“Оюу толгой” ХХК-ийн худалдан авалтын менежер Б.Сэржмаа гадны компаниудтай холбоотой юм биш биз

2017 оны 01 сарын 11

“Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг АТГ-аар шалгуулах хүсэлтэй иргэд манай сайтад хандсан юм. Тэд Б.Сэржмаа нь “Оюу толгой” компанид ханган нийлүүлэх ажлыг тендергүйгээр гэрээлж байна гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Б.Сэржмаа нь “Оюу толгой” ХХК-д 10 сая долларын 3000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг 2016 оны 11 дүгээр сард Сингапурын “Мэргэн чадвар” хэмээх компанид тендергүйгээр өгсөн гэх. 

“Оюу толгой”-н Хангамжийн хэлтэс нь “Монгол Улсад тогтвортой, чанарын шаардлага хангасан, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжин хөгжүүлэх, Монгол Улсад өрсөлдөх чадвартай, чадварлаг ханган нийлүүлэлтийн салбарыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эдгээр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд болон эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хувьд дэлхийн жишигт нийцсэн гүйцэтгэл, удирдлагыг бий болгох “Оюу толгой”-н зорилттой нийцсэн үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилготой” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн ч Монголын компаниудад энэ эрх хаалттай байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

“Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн ажилтан С.Сайнсүрэн нэгэнтээ “Манайх үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэгчийг хөгжүүлэх тусгай бодлогуудыг хэрэгжүүлж ажилладаг. Энэхүү бодлогын дагуу Өмнөговийн болон үндэсний ханган нийлүүлэгчдийг тендерийн техникийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд гадаадын ангиллын ханган нийлүүлэгчээс илүү давуу эрхтэйгээр сонгохыг зүйлчлэн заасан байдаг бөгөөд үүний дагуу худалдан авалтын үйл ажиллагаа явагдаж байгаа” хэмээн ярьсан ч энэ нь бодит байдал дээр өөр байж таарлаа. 

Түүнчлэн мэргэжилтэн Б.Сэржмаа нь “Global welding” гэх компанид ч мөн бараа нийлүүлэх эрхийг олгосон талаар эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй “Оюу толгой” ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ хийгээд ажиллаж байгаа Монголын компанийн бүтээгдэхүүнийг давхар гадны компани нийлүүлж буй тохиолдол ч гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын компани нийлүүлэхээр гэрээ байгуулсан ч гадны компани үүнийг нь давхар нийлүүлж байна гэсэн үг. 

"Мэргэн чадвар”  буюу “SLS” компани нь 1963 онд Сингапурт үүсгэн байгуулагдсан бөгөөд  “SLS bearings Mongolia” буюу “Мэргэн чадвар” ХХК хэмээх нэрээр 2013 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 

Эх сурвалж: top.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top