Энэ сарын 14-18-ны өдрүүдэд 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд дэлхийн 30 орны 232 тамирчин, 10 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм.
Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 8 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль буюу авах боломжит 69 медалиас 27 медаль хүртсэн байна.
Тодруулбал, өсвөр болон бага насны ангилалын "Хоёртын тоолол" төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, "Тооны Марафон" төрөлд Э.Пүрэвжав, "Түүхэн үйл явдал" төрөлд Н.Энхшүр, "Олон багц хөзөр" төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба хамгийн өндөр цол болох Олон Улсын Их Мастерын болзлыг Н.Мөнхшүр, З.Цэцэгзул, Их Мастерын болзлыг Б.Ариунсанаа, Н.Энхшүр, Олон Улсын Мастерын болзлыг М.Төгөлдөр, Э.Лхагвадулам, Б.Ариунзаяа, Г.Мөнхбаатар, Б.Батбилэг, Н.Намуундарь нар хангаж, цол хүртлээ.
Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны нэгдүгээрт бичигддэг Алекс Мюллин тэргүүлсэн бол багийн нийлбэр дүн гарахад медалийн тоо болон чанараар Монголын баг тэргүүлсэн хэдий ч багийн оноо тооцох дэлхийн холбооны дүрмийн дагуу тухайн улсаас хамгийн өндөр оноо авсан 3 тамирчны оноог нэгтгэж дүн гаргаснаар манай баг Хятадын багаас цөөн онооны зөрүүтэйгээр II байрт орлоо.
Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур гэх мэт олон арван улсад оюуны спортын 41 дэх тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 566 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.
О.Анир
Сэтгэгдэл ( 1 )
Мундаг байна.