З.Жарантав: Өвлийн өвгөн гэдэг чинь цоглог, сүр жавхаатай байх ёстой байхгүй юу

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 02

Монголчууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтаад буй энэхэн мөчид МУГЖ, өвлийн өвөө З.Жарантавтай хийсэн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

 


 

 

-Монголчууд шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үед хамгийн завгүй байдаг хүн бол мэдээж өвлийн өвгөн шүү дээ. Та ч гэсэн ажил ихтэй байв уу?

-Ойрд ажил ихтэй. Байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэх хугацаа жил ирэх тусам л эрт болоод байна. Энэ жил арванхоёрдугаар сарын 5-наас эхэллээ.

-Та дэлгэцийн урлагт бүтээсэн олон сайхан дүрээс гадна “Өвлийн өвгөн” гэдгээрээ олонд танигдсан. Нэг ёсондоо хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн “Өвлийн өвгөн”-ий нэг шүү дээ. Хамгийн анх өвлийн өвгөн болсон түүхээсээ бидэнд хуучлахгүй юу?

-1960 онд, анх сургуулийнхаа өвлийн өвгөн болсон. Тэр үед аймгийн намын хорооны дарга н.Эрдэнэцогт гэж хүн байсан юм. СУИС-ын захирал Сонинтогосын аав шүү дээ. Энэ хүн намайг харчихаад аймгийн шинэ жилд өвлийн өвгөнөөр авна гээд. Тэгэхэд би 17 настай, аравдугаар ангийн сурагч байсан. Анх өвлийн өвгөн болсон түүх гэвэл энэ. Түүнээс хойш 1989 оныг хүртэл төрийн концертыг 28 жил хөтөлж явлаа. Түүнээс гадна дэлхийд алдартай Улаан тугт Александровын чуулга, Солонгосын дуу бүжгийн чуулга, Энэтхэгийн дуу бүжгийн чуулга, Молдавын дуу бүжгийн чуулгын концертыг хөтөлж байсан.

-Хөтлөгчийн хувьд тийм байж. Өвлийн өвгөний “мэргэжлээ” хэзээнээс сэргээсэн бэ?

-Ц.Гомбосүрэн гуай Монголын хүүхдийн ордны өвлийн өвгөнөөр явах болоод. Тэр чинь 1988 он билүү дээ. “Үйлдвэрчний соёлын ордны өвгөнийг би чадахгүй болчихлоо. Миний хүү тэнд очоод өвлийн өвгөн хийгээч ээ” гэсэн юм. Би хөтөлдөг байсан юм чинь. Наана нь бас энд, тэнд өвлийн өвгөн болдог байсан болохоор хувцас хунар энэ тэр байсан л даа. Тэгээд би “За тэгье ээ” л гэсэн.

-Ц.Гомбосүрэн гуай тэр үед танд юу гэж захиж байв. Мэргэжлийн тал дээр...?        

-“За чи минь салганасан, өвчтэй юм битгий хийгээрэй дээ. Хойд мөсөн далай, цас мөсний орноос цана чаргаар ирж байгаа тийм чийрэг хүн байхгүй юу. Тийм учраас сонгодог өвгөн хийгээрэй” гэж захиад

“Цантын цагаан уулны

Цал буурал толгойтой өвгөн аав нь

Амжилт бүтээлийн эзэд болсон хүүхдүүддээ бэлгээ гардуулья” гэдэг бэлэг гардуулах үгийг өгч байсан юм. Эхлэл үг, төгсгөлийн үгийг нь би өөрөө хэлнэ. Их бодно оо. Үгний сайныг олох хэрэгтэй, хүнд их сургамжтай байх ёстой. Манайхны зарим нь өвлийн өвгөн болж халтуур хийнэ гээд таяг тулчихсан, салганасан, өвчтэй өвгөн болдог. Тийм өвгөн бол ямарваа нэг баяр ёслол дээр ороод хэмнэл унагана. Дээд зэргийн сайхан баяр цэнгэлтэй, цоглог, сүр жавхаатай байх ёстой байхгүй юу.

