Эдийн засаг нь хямарснаас болоод венесуэльчүүд тэжээвэр амьтдаа гудамжинд хаях нь ихэсчээ. “Associated press” агентлагийн мэдээлснээр, нохой муурны хоол хүнсний үнэ сүүлийн хэдэн сарын дотор хоёр дахин нэмэгдсэн байна. Нэг фунт буюу ойролцоогоор хагас килограмм нохойн хоол авахын тулд хоёр ам.доллар төлөх хэрэгтэй болсон нь цалин багатай иргэдийн нэг өдрийн ажлын хөлснөөс ч их байгаа юм.
Венесуэльчүүд гэртээ ихэвлэн нохой, муур тэжээдэг. Гэтэл хэдхэн сарын өмнө “дундаж” давхарга гэж тооцогдож байсан гэр бүлүүдийн амьжиргаа огцом уруудаж, эмзэг давхарга руу олноороо гулссанаар хайртай амьтдаасаа нүүр буруулахаас өөр аргагүй болж байгаа аж. Эдүгээ нийслэл Каракас болон бусад хотуудад хир даахиндаа баригдсан өрөвгөр муур, нохой хүнээсээ дутахгүй олон болсон байна. Зарим сэргэлэн эзэд хайртай амьтдаа арай хямд үнэтэй шувууны хоолоор хооллож сургах гэж оролдож байгаа ажээ.
Тус улсад уг нь төрөөс “Невадо” хэмээх нэртэй золбин муур, нохдод зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна. Латин Америкийн хувьсгалын их удирдагч Симон Боливарын нохойны нэрээр нэрлэгдсэн уг хөтөлбөрийн хүрээнд нохдыг хооллож ундалдаг юм байна. Харин сүүлийн үед төсөв мөнгө багасч, золбин ноход элбэгшсэнээр хүртээмж нь мэдэгдэхүйц хумигджээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )