Агаарын бохирдолтой тэмцсэн бодит жишээнүүд

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 10

Утаа хэмээгч “мангас” Монгол Улсын тулгамдаж буй асуудлын нэн тэргүүнд бичигдэх болов. Үүгээр ч зогсохгүй утааны уршиг улс орныг даваад "Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотууд"-ын жагсаалтын тэргүүн эгнээнд улсын нийслэл Улаанбаатар минь толгой цохих боллоо. Зун, намрын улиралд харьцангуй тайван амгалан байдаг монголчууд өвлийн улиралд “Утаа” хэмээгч ганц сэдэвтэй, түүнийгээ тойрч “мэрсээр” олигтой ч шийдэлд хүрсэн юмгүй хавартай золгодог. Тийнхүү дулаараад л энэ асуудлыг эцэслэн шийдэлгүй орхидог билээ. Хошин урлагийнхан нь “Утаа хэзээ арилах вэ. Зун болохоор арилна аа” хэмээн элгэлэсээр өвлийг бардаг энэ монголчууд аливаа зүйлийг даган дуурайж, элгэлэх дуртай шигээ агаарын бохирдолтой тэмцэж, амжилт олсон сайн туршлагуудыг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Тиймээс агаарын бохирдолтой өнө эртнээс өнөөг хүртэл тэмцэж, амжилт олсон олон улсын туршлагыг та бүхэнд хүргэе.

12 МЯНГАН ИРГЭНИЙ АЛТАН АМИАР СОЛЬСОН "ЦЭВЭР АГААР"

Хамгийн том жишээ бол Их Британийн нийслэл Лондон хот юм. Лондончуудын хувьд 1952 оны арванхоёрдугаар сар ХХ зууны хамгийн бараан сар байв. Энэ сарын 5-9-ний өдрийг “Их утаа”, “Лондоны их утаа” зэргээр нэрлэдэг бөгөөд тавхан өдрийн дотор 12 мянган хүн амиа алдаж, 150 мянган хүн эмнэлэгт хэвтжээ.

Энэ гамшгийн шалтгаан нь нүүрсний хорт утаатай холилдсон манан байсан гэдэг. Лондоны жишээнээс  60 гаруй жилийн дараа олон улсын эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг БНХАУ-д хийсэн туршилтын үндсэн дээр агаарын хэт их бохирдол болон манан хүний аминд хэрхэн хүрсэн шалтгааныг тодорхойлсон юм. Тэр үед Лондонд хүмүүсийн амьсгалж байсан агаар яг л хүчлийн бороотой адил хор хөнөөлтэй болсон байжээ. Судалгааны тайланд дурдсанаар үйлдвэр, айл өрхүүдийн түлсэн нүүрснээс ялгарсан хүхрийн давхар исэл манантай урвалд орж хүхрийн хүчил үүсгэсэн аж. 


Үүгээр ч зогсохгүй тухайн үед Лондонд нүүрсээр ажилладаг олон цахилгаан станц байв. Айл өрхүүд болон үйлдвэрүүд нийлээд яг энэ өдрүүдэд өдөрт 1000 тоннтой тэнцэх утаа, 2000 тонн нүүрстөрөгчийн давхар исэл, 140 тонн давсны хүчил, 14 тонн фторын нэгдэл, 370 тонн хүхрийн давхар исэл үйлдвэрлэж байжээ.

Харамсалтай нь 370 тонн хүхрийн давхар исэл нь 800 тоннтой тэнцэх хүхрийн хүчил болж хувирсан юм. Судалгаагаар эдгээр өдрүүдэд Лондон хот PM2.5 нэгдлийн хэмжээ нэг куб метрт 500 микрограммтай тэнцэж байсан бөгөөд хүхрийн давхар ислийн хэмжээ 1500-2400 микрограммтай тэнцэж байсан аж. Яг өнөөдрийн байдлаар Лондон хот агаарын чанарын индексээр тун сайн үзүүлэлттэй байдаг. /Та бүхэн ЭНЭ холбоосоор орж, Лондонгийн агаар хэр цэвэр байгааг үзэх боломжтой/ 