Энд би нэг юм хэлмээр байгаа юм. Баяр ёслол их болжээ. Тэр болгоноо архидаж тэмдэглэдэг болж. Дээр үед ийм байгаагүй. Тэр үед шинэ жилийн хамгийн том баяр нь нийслэлийн шилдэг залуучуудын сүлд модны наадам байсан. Одоогийн Драмын театрын бүжигчид бэлтгэдэг зааланд шинэ жилээ хийнэ. Ю.Цэдэнбал дарга, Ж.Самбуу гуай, Улс төрийн товчооны гишүүд бүгд тэнд ирдэг. Ажилчин, сэхээтэн, эрдэмтэн мэргэд гээд нийслэлийн хамаг л тэргүүний залуус цуглардаг байлаа. Тэр шинэ жилийг Н.Сувдтай хамт хөтөлдөг байсан. Н.Сувд хойноос сургуулиа төгсөөд ирчихсэн, залуухан.

 

-Та олон жил концерт хөтөлж, өвлийн өвгөн болж, олон том баярт уригдаж байсан нь мэдээж. Тэр дундаас онцгой дурсгалтай, сэтгэлд хоногшиж үлдсэн баяр байдаг уу?

-Бий, байлгүй яах вэ. Оросын армийн Александр Александровын чуулга ирээд хөтлөгч авахаар болж. Эхлээд надад хандаагүй. Байгаа хэдэн жүжигчнээ шалгуулахад тэнцэх хүн гардаггүй. Маш их ритмтэй, өндөр темптэй, өргөж хөтлөх ёстой байж л дээ.Тэгээд чуулган дарга Борис Александров гуай Ю.Цэдэнбал дарга руу утастсан юм байна. Манай 20-иод хүнийг шалгах гэж бүхэл бүтэн оркестр, вокалистуудтайгаа цаг гаруй суучихсан. Б.Александров генерал хувцсаа өмчихсөн, хөмсгөө зангидаад ууртай гэж жигтэйхэн. Ю.Цэдэнбал дарга руу ярихдаа “Танайд жүжигчин байдаггүй юм уу хаашаа юм бэ” гэж нэлээд ширүүн ярьсан гэдэг юм. Тэгээд дарга Д.Лхасүрэн гуай руу ярьж. Хүмүүс “Төөрсөөр төрөлдөө” киноны Балт гэдгээр нь мэднэ дээ. Д.Лхасүрэн гуай тэр үед Театрын уран сайхны удирдагч байсан. Дарга “Үгүй тэр концертыг нь хөтлөх хүн алга уу” гэсэн Д.Лхасүрэн гуай байдаггүй л гэж. Тэгсэн чинь дарга “Төрийн концерт хөтлөөд байдаг З.Жарантав гэж нөхөр яасан юм бэ. Шалгаж үзсэн юм уу” гээд “Үзээгүй” гэсэн чинь “тэрнийг авчирч үзээч” гэсэн юм гэнэ лээ. Тэгээд намайг дуудаж, би очсон. Гарахын өмнө Д.Лхасүрэн гуай дуудаад хөшигний ард “За миний хүү. Монгол Улсынхаа төлөө чиний зүтгэх цаг ирж, хичээгээрэй” гээд. Миний дотор пал гээд л явчихсан. Тэгээд тайзан дээр гарлаа. Б.Александров гуай суучихсан, нэг их ууртай амьтан. Надад үг өглөө. Тэгээд “Зарла” гэхээр нь би “Үгүй” гэсэн. “Концерт яаж эхэлдэг вэ, яг л тэгж зарлана” гэж гүрийсэн. Хөтлөгч байна уу гэсэн чинь ЗХУ-ын гавьяат жүжигчин Леонов гэж залуу байна гэнэ. Тэр залууг зарлахаар нь дуурайгаад өндөр дуугаар, өргөлттэй зарласан чинь Борис Александров гуай хүрч ирээд “Как тебя зовут” гэсэн. “Жарантав” гэсэн чинь тэврээд “Жарантав. Всё мой ведущий” гээд хөтлөгчөөр авч билээ.  

