Монгол, Америкийн улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болов

2016 оны 12 сарын 06

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XI улс төрийн зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 1-нд Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтанд оролцсон монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, америкийн талыг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Рассел нар тэргүүлж оролцов. Мөн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Гаалт болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр манай талаас Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа, түүний дотор гадаад бодлогын тэргүүлэх зорилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зэрэг чиглэлд авч буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Энэхүү арга хэмжээний үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах, дэмжих, цэрэг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрчим хүч, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ил тод байдлын хэлэлцээрийг эцэслэж, хэрэгжүүлэх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай Хоёрдугаар компакт гэрээ байгуулах зэрэг асуудлаар ярилцав.

Мөн хоёр тал консулын асуудлаар зөвлөлдөх уулзалтын механизм нэвтрүүлэх, ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хамтран тэмдэглэх болон хоёр орны боловсрол, соёл, иргэд хоорондын харилцааг уламбүр бэхжүүлэх зэрэг асуудлаар нээлттэй, дэлгэрэнгүй ярилцаж, харилцан санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, зарим судалгааны хүрээлэнгийн ахлах албан тушаалтнуудтай уулзаж, Зүүн Хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах хоёр талын ашиг сонирхол нийлсэн бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар ярилцаж, мэдээлэл, санал солилцон байр сууриа харилцан илэрхийлэв.

Америкийн талаас Монгол Улс нь ардчиллыг бэхжүүлэх, бүс нутгийн орнуудтай ардчилал, иргэний нийгмийг хөгжүүлж буй туршлагаасаа хуваалцах, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд үлгэр жишээ болохуйц оролцож, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувиар идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэж, Монголын талын энэхүү эрмэлзлийг бүхий л талаараа дэмжиж ажиллахаа нотлов.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top