Цэргийн тоо бүртгэл 40 гаруй хувьтай байна

2017 оны 01 сарын 11

Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн явц, зохион байгуулалт ямар байгаатай нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдөр танилцлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 4-20-ны хооронд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд эрэгтэйчүүд 18-50, бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалттай байдаг.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Даваарагчаа “Манай дүүргийн хувьд цэргийн бүртгэлийн ажил хэвийн хэмжээнд явагдаж байна. Эхний долоо хоногийн байдлаар нийт бүртгүүлэх хүмүүсийн 40 гаруй хувь нь хамрагдаад байна. Үлдсэн хугацаанд бүрэн хамрагдах боломж бий гэж харж байна” хэмээлээ.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа “Энэ жил Батлан хамгаалахын багц хууль шинээр батлагдсан. Шинэ хуулийнхаа дагуу цэргийн тоо бүртгэлийн ажлаа явуулж байна. Манай дүүргийн хувьд бүртгэлийн ажил 50 орчим хувьтай байна. Иргэд тэр дундаа залуусын оролцоо өмнөх жилүүдээс өссөн, идэвхитэй байгаа нь ажиглагдаж байна” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Энэ удаагийн цэргийн тоо бүртгэлийн ажлын хүрээнд тодорхой зорилтуудыг тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тоо бүртгэлд хамрагдах ёстой иргэдийн 41.7 хувь нь хамрагдаад байна. Бүртгэлийн ажил нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд энэ сарын 20-ныг хүртэл бүх өдөр ажиллаж, иргэдийг хүлээн авна. Өнгөрсөн онуудад санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүсийг энэ жил ямар нэгэн торгууль, захиргааны арга хэмжээ авахгүйгээр бүртгэхээр болсон” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top