Би тэнд хөтлөгч ямар байх ёстой вэ гэдэг талаар их юм сурсан хүн. Одооны хөтлөгч нар яаж байна гэхээр, нэг их юм яриад л зогсоод байдаг. Дундуур нь шүлэг уншаад л... Үзэгчид бушуухан дараагийнхаа номерыг үзмээр байдаг, гэтэл “Тэр надад зохиож өгсөн, ийм гайхамшигтай дуу, би дуулна” гээд л. Үнэн гайхамшигтай дуу бол дуучин тэрийг амьдруулж, дуулж байхад тэр гайхамшиг нь үзэгчдэд мэдрэгддэг байхгүй юу. Тэрнээс биш дуулахаас өмнө магтсанаараа муу дуу сайн болчихгүй. Жишээ нь би “Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Л.Мөрдөржийн хөгжим” гэсэн чинь орос сургагч “Та юу гэчихэв” гэсэн. Оросоор орчуулаад хэлтэл “Үгүй. Зөвхөн хөгжмийг Л.Мөрдорж гээд боллоо. Хэрвээ Л.Мөрдорж энд удирдаач хийх гэж байвал цол гуншин зарлаж болно. Бусад тохиолдолд болохгүй. Концертонд бол та зөвхөн жүжигчний уран чадвараар ритм барьж явах ёстой. Дууг зарлана, дуучныг зарлана” гэсэн.

-Нээрэн зарим хөтлөгч үзэгчдийнхээ сэтгэлзүйг хөтлөх гээд, нэг юм руу чиглүүлэх гээд байдаг шүү. Үг нь үзэгчдийнхээ хүсэлт хөтлөгдөөд, дараагийнхаа номерыг үзмээр, яриа сонсох дургүй байгаа нь мэдэгдвэл шууд тааллаар нь болчих хэрэгтэй юм?

-Тийм. Жишээ нь, үзэгчид дунд гадаадын хүмүүс байна гэж бодъё л доо. Тэдэнд хөтлөгчийн яриа огт сонин биш. Ойлгохгүй юм чинь. Дууг ямар алдартай, хэн гэдэг хүн зохиосон нь нь ч чухал биш. Дуу л чухал. Үнэхээр сайн бүтээл, сайн дуучин гэдгийг мэдрэхэд хэл усны ялгаа хамаагүй шүү дээ. Цаг зав ч юу билээ. Надад ингэж хэлж байсан юм. Уран бүтээлчийн тайлан тоглолт бол өөр л дөө.

 

-Хөтлөлт хийх, өвлийн өвгөн болоход ямар зарчим баримталдаг вэ?

-Хөтлөлт хийнэ, уран бүтээлчийг зарлана гэдэг энгийн юм шиг мөртлөө маш хариуцлагатай ажил. Дотроо нарийн ёс, дэгтэй. Жишээ нь би Евгений Михайлович Беляевыг “Лауреат Государственный премии, Народный Артист СССР” гэж зарлачихаад, дараа нь З.Доржсүрэн гуайн “Ижилдээ ганцхан шарга”-ыг дуулсан дуучныг зарлахдаа “Оросын холбооны улсын гавьяат жүжигчин Иван Букреев” гээд өргөчихсөн байхгүй юу. Илүү сүрлэг зарласан гэсэн үг л дээ. Гэтэл маргааш өглөө нь сургууль хийж байтал Г.Беляев гуай ирсэн. Дэлхийд алдартай “Калинка, Малинка”-г дуулсан хүн шүү дээ. “Сайн байна уу, Жарантав аа, надад нэг асуулт байна” гэнэ. “Пожалуйста” гэсэн чинь “Би Иван Букреевээс дор байна уу” гэж надад асуулт тавьсан байхгүй юу. Тэгээд би “Юу билээ” гэснээ “Аан, би И.Букреевийг зарлахдаа илүү өргөлттэй, чанга зарлачихжээ” гэж ойлгосон. Тэгэхэд Е.Беляев надад “Би ЗХУ-ын ардын жүжигчин, төрийн шагналт уран бүтээлч. Тэр бол зүгээр нэг БНУ-ын гавьяат жүжигчин” гэж хэлж билээ.     

-Ж.Мөнхбат аварга нэг хөтлөгчийг “Миний нэрийг Х.Баянмөнхийн дараа зарлалаа” гэж загнасан юм гэнэ лээ. Тэрэн шиг л юм болж дээ?