Ингэж цэвэршихэд хамгийн том түлхэц болсон шийдвэр нь 1956 оны “Цэвэр агаар тогтоол” юм. Уг тогтоолоор томоохон үйлдвэрүүдийг хотоос гаргаж, айл өрхүүдийг утаа ялгаруулдаг түлшээр гэрээ халаахыг хоригложээ. Засгийн газар иргэдийг цэвэр түлш ашиглахыг санал болгож, хотод утаагүй бүсүүдийг тогтоож тухайн бүсэд зөвхөн цахилгаан эрчим хүч эсвэл хийн түлш ашиглахыг зөвшөөрсөн юм.

Утаанаас салах зорилго бүхий 1956 оны тогтоол 1964 онд хүчингүй болсон ч, 1968 оны шинэ тогтоолууд үр дүнгээ өгч 1980-аад оны эхээр хотын агаар цэлмэж, иргэдийн эрүүл мэнд сайжрахын зэрэгцээ хүмүүсийн амьдрал, ахуй ч дээшилсэн ажээ.

АГААРЫН БОХИРДЛОО БУУРУУЛСАН БЭЭЖИН 

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой Хятад улс, утаатай тэмцэх олон арга хэмжээ авч байна. Судалгаанаас үзэхэд Бээжингийн агаарын бохирдол иргэдийг мансууруулах хэмжээнд хүртлээ бохирдсон аж. Гэвч тус улс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэрэглэж байгаа юм.

2008 онд БНХАУ-д Зуны 29 дүгээр олимп зохион байгуулагдахаар болов. Тухайн үед Бээжин агаарын бохирдлоо мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна хэмээн амлаж байв. Эдүгээ Хятадын хотууд агаарын чанарыг зохицуулах талаар хэд хэдэн стандарт боловсруулан мөрдөж байна. Энэ стандартын дагуу өдөрт агаарын бохирдол хэдий хэмжээтэй байгааг мэдэхийн сацуу өдөр бүр 86 хотын агаарын чанарын мэдээг Хятадын БОХЯ-ны вэб сайтад мэдээлдэг аж. Бээжин хотын хувьд Европын стандартыг хэрэгжүүлж буй бөгөөд агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйл бүрээр ажил хариуцсан албадтай. Энэ нь тухайн ажлыг хавтгайруулан үр дүнгүйдүүлэхгүй байх суурь боломж болдог байна. Түүнчлэн нийслэл хотын оршин суугчдын 98 хувь нь төвлөрсөн халаалтад холбогдсон нь нүүрсний хэрэглээг огцом багасгажээ. Одоогоор Бээжингийн төв хэсэгт 10 мянган өрх л нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий.


Манайхаар бол гэр хороололтой дүйхүйц эдгээр өрх утаагүй түлш хэрэглэдэг. Айл өрхийн зуухнууд бохирдлын хэмжээг тогтоочихдог тул хэрэглэгчид ямар агаараар амьсгалж байгаагаа газар дээр нь мэдэх боломжтой. Бээжинд хүхэр багатай сайн чанарын нүүрс түлэхийг зөвшөөрдөг ч ихэнх оршин суугчид байгалийн хийгээр халаалтаа авдаг учраас энэ хотын агаарын бохирдол үүсгэгч гол шалтгаан нь аж үйлдвэр болон автомашины утаа болж байгаа юм. Авууштай нь агаарын бохирдол үүсгэгч нэг бүрийг нарийвчлан гаргаж аль дүүрэгт юунаас болж агаар их хэмжээгээр бохирддог талаархи цогц судалгаатай болсны үндсэн дээр хариу арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Нэг нь нөгөөтэйгээ уялдсан олон жижиг арга хэмжээнүүд багц болохоороо үр дүн нь ч богино хугацаанд гардгийг Бээжингийн туршлага харуулж байна.

Хятадууд олимпийн их наадмын бэлтгэл ажлыг хангах явцад үйлдвэрүүдийг хотоос гадагш шилжүүлэн байршуулсан нь агаарын бохирдлыг огцом бууруулжээ. Үүнээс гадна Бээжин хот нийтдээ 4 сая машинтай, өдөрт 1000 гаруй машин борлуулагддаг нь агаарын бохирдлын гол үүсгэгч болоод байна. Гэхдээ тус улс энэ асуудлыг маш хялбар аргаар шийдвэрлэж чаджээ. Тухайлбал, шинэ машин худалдаж авбал БОХГ-аас заавал зөвшөөрөл авна. Европын IҮ стандартад нийцэхгүй бол замын хөдөлгөөнд оролцох эрхгүй. Мөн машинуудад агаарт хэдий хэмжээний бохирдол үүсгэж байгаагаар нь зэрэглэл тогтоодог. Цэнхэр өнгөтэй дугаартай машин агаарын бохирдолд хор нөлөөгүй, шар өнгөтэй бол агаарыг бохирдуулж байгаа гэж ойлгож болно. Тиймээс үйлчлүүлэгчид хүртэл амьсгалж буй агаараа цэвэр тунгалаг байлгахын тулд аль өнгийн машинаар үйлчлүүлэхээ сайн мэднэ. Ингэснээр шар өнгөтэй дугаартай машинууд аяндаа замын хөдөлгөөнөөс шахагдана гэсэн үг. Замын бөглөрлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор олимпийн их наадмын үеэр хэрэгжүүлж байсан арга хэмжээ өнөөдөр ч Бээжинд хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүгээр ч зогсохгүй Бээжинд дугаарын хязгаарлалт маш сайн үйлчилдэг. Энэ туршлагыг монголчууд хэрэглэж эхлээд тун чиг удаагүй байгаа билээ.

АГААРЫН БОХИРДЛЫН 10 ХУВЬ НЬ ХУУЧИН МАШИНЫ УТААНААС ҮҮДЭЛТЭЙ

Бээжингийн хувьд хуучин машиныг зах зээлээс шахаж гаргах нь агаарын бохирдлыг бууруулах нэгэн арга хэмээн үзэж байна. Учир нь хуучин машин шинэ автомашинаас арав дахин их агаарыг бохирдуулдаг бөгөөд энэ улсад хуучин машинаас татгалзах сайн дурын хөдөлгөөн өрнүүлдэг. Бээжингийн агаарын бохирдлын 10 хувь хуучин автомашины утаанаас үүдэлтэй байдаг ажээ.

Хэрвээ тухайн хэрэглэгч хуучин автомашинаас татгалзвал машины ашиглалт, агаарын бохирдолд оруулах хувь нэмрийг нь харгалзан зэрэглэл тогтоож урамшуулал олгодог байна. Өөрөөр хэлбэл, агаар бохирдуулагч машиныг хэрэглэхээс татгалзсаны төлөө Засгийн газраас шинэ машин худалдан авахад зориулж тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал иргэдэд олгодог. Гэхдээ уг урамшуулал ашиглалтын хугацаа дууссан автомашинд огт хамаарахгүй, гагцхүү хуучирсан боловч агаарын бохирдолд нөлөө үзүүлж буй машинд хамаатай. Тийм машины эзэнд урамшуулал олгохдоо элэгдэл хорогдлыг хасч тооццог гэнэ.

Мөн Бээжин хот 70 мянга гаруй такси, 20 мянган нийтийн тээврийн автобустай. Тэдгээрийг эдэлгээний хугацаа дуусаагүй, өнгө үзэмж сайтай, шинэ байхыг шаарддаг. Агаар бохирдуулахгүй байх нь гол шалгуур. Такси өдөрт 300-400 мянган км зам туулдаг тул хуучирсан таксиг нийтийн хэрэглээнээс шахахын сацуу чанар сайтай түлш, бензин шатахуун хэрэглэх бодлого баримталдаг. Агаарын бохирдлыг бууруулахын зэрэщээ өдрөөс өдөрт тоо нь үржиж буй автомашинаас улбаатай замын түгжрэлийг утаатай тэмцэх ажилтайгаа хамтатган шийдэж байгаа нь нэг сумаар хоёр туулай буудахын жишээ юм.


Бээжин гэлтгүй Хятадын олонхи хотод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Хаа саагүй сүндэрлэх их барилгуудыг барих явцад үүсч буй тоосонцор агаарын бохирдолд ихээхэн хор уршиг үзүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс барилгын ажлыг гаднах орчноос тусгаарласан битүүмжилсэн орчинд явуулахаас гадна сул шороог түр хугацаагаар хатуу хучилттай болгож чийгшүүлж зүлэгжүүлсний дараа барилга барих зөвшөөрөл олгодог.

Мөн барьж буй барилга байгууламжаас гадагш гарахын өмнө машины дугуйг заавал угааж цэвэрлэсэн байх шаардлага тавьдаг. Эс биелүүлбэл хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна.

Үүгээр ч зогсохгүй Хими цэвэрлэгээ, хувцас угаах газрын үйл ажиллагааг хүртэл агаар бохирдуулдаг гэж үздэг тул тодорхой стандарт шаардлага тавьсны үндсэн дээр ажиллах зөвшөөрөл олгодог гээд агаарын бохирдол үүсгэгч зүйл бүрийг нарийвчлан авч үздэгээрээ Бээжингийн засаг захиргаанаас хэрэгжүүлж буй бодлого онцлог юм.

Мөн Бээжингийн бас нэгэн авууштай чанар бол агаарын бохирдол дээд цэгтэй хүрсэн үед зарим үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоох хүртэл арга хэмжээ авдаг байна.

Түүнчлэн сүүлийн үед тус улсын аж ахуйн нэгж, компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлах явдал сайжирч агаарын бохирдлоос ангижрах талаар нийтийн хөдөлгөөн өрнүүлж, агаарын бохирдлыг бууруулах санд хандив өргөх нь өргөжжээ. Орлогынхоо тодорхой хэмжээг энэ санд хандивлах нь тус улсын аж ахуйн нэгжүүдийн хувьд хэвшмэл зүйл болсон байна.

АЛБАН ХААГЧИД АГААРЫН БОХИДЛЫН ТАЛААР САЙН САНААЧЛАГА ГАРГАХГҮЙ БОЛ ТУШААЛ БУУРНА

Хятад улс 660 орчим хоттойгийн дотор агаарын бохирдлоосоо салж чадсан хот олон бий. Тухайлбал, Фузянь мужийн Сямэн хот цэвэр агаартай цэмцгэр байдлаараа дөрөвдүгээрт шалгарсан хотын нэг. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бүрэн хяналтдаа авсны гол үр дүн нь химийн ямар элементээс агаар бохирдож байгааг нарийвчлан судлаад түүнд тохирсон арга хэмжээ чадсаных аж. Агаарын бохирдол юунаас болж үүсч буйд ул суурьтай судалгаа хийн бохирдлын гарал үүсэл, бүтэц, хувь хэмжээг тооцож гаргаснаар үйлдвэрлэл, аж ахуй, барилга байгууламж, нийтийн тээврийн хэрэгслийн бохирдлын хувь хэмжээг ялгаж салгасан байна. Энэ нь агаарын бохирдлын талаар шат дараалсан цуврал арга хэмжээ хэрэгжүүлэхэд тулгуур хүчин зүйл болдог. 

Мөн хөрсний болон агаар мандлын бохирдлын зааг ялгааг гаргаж эрчим хүчний жижиг, дунд үйлдвэрүүдийг бүрмөсөн хааж дөрвөн компанид үйл ажиллагаа явуулах эрх олгосноор цахилгаан станц, аж үйлдвэрээс ялгарах утааны асуудлыг амархан шийдэж чадсан байна. Сямэн хотод 15 минут тутамд зүлэгжүүлэлт, ногоон байгууламжтай таарах бөгөөд агаарын бохирдлыг дорвитой бууруулахад идэвх зүтгэл гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулдаг. Хэрвээ тухайн албан хаагч агаарын бохирдлын талаар идэвх санаачлагатай ажиллаагүи нь албан тушаалын зэрэг дэв бууруулах шалтгаан болдог. LED технологийг гудамжны гэрэлтүүлэг, цахилгаан эх үүсвэрт ашиглахаас гадна байшингийн дээврийг зүлэгжүүлэх ажил хийж байгаа нь агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулж байгаа юм.


