АНУ-ын Цагаан ордон, зарим хүрээлэнгийн ахлах албан тушаалтнуудтай уулзав

2016 оны 12 сарын 07

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Америкийн жилийн ээлжит уулзалтанд оролцохдоо Цагаан ордны ҮАБЗ-ийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал Д.Критэнбринк, мөн ҮАБЗ-ийн Хятад, Тайвань, Монголын асуудал эрхэлсэн дарга Р.Хасс нартай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлж, олон улсын болон бүс нутгийн харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов.

Мөн тэрбээр Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Элчин сайд М.Грийн, Ардчиллын төлөөх Үндэсний сангийн Ерөнхийлөгч К.Гэршман нартай уулзахдаа Монголд ардчилсан институц, иргэний нийгмийг дээдэлсэн тогтолцоо бий болгоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын гишүүд, манай төрийн албан хаагчид, судлаачдыг АНУ-д туршлага судлуулах, эдгээр байгууллагын шугамаар зохиогддог солилцооны хөтөлбөрүүдэд хамруулах зэрэг асуудлаар санал солилцов.

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Брүүкингзийн хүрээлэнгийн Гадаад бодлого эрхэлсэн ахлах судлаач Т.Пикконэтэй уулзаж, хоёр орны судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг тогтмолжуулах, солилцоог дэмжих талаар санал солилцон, АНУ-ын шинэ засаг захиргааны бодлогын талаар сонирхов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top