-Тийм нарийн. Би “Евгений Михайлович Беляев” гэж зарлачихаад “Солист Федор Волков” гэвэл тэрнээс доогуур зарлана. Гэхдээ хэт доогуур зарлахгүй. Концертын рейтинг навс гээд л уначихна. Ийм л нарийн учир байдаг. Энийг би Борис Александров гэж тэр алдартай хүнээс сурч байсандаа баярлаж явдаг юм. Италийн алдарт тенор Лучано Паворотти дуу дуулахдаа “Тийм, ийм мундаг хүний тэр алдартай дууг би дуулна” гэхгүй байгаа биз дээ. За яах вэ, тэр алдартай том хүн тэгж хэлж болно, манай зүгээр нэг дуучин болохгүй шд. Хөтлөгч нь ритм унагаад л юм яриад, уран бүтээлчид нь  өөрсдийгөө магтуулаад зогсоод байдаг. Тэр хүний дуу хоолой ямар байна вэ гэдгийг л үзэх гэж ирсэн болохоос магтахыг нь сонсох гэж ирээгүй шүү дээ.   

-2001 онд нийслэлчүүд анх удаа Сүхбаатарын талбайд мөсөн хотхон барьж, төв талбайдаа шинэ оноо угтсан. Тэгэхэд та өвлийн өвгөн болсон байх аа?

-Тэр жилийн он солигдох мөч их сайхан болсон. Ерөнхийлөгч Н.Багабанди гуай, УИХ-ын дарга С.Төмөр-Очир гээд томчууд бүгд цугласан. Хөтөл түмнээрээ цуглаад сайхан тэмдэглэж билээ. Тэгэхэд надад “Хорьдугаар зууны сүүл, хорин нэгдүгээр зууны  анхны өвлийн өвгөн” гэсэн өргөмжлөлийг хотын захиргаанаас өгч байсан юм.

-Бас л дурсгалтай юм болжээ...

-Тэгээд бас дуусаагүй, дараа нь хорин нэгдүгээр зууны анхны Санта Клаус болсон. Өвлийн өвгөндөө тоглочихгүй юу. Бүр машинаар орж ирсэн шүү дээ. Төрийн өндөрлөгүүд ирчихсэн. Хүмүүс “Өв-өө, өв-өө” гээд л. Би “За хүүхдүүд минь сайн байцгаана уу” гээд талбайд орж ирж байсан юм. Тэгсэн чинь яг дараахан нь Хасар Жагаа надад “Та Санта Клаус болчих” гэсэн. Дүүрэг дүүргээрээ мөсөн хотхон барьчихсан, Жагаа Хан-Уулын хотхоныг хариуцаж байсан юм шиг байна лээ. Тэгээд би шууд Драмын театр руу орж хувцсаа солиод л гармоноо тоглоод орчихсон байхгүй юу. “Холли холли холли лой” гээд дуулаад. Н.Багабанди, С.Төмөр-Очир эд нар чинь дагаж дуулаад тойрч бүжиглээд л. Тэгэхээр би бас хорин нэгдүгээр зууны анхны Санта Клаус болж байга юм. Энэ бол надад олдошгүй хувь заяа.

-Жилдээ хэчнээн байгууллагаар орж бэлэг гардуулдаг вэ?

-Олоон олон. Өдөрт гурав, тэгээд хорь хоног гэхээр чинь... Зарим өдөр нэг ч байхгүй, зарим өдөр тав, зургаан ч газар уригддаг.

-Дээр үед ер нь баяр хэдийнээс эхэлдэг байсан бэ. Арванхоёрдугаар сарын 20-д гартал чимээгүй байдаг байсан шиг санагдана?

-Дээр үед бол чимээгүй байж байгаад нийслэлийн шилдэг залуучуудын сүлд модны наадам гэж нэг л том баяр хийдэг байсан юм. Тэнд гоё, юм их болно. Ю.Цэдэнбал ирчихсэн сууж байна. Тэгэнгүүт залуучууд урьдаг байхгүй юу. Мэдээж шилдэг хүмүүсээ л явуулна шүү дээ. Дарга “Чи хаана ажилладаг хэн гэдэг вэ” гэж асуугаад хариулахаар нь “Чи сургуульд сурвал ясан юм бэ, сурмаар байна уу” гэнэ. “Уг нь тэгмээр байна аа, дарга аа” гэнгүүт нь “Аль вэ урилгаа аваад ир” гээд урилга дээр нь шууд “ЗХУ-д сургая. Юмжаагийн Цэдэнбал” гээд гарын үсгээ зураад өгчихнө. Бичиг авсан хүн маргааш нь ч очсон Боловсролын яам асуудлыг нь шийднэ шүү дээ. Тэр эзэн шиг эзэн байлаа. Хэлсэн үг нь хууль байлаа.  Шинэ жилээр даргаас сургуульд явах бэлэг авсан залуусаас олон мундаг эрдэмтэн, инженерүүд төрсөн байдаг.

