Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

2016 оны 12 сарын 06

Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа “Ганга нуурыг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Г.Мэнд-Ооёо, Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хурц, Ж.Гомбожав, С.Чулуунхуяг нартай уулзлаа.

Уулзалтаар нуурын өнөөгийн байдал, цаашид сэргээх, ашиглалт хамгаалалтыг дорвитой сайжруулах арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцов.

Монгол орны зүүн бус нутагт долоо, наймдугаар сард агаарын температур олон жилийн дундажаас 1-10 хүртэл хэмээр өсч хэт халсаны улмаас олон нуур тойром, гол горхины усны төвшин багасч, зарим нь ширгэсэн. Эдгээрийн нэг нь Ганга нуур юм.

Энэ удаагийн уулзалтаар орон нутагт нуур, усаа хамгаалах талаар гарч буй ард иргэдийн үүсгэл санаачлага, эрдэмтэд судлаачдын санал, үндэслэлийг сонсох практикийн бага хурал зохион байгуулах тухай хэлэлцэв. Мөн ТББ-ын үйл ажиллагааг төр, захиргааны үйл ажиллагаатай хослуулан, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв шийдвэр гарган үр өгөөжтэй бодит ажил болгох талаар хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулах, ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр тохирлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top