ДАРХАН-УУЛ: Футзалны “Үндэсний цом-2017” тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 10

Монгол Улсын 21 аймгийн аварга шалгаруулах Футзалны “Үндэсний цом-2017” тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбооноос томилогдсон комисс удирдан энэ сарын 15-22-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион явуулахаар болжээ. Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбаттай уулзаж, хэд хэдэн асуудлыг ярилцан шийдвэрлэжээ. Тодруулбал, аймгийн Засаг даргын захирамж гаргуулах, 21-н аймгаас ирэх тамирчид болон албаны 300-н хүнийг долоон хоног байлгах байр, хэвлэл мэдээллээр сурталчлах гэсэн асуудлыг эхний ээлжид шийдвэрлэн холбогдох арга хэмжээг авахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Монголын хөл бөмбөгийн холбооны Футзалны “Үндэсний цом 2017” тэмцээнд 21-н аймгийн баг тамирчид оролцох бөгөөд холимог системээр явагдаж аваргаа тодруулах ажээ. Тэмцээнийг зохион явуулснаар аймгуудын шигшээ багуудын дунд спортын өрсөлдөөнийг бий болгохын хамт тухайн аймаг орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэж, хөлбөмбөгийн баг тамирчдаа дэмждэг нөхөрсөг харилцааг бий болгоход гол зорилго нь оршиж байгаа юм байна.

Дашрамд сонирхуулахад Дархан-Уул аймагт энэ онд Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр буюу 100 мянган долларын хөрөнгө оруулалтаар 20х40 хэмжээтэй хөлбөмбөгийн мини талбай байгуулахаар болсон билээ. 

О.Анир

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top