ДОРНОД: Хэрлэн сумын цэцэрлэгүүдийг долоо хоног хаахаар болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 04

Томуу, томуу төст өвчин нэмэгдэж буйтай холбогдуулан Дорнод аймгийн Засаг дарга өнгөрөгч өдөр захирамж гаргажээ. Энэхүү захирамжинд томуу өвчин нэмэгдэж байгаа учраас эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган ажиллахын сацуу Хэрлэн сумын цэцэрлэгүүдийг энэ сарын 5-12-ны өдрийг хүртэл хугацаанд түр хугацаагаар хаахыг үүрэгдсэн байна.

Энэ талаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн дунд хэт бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх үүднээс энэ сарын 5-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохгүй байхаар болсон. Мөн Хэрлэн сумын хэмжээнд томуу, томуу төст өвчин маш их гарч байгаа учраас тус сумын цэцэрлэгүүдийг энэ сарын 5-12-ныг хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Шийдвэрүүдтэйгээ холбогдуулан аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын алба хаагчдад гэрээр очиж, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхийг үүрэгдсэн байгаа” гэж ярилаа.

Түүнчлэн тав хүртэлх настай хүүхэд нь амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилсөн, ханиад тусч эмнэлэгт хэвтсэн бол эмчийн магадлагааг үндэслэн энэ сарын 5-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгажээ. 

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top