холын мөрөөдөл нь өмнөд туйлын Винсон оргил, харин ойрын боломжит мөрөөдөл маань Хойд туйлын Нохой чарганы уралдаан!

Санхүүгийн хандив тусламж гэх мэт элдэв хүндрэлгүй хэрнээ НЭГДЭЛ эв шаардсан Монголчуудын маань сэтгэл шингэсэн миний хамгийн өвөрмөц Аялал болох юм.

Миний өрсөлдөж байгаа Бусад орон гэсэн ангилалд дэлхийн 200 гаруй орны оролцогчид байгаа ч цөөхөн хүнтэй Монгол улсын төлөөлөл би одоогоор тэргүүлж яваа нь бид бүхний биесээ дэмждэг гайхалтай чанарын үр дүн. 

Хэдхээн Монголчууд яаж нэгддэгийг хойд туйлын аяллаас үүдэн дахин нэг дэлхийд харуулъя бүгдээрээ, тэнд Хойд туйлд очвол би ээжтэйгээ илүү ойртох юм шиг, дэргэдээс намайг илүү их мэдрэх юм шиг бас санагдах юм.

Монгол минь, сүрлэг сайхан уулс минь дэлхийн нэг хэсэг. Тиймээс уулын спортод хөл тавьснаасаа тооцвол 30 жил Дэлхийгээр аялж байгаа юм байна.

Үр хүүхэд, залгамж үеийнхээ өмнө том хариуцлага хүлээсэн, хүсэл мөрөөдлөө орхиж чадахгүй Эгэл бүсгүй би!
Та бүхэн минь дэмжээрэй...

Хойд туйлын аялалд санал өгөх линк:http://polar.fjallraven.com/contestant/?id=348

Маш их баярлалаа 

Хүндэтгэсэн: Д. Эрдэнэтогтох

2016-11-25

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocnin (108.181.115.137) 2016 оны 12 сарын 04

acn zeetei l biz . garcnigaa zaawal eme geed bhdaa yahaw. odoo 40-tei cn eme owoo boltsgooj bgaa getel 55 nas hyrtel ider nas gedeg shyy

0  |  0
irgen(89.217.200.133) 2016 оны 12 сарын 03

heden nastai emee ve tegeed, mundag tevcheertei hyn baina, amjilt hysie

0  |  0
Top