-Улс орон нэг толгойтой, нэгдмэл удирдлагатай байхын нэг давуу тал юм даа?

-Тийм сайхан. Одоо бол нэг нь юм хэлэхээр нөгөө хэд нь үгүйсгээд. Алдаа эндэгдэл гарлаа гэхэд 76-гийн хэнтэй нь ярих юм бэ. Тооцох эзэн ч байхгүй. Ерөнхийлөгч мэдэхгүй, Ерөнхий сайд мэдэхгүй, УИХ-ын дарга мэдэхгүй. 76 гишүүн ч мэдэхгүй, ингээд дуусаа.  Уг нь бид Ерөнхийлөгчтэйгөө л яримаар байна шүү дээ. Ерөнхийлөгч нь эзэн шиг эзэн байх ёстой.

-Та олон жил өвлийн өвгөн болж, олон байгууллагаар ордог. Шинэ жилээ тэмдэглэх байдал яаж өөрчлөгдөж байгаа нь таны нүдэн дээр байгаа шүү дээ. Ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Эхэндээ бол архидалтгүй байсан. 60-70-аад оны үед Драмын театрын бүжгийн заал, Үзэсгэлэн чимэглэлийн ордонд тэмдэглэдэг байхад архидалт байгаагүй. Нэг их том заал. Эргэн тойрон цагдаагийн хамгаалалт гарчихна. Байгууллагууд тайлангаа тавина, урлагийн номер хийнэ, тэмцээн уралдаан зохиодог байлаа. Сүүлдээ ширээн дээр суудаг, хоол унд иддэг, жаахан уудаг болсон...

-Тэр нь хэдий үеэс юм бэ?

-70-аад оны сүүлээс ч байхгүй юу. Тэгж явсаар одоо бол архи их уудаг болсон байна. Архи л уухгүй бол баяр биш юм шиг, тасрахгүй л юм бол баярлаагүй юм шиг царайлдаг болжээ.    

-Хөдөлмөрийн үнэлэмж яаж өөрчлөгдөв?

-Урлагийг, хүний авьяасыг үнэлэхдээ тэгш биш хандаж байна уу даа. Зарим дуучин, хамтлаг таван сая төгрөгөөр дуулж байхад дэлхийд алдартай Ж.Амартүвшин, Г.Ариунбаатарыг тэднээс арав дахин доогуур үнэлж байна шүү дээ. 

 -Ярилцлага маань өндөрлөж байна. Өвлийн өвгөнөөс уншигчдад мэндчилгээ дэвшүүлэхийг хүсье?

-Хүн бүхэнд эрүүл энх, аз жаргалтай байж, Гэгээн хүслээр гэр нь гийж,

Гэрэлт номоор ухаан нь сийрч

 Ариун хүсэл нь амьдрал болон цэцэглэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье ээ.

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol d(61.138.100.50) 2017 оны 01 сарын 03

iim hujaa bsn ch yaadgiin tenegtehiimaa chmg bodvol uls eh ornoo tuhain tsag uydee manduulj amilluulj yvsan hun shuu ta yu hiisen bee......?

0  |  0
guest(202.9.40.151) 2019 оны 12 сарын 09

Сайн жүжигчин, танд урт удаан наслахыг хүсэн ерөөе. Доор сэтгэгдэл бичсэн баагийд хэлэхэд хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй юм малаа...

1  |  0
lol(59.153.115.197) 2019 оны 12 сарын 09

hujaa hunii huuhed shude jarantav chine joohon ohiduudiig kinond songon shalgaruulna geed nutsgelj shaldalj yavdag umhii hujaa

1  |  0
Н.Мөнхтуяа(61.93.121.108) 2019 оны 12 сарын 09

Түүхээ үгүйсгэвэл Ирээдүйгээ мөхөөх лугай алил ... Хийж бүтээсэн алдартнуудаа Хийсэн бүтээсэн цаг үетэй нь Хамт хайрлан хүндэтгэн Тэднээсээ суралцах нь хамгаас эрхэм

0  |  1
Top