Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам ОХУ-ын Хууль зүйн яамтай хамтран ажиллана

2016 оны 12 сарын 06

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн сайдын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Оросын Холбооны Улсын Хууль зүйн сайд Александр Владимирович Коноваловтой уулзаж, энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож буйг онцлоод Монгол Улсын ХЗДХЯ болон ОХУ-ын Хууль зүйн яамны уламжлалт хамтын ажиллагааг цаашид баяжуулан өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа ХЗДХЯ эдийн засаг, бизнес, өмчийн харилцааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэв. Александр Владимирович Коновалов Монгол Улсын ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд ОХУ-ын Хууль зүйн сайдын эрхлэх асуудалд Холбооны хорих ял эдлүүлэх байгууллага, Холбооны шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний төв, Эрх зүйн мэдээллийн эрдэм шинжилгээний төв зэрэг байгууллага ажилладаг болохыг танилцууллаа. 

Талууд Монгол Улс, ОХУ-ын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажилладаг болохыг онцлоод тус хэлэлцээрийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулах тал дээр санал нэгдэв. Мөн хоёр сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглээд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон ОХУ-ын Ял шийтгэл гүйцэтгэх холбооны албатай хамтын ажиллагааны санамж бичиг харилцаа, хамтын ажиллагаа идэвхжихэд түлхэц үзүүлж байна гэв.

Талууд эрх зүйн хамтын ажиллагаа, хууль тогтоох, тусгай албадыг хөгжүүлэх гээд бүхий л чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2017-2018 онд хамтран ажиллах хөтөлбөрт сайд нар гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь манай хоёр орны эрх зүйн салбарын хамтын ажиллагааны хөгжилд онцгой ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top