Мөн үйлдвэрлэлийн бүсэд ганцхан уурын зуух ажиллуулах шаардлага тавьж, хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тусгайлсан журам мөрддөг. Түүнчлэн агаарын бохирдолтой тэмцэх, иргэдэд мэдлэг олгох ажил бүр бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахаас эхэлдэг. Иргэн бүр агаарын бохирдлын талаар тодорхой мэдлэгтэй учраас төр засгаас явуулж буй арга хэмжээнүүдийн үр дүн нааштай болдог байна. Бохирдуулагч субъектэд ч мөн өндөр торгууль ногдуулдаг тул хууль тогтоомж зөрчигдөх явдал цөөн аж.

Ийнхүү жижиг гэж голохгүй, том гэж дөвийлгөхгүй хэрэгжүүлж л чадвал агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажлууд жижигддэггүйг Бээжин, Сямэн хотуудын жор харуулж байна. Туршлагыг сонсох нэг хэрэг, харин ажил хэрэг болгох л хамгийн чухал билээ. 

О.Туяа

Эх сурвалж: ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.179.29.82) 2017 оны 01 сарын 10

наад яриад байгаа англи, хятад чинь баян улсууд, мөнгө гаргаад орон сууцжуулж чадаж байна. манайд бол эсрэгээрээ дээдсүүд нь өөрсдөө идэж ууж, хэдэн мөнгө угааж, саахаа бодохоос биш, ард олноо бодсон нэг ч төрийн түшээ байхгүй. одоо тэр шөнийн цахилгааныг үнэгүй болголоо гээд утаа шинэгрч байна уу?? үгүй л байхгүй юу? бүгдийг орон сууцжуулж чадахгүй юм чинь эхний ээлжинд хотод ойр гэр хороололыг төвийн халаалтад холбож өгөх хэрэгтэй.

0  |  0
лорх(111.220.94.70) 2017 оны 01 сарын 10

Одоо утаа гаргаж УБ-ын олон хүнийг өвчтөн болгосон гэр хорооллынхныг нутагт нь буцаа. Тэгвэл чамайг Бат Үүлийн ижил баатар болгое.МУ-ын хүн амын тал хувийн амь нас, эрүүл мэндийн төлөө зоримог алхам хийх цаг болсон.Тодорхой хийсэн ажилгүй хулгай зэлгийгээр УБ-т аж төрж буй олон мянган өрх айл байна. Эд нар бол наанаа хүн арайтай цаанаа хүн алж хордуулж ирсэн алчуурчид. Хүн санаатай алсан гэмтнийг яаж шийтгэдэг билээ. тийм зүйл ангиар авахад огт буруудах юм үгүй. Тэднийг 2-р сараас өмнө шилжүүл. 1.4 сая хүний эрүүл мэндийн төлөө бүхнийг хийх ёстой.

0  |  0
иргэн(122.201.21.154) 2017 оны 01 сарын 10

Наад улс орнуудын чинь байгал цаг уур,байршил гээд олон зүйлээрээ Баас ялгаатай биз дээ_Гадны туршлага хуулаад үр дүнд хүрэх юу л бол,Тэгээд утаагүй зуух,утаагүй түлш, цахилгааны үнийн хөнгөлөлт гэж хэн нэгний хармаанд мөнгө хийсэн үр дүнгүй зүйлээр хөөцөлдөөд утөөгүй болно гэж үлгэр Зүгэр л гэр хороололыг орон сууцжуулах,гэр хороололыг нүүлгэж сууршилын шинэ бүс бии болгох,хотруух нүүдэлийг сааруулах эдгээрт төр төмөр нүүрээ хөруул,хүчиндэх л хэрэгтэйдээ.Энэ дээр хүний эрх гэж орилох хэрэгүй

0  |  0
Top