Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Катар улсад айлчлал хийлээ

2016 оны 12 сарын 05

Катар улсын Доха хотноо 2016 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эрүүл мэндийн инновацийн асуудлаарх дэлхийн дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. 

Энэхүү дээд түвшний 3 дахь удаагийн уулзалтад нийт 100 гаруй орны 1500 орчим хүндэт зочид төлөөлөгчид, тэр дундаа 19 орны Эрүүл мэндийн сайд нар оролцсон нь бодлогын болон технологийн инноваци эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал болохыг нотолж байна.

Хурлын явцад “Эрүүл мэндийн мэргэжилтний боловсрол”, “Зүрх судасны эмгэг”, “Халдварт өвчин”, “Үүдэл эсийн болон бай эмчилгээ, хүн амын геном банк”, “Удамшлын хүчин зүйлийн нөлөө болон эмгэг судлал”, “Эрүүл хүн ам ба эрүүл зан үйл”, “Эрүүл мэнд ба ёс зүй”, “Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт” зэрэг сэдвүүдээр салбар хуралдаан явагдаж, сэдэв тус бүрээр урьдчилан бэлтгэн гаргасан тайланд тусгагдсан асуудлуудаар оролцогч орнууд өөрийн орны нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж ярилцлаа.

Дээд түвшний уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг Катарын хатан хаан Шейха Моза хүлээн авч уулзсан юм. Хатан хаан Шейха Моза нь Катарын “Боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн сан”-ийн тэргүүн, “Эрүүл мэндийн инновацийн асуудлаарх дэлхийн дээд түвшний уулзалт”-ийн ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн боловсролын Дээд зөвлөлийн дэд Ерөнхийлөгч, тусгай элч бөгөөд нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаагаараа дэлхий дахинд танигдсан юм. Хатагтай Шейха Моза Монголын түүхийн талаар баялаг мэдлэгтэйгээ уулзалтын явцад харуулсан бөгөөд цаашид тодорхой асуудлаар манай улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, тусалж дэмжих боломжтойгоо илэрхийллээ. 

Хурлын 2 дахь өдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Катарын Нийгмийн эрүүл мэндийн сайд, хатагтай Ханан Аль Кувари болон Гадаад хэргийн сайд Солтан Бин Саад Аль Мураихи нартай албан уулзалт хийж Халдварт өвчний чиглэлээр хөрөнгө оруулалт, Эрүүл мэндийн судалгаа хамтран хийх, Үүдэл эсийн болон Бай эмчилгээний чиглэлээр мөн лабораторийн чадавхийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг үргэлжлүүлэн судалж, цаашид харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж ажиллахаар тохиролцсон юм.

 

 

Энэхүү дээд түвшний уулзалтыг Катарын сан хариуцан зохион байгуулдаг бөгөөд 1995 онд хатан хааны санаачилгаар байгуулагдсан тус сан нь өөрийн орны эдийн засгийг байгалийн хий, газрын тосонд бус мэдлэгт суурилсан болгохын төлөө ажилладаг. Катар улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $96.000 ам доллар бөгөөд дэлхийд нэгдүгээр байрт ордог байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(51.15.43.205) 2017 оны 06 сарын 10

eruul mendiin salbariin ajluud ih idevhjij baih shg sanagdaj bna. Urd ni eroosoo sonirhdoggui baisan chn sonirhol tataj baigaag bodohod ih l erchimtei ajluud yawagdaad baih shig hehe

0  |  0
(89.187.150.12) 2017 оны 06 сарын 10

Яг үнэндээ элэгээрээ хэвтсэн эрүүл мэндийн салбарыг сэхээнд оруулсан хүн шүү. Засгийн хурал, байнгын хороо,чуулган дээр салбарын асуудлаа маш сайн ойлгуулж авч гардаг санагдсан.

0  |  0
хүрлээ(66.181.164.125) 2016 оны 12 сарын 05

жул байнаа

0  |  0
Top